• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөнбуйрын нүүдэлчдийн хөгжмийн наадмын эхлэл буюу галт тэргэн дэх хөгжмийн наадам

CRI       (GMT+08:00) 2015-08-14 16:42:24

Та галт тэргээр аялах дуртай юу? Яралзсан олон дугуйных нь жигдхэн хэмнэлд хөл ихтэй үймээнт хотын шуугиант бөгчим амьдралаас аажим аажмаар алсарч, цонхны цаана жирэлзэн өнгөрөх уул толгод, хээр тал, жижигхэн тосгодыг хараад, хэнд ч үл үзэгдэх цаг хугацааны аль нэгэн хонгилд түр ч болов амсхийх шиг ... Тийм нэг мэдрэмж танд төрж байсан уу?

11 вагонтой галт тэрэгний тусгай цуваа Бээжингээс Хөлөнбуйрыг чиглэн хөдөллөө. Нас хүйс, улс үндэстэн, шашин шүтлэг, эрхэлдэг ажил, амьдардаг газар нь харилцан адилгүй, өөр хоорондоо танил бус 350 зорчигч. Хил хязгааргүй эрх чөлөөт мэдрэмж, дуу хөгжимд дурласан сэтгэл нь л тэднийг энэ аялалд урин дууджээ. Сонирхолтой нь хөдөө хээр, тал нутагт анх удаа очих гэж байгаа аялагч маш олон байлаа.

Тайваний залуу хамтлаг Марти Бандийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ аялалд нэгджээ. "Тал нутагт адуу, хонь элбэг байдаг байх, манай Тайваньд өргөн уудам тал нутаг гэж байхгүй л дээ" гэж тэд ярьж байна. Марти Бандтай хамт Америкийн дуучин Кристиан Вэльш бас иржээ. "Хотын амьдрал хаалттай, дарамт ихтэй санагддаг. Тал нутагт эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, дураараа байж болох байх гэж найдаж байна" гэж Кристиан ярьсан юм. Хөгжмийн галт тэргэнд Марти Банд, Кристиан Вэльш шиг залуу хамтлаг дуучид олон явж байлаа. Тэдний нэг нь Хирөүд хамтлаг.

Хирөүд хамтлагийн гоцлол дуучин Судар Хайлаарын Их сургуулийн дуулаачийн хоёрдугаар курсын оюутан. Найз залуу Ариунбат нь Хөлөнбуйрын Хань хамтлагийн хөөмийч. Тэд монгол үндэстний соёл урлагтаа хайртай, дэлхий дахинд түгээнэ ээ гэж хүсдэг. Тэднийг галт тэрэгний ресторанд тоглолт хийх бүр зорчигчид бүчин авч, уртын дуу, хөөмийний талаар элдэв сонин зүйл асууж шалгаана. Яаж хоолойгоороо нэгэн зэрэг хоёр ая дуугаргаад байгааг нь бүр гайхаж ядацгаана.

Манж дуучин Акшань, Баянхөхөө нар галт тэргэн дэх хөгжмийн наадмын бас нэгэн содон үзэгдэл нь яах аргагүй мөн. Хятадад 13 сая орчим манж хүн амьдардаг ч манж хэлээрээ ярьж чаддаг нь 100 хүрэхгүй. Нэгэн цагт мандан бадарч явсан түүхтэй манж үндэстний хойч үе эх хэл соёлоо өвлөн уламжлах ёстой гэж Акшань үздэг. Тэрээр хориод жилийн өмнө нутгийнхаа 82 настай багшаас манж хэлээ сурч, манж хэлээрээ дуулж эхэлжээ. Саяхнаас үндэс угсаа нэгтэй дуучин Баянхөхөөд манж хэл зааж, хамтдаа уран бүтээл туурвих болсон нь Акшаний бахархал юм.

Хөлөнбуйрын тал нутгийг зорьсон 2 өдөр, 2 шөнө, 40 цагийн урт аяллын турш хөгжмийн галт тэрэг дуу хуур, инээд хөөр тасрахгүй явлаа. Тэр тусмаа тал нутаг руу тэмүүлсэн газар газрын аялагчид монгол хөг аялгуунд хоолой нийлүүлэн дуулж байсан нь аяллын мартагдашгүй мөч байсан юм. Аялал үргэлжилсээр...
\Бэлтгэсэн: Эрдэнэсувд\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе