• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 2020 гэхэд ядуурлыг бүрэн арилгахаа зарлалаа

CRI       (GMT+08:00) 2015-07-03 09:02:20

Хятадын Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албанаас мэдээлж байгаагаар бол Хятад улс 70 сая ядуу иргэнтэй. Хятад улсад мөрдөгдөж байгаа стандартаар бол жилийн орлого нь 2300 юань, өдрийн орлого нь 6.3 юань иргэдийг амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэн гэж тооцдог. 2020 он гэхэд Хятад улс ядуурлыг бүрэн устгана гэж саяхан Бээжинд болсон Дэлхийн бодлогын хүрээлэнгийн дөрөвдэх чуулганы үеэр Хятадын албаныхан танилцуулсан юм.

Хятадын Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албаны дарга Лю Юнфү ярихдаа, "Өнгөрсөн жил бид бүх Хятадын хэмжээнд ядуу иргэдийг бодитоор тодлох ажил өрнүүлсэн. Ингээд ядуу сум, ядуу тосгон, ядуу иргэн бүрт хавтаст материал үүсгэж, ядуурлын шалтгаан зэрэгт нь нарийн анализ хийсний дүнд ядуурлаас гаргах арга замыг нь тодорхойлж, тусгай хөтөлбөр боловсруулан, тэтгэмжийг шаардлагатай газар нь оновчтой хүртээх асуудлыг онцолсон. Хятад улс ядуурлыг арилгах хэд хэдэн төрлийн бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, ядуу иргэдийн үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг дэмжинэ, хөгжих боломжтой газар оронд нь нүүлгэн суурьшуулна, амьдралын баталгаанд нь зориулж тэтгэмж олгоно, эм эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгоно" гэлээ.

2015 он бол Хятад улс 12 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусгах жил. Тиймээс энэ онд 10-аас дээш сая ядуу иргэний амьжиргааг дээшлүүлэх, улмаар 13 дугаар таван жилийн дотор үлдсэн 60 сая иргэнийг ядуурлаас гаргахыг зорьж байгаа юм. Үүний тулд ядуу бүс нутагт хөрөнгө оруулж, бодлогын дэмжлэг үзүүлэх замаар тухайн бүс нутгийн өөрийгөө хөгжүүлэх чадварыг нь дээшлүүлэх, түүнээс гадна ядуу иргэдэд туслах тогтолцооны механизмыг сайжруулах шаардалатай байгааг Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн орлогч дарга Не Жэнбан үзэж байна. Тэрээр, "Ядуу бүс нутаг дахь хувийн өмчийн хоршоолол, хамтралын тогтолцоог дэмжих, малчин тариаланчдад газраа барьцаалж зээл авах боломж олгох, хуучин үйлдвэр, орон сууцны газар талбайг чөлөөлж тариалан эрхлэгчдэд үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Ядуу иргэн, ядуу тосгонд туслахдаа тэтгэмжийг зөв цэгт нь төвлөрүүлэх, тогтолцооны механизмыг сайжруулах шаардлага байсаар байна. Бүх нийтийн хүчийг хөдөлгөж чадвал ядуурлыг арилгах том боломж бий болно" гэсэн юм.

1978 онд 300 сая ядуу иргэнтэй байсан Хятад улс ядуу иргэдийнхээ тоог 70 сая болтол бууруулж чаджээ. Энэ бүхэн Хятадын эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой. Иргэн бүрийг баян чинээлэг болгоно гэсэн Хятадын үндэсний стратеги дэлхийн хөгжиж буй бусад улс оронд ч эерэг жишээ болж байна.
Бэлтгэсэн. Э.Эрдэнэсувд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе