|
|
||
Роботуудын дэлхийн хөл бөмбөгийн цомын төлөөх тэмцээн саяхан Хятадын Аньхүй мужид боллоо. 19 дэх жилтэйгээ золгосон энэ тэмцээнд дэлхийн 47 улс орны залуу зохион бүтээгчдийн тамирчин роботууд оролцсон байна. Онцолж хэлэхэд, тэмцээний эцсийн зорилго нь 2050 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хүн төрлөхтний шилдэг багийг хожих роботуудын багийг бий болгох юм байна.
Олон улсын Робокапын холбооны ерөнхийлөгч Ицүки Нода тэмцээний үеэр хэлэхдээ, "18 жилийн өмнө тавьсан энэ зорилгодоо хүрэхэд төсөөлшгүй их бэрхшээл тулгарч байна, цаашид ч тулгарна. Гэхдээ бид заавал хийж чадна"гэлээ.
Энэ удаагийн тэмцээнд хөл бөмбөгчин роботууд довтлох, хамгаалах үүрэгтэй оролцжээ. Роботууд ухаалаг системтэй, нэгнийгээ ойлгох, багаар ажиллах чадвартай. Хоорондоо бас утасгүй сүлжээгээр харилцдаг. Зарим нь бүр хүн шиг хэлбэртэй, мэдрэмтгий, тоглолтын үеэр хэн нэгний удирдлагагүйгээр шийдвэр гаргах нэмэлт функцтэй юм байна.
Тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн Хятадын Жэжян Их Сургуулийн оюутан багийнхаа тамирчин роботуудын талаар ингэж ярьж байна.
"Багуудын роботууд ер нь л хүчтэй өрсөлдөж байсан даа. Гэхдээ манай роботуудын хувьд уян хатан хөдөлгөөнтэй, багийн ажиллагаа сайн, харааны систем нь бөмбөгийн байршлыг илүү зөв тодорхойлж байсан. Эхний тоглолтын үеэр роботууд маань нэлээд их будилсан ч дараагийн тоглолтондоо чамлахааргүй амжилт үзүүлсэн л дээ."
Тэмцээний үеэр хөл бөмбөгчин роботуудын тоглолтоос гадна үйлчилгээний роботуудын үзүүлбэр олны анхаарлыг татаж байлаа. Хятадын Робокапын холбооны тэргүүн, профессор Чэнь Сяопин манай сурвалжлагчид ингэж ярьсан юм.
"Робокап Дэлхийн цомын төлөөх 19 дэх тэмцээний шалгуурт хөдөлгөөн мэдрэх, байршил тогтоох гэсэн хоёр үзүүлэлтийг оруулж өгсөн. Ялангуяа талбайн шүүгч зэрэг үйлчилгээний роботуудыг үнэлэхдээ нүүр царай таних, хөдөлгөөн мэдрэх чадварыг түлхүү анхаарч байгаа. Ер нь энэ жилээс үйлчилгээний зориулалттай олон төрлийн робот туршилтын төвшнөөс гэр бүл, нийгмийн хэрэглээнд нэвтэрсэн нь ихээхэн онцлууштай. Цэвэрлэгч, үйлчлэгч, сувилагч, хоол хүргэгч гээд янз бүрийн робот хаа сайгүй л тааралдах болсныг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ."
Олон улсын Робокапын холбооны ерөнхийлөгч Ицүки Нодароботуудын судалгаа, цаашдын хөгжлийг тун ч өөдрөгөөр харж байна. Зохион бүтээгчид 2050 онд үнэхээр хүн төрөлхтний хамгийн шилдэг хөл бөмбөгчдийг хожихуйц роботуудыг бүтээж чадах эсэхийг одоо бид зөвхөн хүлээх л хэрэгтэй болж байна даа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |