|
|
||
Бразил улс дэлхийн кофе үйлдвэрлэгч, кофе экспортлогч хамгийн том орон. Бразилын кофены экспортын 80 хувийг тус улсын Сантос боомт хотоор дамжин тээвэрлэдэг. Кофе энэ хотын уламжлалт түүх соёлын чухал элемент төдийгүй хотын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг онцгой бүтээгдэхүүн. Сантост 20-р зууны эхээр баригдсан Барокко загварын барилгуудтай гудам бий. Кофены музей, зуун жилийн түүхтэй кофе шоп, кофе хадгалах агуулах гээд энэ гудамд үзэж харах зүйл олон. Сантосын кофений наадам яг энэ гудманд болсон юм.
Наадмын үеэр зуу гаруй жилийн түүхтэй "Кофены хаант улс" кофе шопын эзэн Витор Мори явуулын жуулчдад өөрийн гараар кофе чанаж өгч үйлчилж байлаа. Витор Мори, энэ кофе шопыг эрхэлж байгаа дөрөвдэх үеийн хүн. Тэрээр, "Манай удмынхан энд амьдраад яг 103 жил болж байна. Энэ кофе шопыг миний өвөөгийн үеэл ах анхлан байгуулж ажиллуулсан гэдэг юм. Түүний дараа миний өвөө, дараа нь миний аав өвлөн ажиллуулж байсан. Би дөрөв дэх үе нь. Би өөрөө кофенд нугасгүй дуртай хүн л дээ. Бас кофе үйлдвэрлэх, боловсруулах тоног төхөөрөмж нэлээд сонирхож судалдаг" гэлээ.
Кофены үүх түүхийн талаар илүү их мэдэхийг хүсвэл кофены музейг заавал үзэх хэрэгтэй. Музейд зуун жилийн өмнөх Бразил кофены худалдаа, кофены соёлыг дэлгэн үзүүлэхийг зорьжээ. Кофены наадмын үеэр мэргэжлийн бариста нар кофе чанах энгийн аргуудыг жуулчдад зааж өгч байсан нь бас нэгэн онцгой зүйл байв. Австралийн жуулчин Петер кофенд дурлагч. Тэр дөнгөж чанасан халуун кофегоо амсуутаа л бразил кофег шагшиж гарлаа:
"Ёстой сонирхолтой санагдлаа. Кофены амт ч гайхалтай байна. Би кофе уух дуртай л даа, ер нь хагас Бразил хүн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Бразил - миний сэтгэлийг эзэмдсэн орон."
Түүнчлэн тус гудамд кофены соёлтой холбоотой гар урлалын бүтээгдэхүүн, кофегоор урласан бүтээлүүд жуулчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан юм. Наадмын үеэр кофены орцтой саван, сонин хачин хэлбэртэй кофены аяга их зарагдсан юм байна.
Кофе экспортлогч дэлхийн хамгийн том боомт болох Сантос хот кофений наадмаа олон улсын аялал жуулчлалын брэнд болгохыг хүсэж байна. "Бид дэлхий дахинд бразил кофены амт үнэрийг дахин шинээр мэдрүүлэхийг хүсэж байна" гэж Сантос хотын аялал жуулчлалын газрын дарга Луйз Диас манай сурвалжлагчид бас ярьсан юм.
\Бэлтгэсэн: Алтан-Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |