• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Африкийн хамгийн эртний уугуул иргэд, элсэн цөлийн анчид орчин цагийн хотын амьдралд төөрөлдөх болов уу?

CRI       (GMT+08:00) 2015-09-17 11:15:28

Африкийн өмнөд хэсгийн Ботсвана улсын Калахарын элсэн цөл, ган хуурай, энгүй их цөл газар. Энэ бол өмнөд африкчуудын өвөг дээдэс болох бушмечуудын үе дамжин амьдарч ирсэн ариун дагшин нутаг юм. Бушменчууд шар арьстай, намхандуу, хацрынх нь яс нь өндөр, онигордуу нүдтэй.

"Загас усандаа" гэдэгчлэн "Бушменчууд элсэндээ" гэж хэлэхэд буруудах зүйлгүй байх. Элсэн цөлийн эзэн нь болж заяасан тэд эгэл жирийн мөртлөө эртний нууцлаг угсаатан. Тэд соёлын мөр хөөгөөгүй ч ургамал судлаач, гарамгай эмч, хашир анчин гээд олон мэргэжилд суралцсан хүмүүс. Амьдралын эрхээр тэд хот газар бараадан өдгөө нутгийнхаа эзэн нь бус харин хотын хүмүүсийн "хаяаг сахигчид" болон хувирчээ...Тэдний элсэн цөлд зохицон амьдрах нууц жор нь юу байсан бол? Балар эртний нэгэн угсаатан шинэ нийгэмтэй хэр хөл нийлүүлэн амьдарч байгаа бол? Энэ тухай танд Хятадын ОУР-гийн Ботсвана дахь сэтгүүлч Лю Чаний сурвалжилсан тэмдэглэлээс хүргэхээр бэлтгэлээ.


Ам бүл гурвуулаа

Манай эриний өмнөх 15 мянган жилийн тэртээ бушменчууд Африкийн өмнөд хэсэгт амьдарч байжээ. Тэд Африк тивийн хамгийн эртний уугуул иргэд. 15-р зууны үеэр барууны колоний түрэмгийлэл, алан хядлагын улмаас бушменчуудын хүн амын тоо ихээр хорогдож, цөөн тооны хүмүүс л Калахарын элсэн цөлд амь зуун үлдсэн гэдэг. Харин өнгөрсөн зууны 90-ээд онд Ботсванагийн засгийн газар ан агнуурын хориг тавьснаар бушменчууд аргагүйн эрхэнд элсэн цөлөөсөө нүүн гарч цөлийнхөө хаяаг бараадах болжээ. Ганзи бол бушменчуудын төвлөрөн суурьшсан газар. Бушменчуудыг сурвалжлах гэж мухар эрэлд мордсон сурвалжлагч миний бие арай гэж Ганзийн нэгэн жуулчдын хөтчийн тусламжтайгаар нэгэн бушмен гэр бүлтэй уулзсан юм.

Хөтөч Доглас Зимбабвегийн иргэн. Тэрээр бушменчуудтай байнга харилцдаг тул тэдний үг хэлийг сайн мэддэг нэгэн байлаа. Доглас тэд нартай уулзангуутаа л бушменчуудын хэлээр харилцан мэндчилж байгаа нь энэ юм. Тэд өвсөн овоохойдоо ам бүл гурвуулаа амьдардаг. Нөхрийг нь Нхатшау, гэргийг нь Кеайтхаола гэдэг. Араатны арьс нөмөрч, хөл нүцгэн явна. Тэгээд бас тэмээн хяруулын өндөгний хальсаар урласан сондор зүүсэн байлаа. Хэдийгээр 30 гаруй насны залуухан гэр бүл боловч наснаасаа эрт өтөлсөн нь илэрхий харагдана.


Тэмээн хяруулын өндөгний хальсаар сондор урлаж байгаа нь

Намайг очих үед тэд гурвуул газар оцойн суугаад тэмээн хяруулын өндөгний хальс янзалж байлаа. Энэ бол тэр дуу чимээ. Тэмээн хяруулын өндөг гөлгөр, цагаан, бөх тул гоёл чимэглэл хийх гол түүхий эд нь болдог байна. Тэмээн хяруулын өндөгний хальсаар бид зөвхөн гоёлын зүйлс хийх бус, түүнд бас ус хадгалж болдог" гэж Нхатсхау ярьж байна. Ингээд түүний яриаг үргэлжлүүлэн сонсоё.

"Гантай улиралд элсэн цөлд ус маш ихээр ховорддог. Бид тэмээн хяруулын өндөгний хальсанд борооны ус нөөцөлдөг юм. Тэмээн хяруулын өндөгний шингэнийг нь хальснаас нь салгаж, шингэг үнэрийг арилгана. Тэгээд борооны усыг тосож аваад модны доор булж орхино. Гантай үед гаргаад хэрэглэхээр ус шинэ хэвээрээ байдаг шүү."

Бушмен гэдэг үг тэдний өөрсдийн дуудлага биш, харин өрнийн колончлогчид тэднийг ингэж нэрлэжээ. Энэ нь ойн иргэд гэсэн утгатай бөгөөд цаана нь зэрлэг хүн гэсэн зэвүүцлийн өнгийг хадгалж байдаг гэнэ. Гэхдээ нөгөө утгаараа тэд байгальтай нягт харилцаатай гэснийг ч илтгэдэг. Бушменчууд ойн мод ургамлын алийг нь идэж болдог, аль нь эмийн ургамалд ордогыг андахгүй сайн мэднэ. Тэдний илрүүлсэн зарим өвс, ургамал аль хэдийн европын захад гарсан гэж хөтөч ярилаа.


Чихний өвчнийг анагаах эмийн ургамал

"Өрнийн эмч Калахарын элсэн цөлөөс Бушменчуудын илрүүлсэн "Чөтгөрийн хумс" гэдэг ургамалд лабораторийн шинжилгээ хийж үзэхэд тэр нь хүний өвчинг илааршуулж чадах увидастай болохыг бүрэн нотолсон байна. Одоо Европт энэ ургамлаар эм найруулж үе мөчний үрэвсэл болон ясны өвчинг эмчилж байна."

Бушменчууд ургамлын талаар маш нарийн мэдлэгтэй. Нхатсхаугийн гэргий Кеайтхаола газар доороос нэгэн улаан өнгөтэй өвсний иш гаргаж авснаа, бушман бүсгүйчүүд үүнийг жирэмслэхээс сэргийлэхэд хэрэглэдэг гэж ярьж байна.


Жирэмслэхээс сэргийлэхэд хэрэглэдэг улаан өнгөтэй ургамал

"Бөхөн энэ өвсийг идэх дуртай тул бид бөхөнгийн буурцаг гэж нэрлэдэг. Энэ буурцгийн иш жирэмслэхээс сэргийлэх үүрэгтэй. Бид ердөө хоёр л хүүхэд төрүүлдэг тул хоёрдахь хүүхдээ төрүүлсний дараа энэ өвсийг иддэг. Өдөрт хэдхэн ширхэгээр дараалан таван өдөр идвэл дахиад хүүхэд төрөх боломжгүй болдог."

Нхатсхау хүүгээрээ бас нэгэн өвсний үндэс малтуулснаа түүнийг эрчүүд тусгайлан хэрэглэдэг гэж танилцууллаа. Тэрээр ургамлын ишийг зажлахын зэрэгцээ ингэж ярьж байна.
"Үүнийг эрчүүд л иддэг. Анд гаргахдаа энэ өвсийг идвэл хүч тамир нөхөж, зэрлэг амьтныг өдрийн турш нэхэж гүйсэн ч ядарч цуцахыг мэддэггүй. Харин ч нэхэгдэж буй амьтны хүч тамир нь барагдаж, амархан олзлогддог юм."


Хүч тамир нөхдөг нэгэн төрлийн ургамал

Бушменчуудын ан агнах нь дэлхийд хосгүй гэлцдэг. Тэд мал маллахгүй, тариа тарихгүй, хэдэн мянган жилийн турш зөвхөн ан хийж л амьдрал ахуйгаа залгуулж иржээ. Бушменчууд нум сум хэрэглэхдээ гарамгай. Амьтны яс, модны мөчир зэргээр нум сум хийдэг. Сумныхаа үзүүрт мэдээ алдуулах эм түрхдэг. Үүнийг тэд ургамлын шүүс, хорт могой, авгалдай зэргээс гарган авдаг байна. Мэдээ алдуулах эмийн харьцааг маш нарийн тааруулдаг тул агнасан амьтны биед хор нь үлддэггүй гэнэ. Бушменчууд араатан агнах төдийгүй арслангийн идшийг ч булааж иддэг байна. Энэ тухай Нхатсхау юу гэж ярихыг сонсоцгооё.

"Бид ташуураа барин арслангийн ангийн замыг мөрдөн явсаар ойртож очмогцоо ташуураа хүчтэй дуугаргахад арслан үргэн явдаг. Тэгээд бид үргэсэн чөлөөнд нь гүйж очоод идшийг нь булаадаг юм."


мод өрөмдөн гал гаргаж байгаа нь

Бүрий тасрах үеэр Нхатсхау мод өрөмдөн гал гаргалаа. Тэрээр өөрийн ороосон тамхиа татаж хээрийн жимсээр нэрсэн архиа амтархан шимж сууна. Бүсгүй нь тогоо дүүрэн эрдэнэ шишийн зутан чанасан байлаа. Махгүй тул тэд цагаан хоол идэхээс өөр аргагүй болжээ. Элсэн нутгаа алдсан тэд өдгөө жуулчдад үзүүлбэр гарган карманы хэдэн мөнгө олж амьдралаа аргацааж сууна. Нхатсхау гэргий хүүхдээ дагуулан ойн дундуур орж алсрахыг хараад өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрөв. Урьдын хашир анчин одоогийн хотын амьдралд түүртэх болов уу?... тэдний өв их уламжлал, соёлыг орчин цагт хэрхэн хамгаалбал зохих вэ?...

\Бэлтгэсэн Алтаннавч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе