|
|
||
Зүүн Африкийн Масай Мара тал нутагт марафон гүйлтийн тэмцээн боллоо. Хээрийн амьтантай хамт гүйж, байгалийн тансаг үзэмжийг сонирхох нь энэ тэмцээний давтагдашгүй онцлог.
Кенийн Масай Мара тал нутагт болсон олон нийтийн ашиг тусын төлөөлөх марафон гүйлтийн тэмцээнд дэлхийн олон орны 800 гаруй тамирчин оролцсон юм. Энэ тэмцээн чухам ямар ид шидтэй байснаас энэ олон хүмүүсийг зүүн Африкийн тал нутагт соронзон мэт татаж чадсан вэ гэдгийг тэмцээнийг үүсгэн байгуулсан Жон Кончелла ингэж хэлж байна.
"Энд газар газрын хүмүүс өөрийн биеэр ирж хээрийн амьтантай ойр зайнаас харилцдаг. Энэ нь аяллын машин дээрээс харахтай бүрмөсөн өөр. Та тэдгээр амьтдын хамт гүйж, яг дэргэдээс нь сонирхож болох юм. Тэд гүйхийг чинь харвал ямар нэг эрсдэлээс зугтааж байна гэж бодоод чамтай хамт давхиж мэдэх юм. Хээрийн амьтантай хамт гүйх марафоны гайхамшгийг зөвхөн Масай Марад л мэдрэх боломжтой."
21 км-ын зайн Масай Мара марафон анх 2009 онд зохиогдсоноос өдгөө 7 дох жилдээ болж байна. Энэ нь олон нийтийн ашиг тусын төлөөх тэмцээн гэдэг утгаараа голдуу Масай Мара тал нутгийн экологийг хамгаалах, тухайн нутгийн уугуул иргэд масай үндэстэнд санхүүжилт босгох зорилготой юм. Өнгөрсөн зургаа удаагийн тэмцээнээр нийт 400 мянган ам доллар цуглуулсан бөгөөд үүгээрээ тухайн нутагт зуун сурагчийг хамрах хэмжээ бүхий эмэгтэйчүүдийн сургууль байгуулсан юм байна.
Кенид амьдраад жил гаруй болж байгаа Итали хүн Франциско машинаа унаж арваад цаг явж ирсэн юм байна. Тэрээр халамжийн үйлст дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байгаагаа бидэнд ярилаа.
"Ийм арга хэлбэрээр мөнгө цуглуулахыг би маш их сайшааж байна. Тэмцээнд оролцогсод биеэ дасгалжуулах төдийгүй нутгийн иргэдэд ашиг хүртээж байна. Энэ бол маш зөв арга хэмжээ гэж би хувиндаа боддог."
Дэлхийн марафон гүйлтийн өөр бусад тэмцээнүүдтэй харьцуулбал Масай Марад болж буй уг тэмцээн байгалийн давтагдашгүй давуу талтай ажээ. 8-р сард зэрлэг амьтад ихээр нүүдэг, энэ үеэр сая сая тахь, одос үхэрүүд Танзанийн Серенгети тал нутгаас Мара голыг гатлан өн шимлэг Масай Мара тал нутагт ирдэг байна.
Виллиам бол тухайн нутгийн масай үндэстэн. Тэрээр дөрөв дэх удаагаа марафон гүйлтийн тэмцээнд оролцож байгаа юм. Тэрээр ингэж ярилаа.
"Энд амьдарч байгаа хүмүүсийн хувьд гэж хэлэхэд тэмцээнд оролцох нь марафон гүйлт гэдэг нь юу вэ гэдгийг ойлгох боломжтой. Харин өөр улс орны үндэстнүүдийн хувьд тэд нар тэмцээнд оролцохын зэрэгцээ Масай Марагийн гоц сайхан байгалийн үзэмжийг сонирхох, мөн зэрлэг амьтадтай хамт гүйх нь байгалийн гайхамшгийг өөрийн биеэр мэдрэх бас нэгэн сайхан боломж болох юм."
Виллиам өнгөрсөн жилийн марафон гүйлтэд оролцож байхдаа арслантай тааралдсан хэдий ч айж сүрдэлгүйгээр тэмцээндээ амжилттай оролцсон байлаа. Гэвч хүн бүхэн түүн шиг эрэлхэг зоригтой байгаагүй, энэ жил анх удаагаа оролцож байгаа Угандагийн 29 настай залуу Исмайл харин нэг л тайван бус байлаа.
"Би санаа зовж байна л даа, махчин амьтны идэш болчихвол баларсан хэрэг болох нь. Арслан, ирвэс гэх мэтийн араатнууд нисэх мэт түргэн гүйдэг, хэрэв би гүйж байхдаа багаасаа хоцорчих юм бол тэр үед нь надад туслах хүн байдаг ч болов уу, үүнд би их санаа зовж байна."
Энэ жилийн тэмцээнд Шинэ Зеланд, Австрали, Америк, Англи, Хонконг зэрэг олон улс орон, бүс нутгийн 800 гаруй тамирчин оролцож, нийт 30 мянган ам долларын хандив цуглуулсан юм. Үүнийгээ уг тэмцээний зорилго ёсоор эмэгтэйчүүдийн сургуулийн бүтээн байгуулалтад үргэлжлэн зарцуулах юм байна.
\Бэлтгэсэн Алтаннавч \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |