|
|
||
Сүүлийн үед Хятад болон Англи улсын боловсролын өнөөгийн түвшин, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар нилээд шуугиан дэгдэх болсон. Энэ нь Английн хүүхдүүдэд "Хятад маягийн сургалт" явуулсан тухай баримтат киног ББС-гээр цацсанаасүүдэлтэй.
Тэр кинонд Хятадын багш нар Английн хүүхдүүдэд маш богино хугацаанд "Хятад маягийн сургалт" явуулж байгаа тухай өгүүлдэг. Киноны эхний ангийг ББС 8-р сарын 4-ний орой цацжээ. Энэ кинонд Хятадын дунд сургуулийн таван багш Английн Гэмпширийн ерөнхий боловсролын сургуульд уригдан очиж, тус сургуулийн хүүхдүүдэд "Хятад маягийн сургалт" явуулсан тухай өгүүлсэн байна. Тэд нэг сарын хугацаанд өглөө 7 цагт сургуульдаа ирж, Англи улсын далбааг мандуулж, биеийн тамирын дасгал хийсний дараа ангидаа орж ахуйн цэвэрлэгээ хийнэ. Тэгээд хичээлээ эхэлнэ. Үдийн хоолны цагийг оролцуулан оройн 19 цаг хүртэл ширээний ард сууж хичээллэнэ. Түүгээр ч зогсохгүй хичээл дээрээ өөр хоорондоо ярих юм уу шуугилдаж болохгүй.Зөвхөн багшийн ярьсныг хичээнгүйлэн сонсоно. Ийм хатуухан шаардлагатай хичээллэх аргыг Английн хүүхдүүдэд туршиж үзсэн байна.
Маш энгийн, чөлөөтэй орчинд сурч заншсан Англи хүүхдүүдэд энэ нь нилээд хатуухан сургалт болсон байж таарна. Мэдээжийн хэрэг... Тэдэнд бол хатуухан даваа. Өндөр шаардлага, дарамт ихтэй Хятад сургалтад зохицож хичээллэнэ гэдэг тийм ч амар юм биш.....Киноноос харахад зарим сурагч нь багшдаа загнуулж нулимс унагааж байсан удаатай. Хятад багш нарын хувьд ч ялгаагүй, хүлээн зөвшөөрч чадахааргүй олон бэрхшээл тулгарсан... Англи хүүхдүүдийн сургууль дээрээ дэндүү эрх чөлөөтэй, замбараагүй байдаг нь Хятад багш нарыг бүр мухардалд оруулж, бухимдуулж харагдсан. Ямар аргаа барахдаа тэд английн сурагчдыг хичээл зүтгэлээр дутмаг, сахилгагүй гэж үнэлэхэв....
Энэ киног ББС хараахан цацаж эхлээгүй байхад Английн хэвлэлүүдээр "Хятадын сургалт"-ын талаар мэдээлэл цацагдаж, шуугиан дэгдэж эхэлсэн байна. Английн тухайн дунд сургуулийн захирал Нейл Хятадын сургалтын арга барилыг дэмжихгүй байгаагаа нуулгүй хэлсэн байна. Тэрээр:"Манай хүүхдүүд Хятадын багш нарын хэлсэнчлэн тийм залхуу хойрго, сахилагагүй биш. Харин ч Хятадын сургалт "Нэг хэвийн, хэвшмэл бөгөөд ямарч заах арга зүйгүй, сонирхолгүй байна" гэж ярисан байна.
Захирал Нейл сурагчдаа өмгөөлж байсан ч Английн зарим сүлжээ ашиглагчид Хятадын багш нарын үнэлэмжийг дэмжсэн байна. Жишээлэхэд: Нука гэх нэгэн сүлжээ ашиглагч нийтийн цахим хэвлэлээр: "Үнэндээ бол Английн багш нар багшийн шинжгүй, сурагчид нь сурагчийн шинжгүй. Энэ бүхэнд Английн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой" гэж бичсэн байна.
Харин Хятадын багш нар Английн сурагчдын тийм эрх чөлөөтэй, замбараагүй байдлыг Английн нийгмийн тогтолцоотой шууд холбон ярьж байсан байна. Хятадын Вэй овогтой нэгэн багшийн хэлснээр: "Английн хүүхдүүд сургуулиа төгсөөд ажилд орохгүй байлаа ч Төр засгаас нь нөхөн олговор өгдөг. Тиймээс тэдэнд амьдралын ямар ч дарамт байхгүй. Харин Хятад хүүхдүүдийн хувьд өөр. Тэд маш их хичээж, бүх хүчээ дайчлан сурч гэмээнэ ажил төрөлтэй болж, цалин авч амьдралаа залгуулах болно. Үүнийг Хятад хүүхэд бүр маш сайн ухамсарлан ойлгосон байдаг" гэлээ.
Энэ бүхэн яахын аргагүй хоёр орны сургалтын арга барилын ялгаатай талыг харуулж байгаа юм. Хятадын ОУР-гийн сэтгүүлч Хятадын 21-р зууны боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал Ян Дүнпинтэй ярилцсан байна. Түүний үзэж байгаагаар: "Хоёр улсын эрс тэс зөрүүтэй сургалтын арга барил нь ижил бус соёлын ахуй байдалд тулгуурладаг. Тиймээс тэр хэвээр нь хуулбарлана гэдэг бодит байдалтай уялдахгүй" гэсэн байна. "Хятад улс өндөр шаардлагатай сургалт явуулдаг. Харин барууныхан бол нилээд чөлөөтэй, нээлттэй, сурагчдын хүсэл сонирхлыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулдаг. Боловсрол гэдэг мөн чанартаа соёл юм. Улс орон бүр өөр өөрийн гэсэн соёл, уламжлалтай. Энэ ч үүднээс боловсролын зарим шинэлэг арга туршлагыг тэр хэвээр нь буулган авч хэрэгжүүлнэ гэдэг төвөгтэй асуудал" гэж захирал Ян Дүнпин ярилаа.
Түүний ярьсан "Зарим шинэлэгарга туршлага" гэснийг дэлгэрүүлж яривал: "Хятад сурагчдын математикийн түвшин барууны орнуудын боловсролын салбарынхны анхаарлыг ихэд татах болсон. Сүүлийн үеийн судалгаагаар Шанхайн дунд сургуулийн хүүхдүүдийн математик, уншилт болон шинжлэх ухааны чадавх нь дэлхийд тэргүүлж байгааг бодит баримтаар харуулжээ. Математикийн хувьд: Хятадын 15 настай хүүхдийн мэдлэгийн түвшин Английн 18 настай хүүхдийнхтэй ижил түвшинд байна. Үүний шалтгаан нь Хятадад "хатуу сургалт" явагддаг. Хүүхдүүдийг ямар ч хоцрогдолгүй, ижил түвшинд авч явахыг хичээдэг" гэсэн байна. Тэрээр мөн "Хятадын сургалт хүүхдийн мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн хэдий ч олноос онцгой, хэт авьяас билэгтэй хүүхдийг хүмүүжүүлэхэд тохиромжгүй" гэсэн байна: "Нобелийн шагнал хүртэж байсан Хятадын нэрт эрдэмтэн Ян Жэньнин: Хятад маягийн сургалт маш чанга хатуу байдаг. Энэ нь ихэнх хүүхдийн ерөнхий боловсролын мэдлэгийн түвшинг тодорхой хэмжээнд дээшлүүлэхэд ашигтай ч шилдэг боловсон хүчинг хүмүүжүүлэхэд хор нөлөөтэй гэсэн юм. Би хувьдаа энэ үзлийг дэмждэг. Манай сурагчид олон улсын оюуны тэмцээнд маш өндөр амжилт үзүүлдэг. Америкийг ч хол орхисон. Гэвч бид гарамгай авьяастныг хүмүүжүүлэх талаар туршлага багатай байна. Харин Америкийн хувьд Хятад улстай яг эсрэг. Тэдний сургуулийн хүүхдүүдийн мэдлэгийн түвшин дэлхийн дундаж түвшнөөс ч догуур хэрнээ шилдэг, чадварлаг хүмүүсийг ихээр бэлтгэж чадсан" гэж тэрээр ярилаа.
Өдгөө Хятад улсад "Хүн төвтэй", "Бодгаль хөгжил" гэх үгнүүд ихээр яригдах болсон. Хятадын боловсролын салбарт ч үүнтэй зэрэгцэн нилээд өөрчлөлт гарч байгаа юм. Тухайлбал сурагчдын мэдлэгийн шинжтэй хичээлийн төрлийг багасгаж, чадавхыг нэмэгдүүлэхийг чухалчлах болсон байна.
\Бэлтгэсэн: Алтаннавч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |