|
|
||
Саяхан Бразилийн Токантинс мужийн Палмас хотод уугуул иргэдийн "Олимп" хэмээгдсэн Дэлхийн уугуул оршин суугчдын спортын анхдугаар наадам амжилттай болж өнгөрлөө. Энэ талаар манай радиогийн Бразилд суугаа сурвалжлагч Зэн-Юний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Дэлхийн уугуул иргэдийн спортын анхдугаар наадамд Бразилын уугуул 24 үндэстний болон дэлхийн 23 улс орон, бүс нутгийн уугуул оршин суугч 1800 гаруй тамирчин оролцжээ. Наадмын нээлтэд олон үндэстний тамирчид жагсаж, өвөрмөц дуу хөгжим, бүжгээ сонирхуулж, Бразилын уугуул үндэстний уламжлалт тэмцээн "мод үүрэн гүйх" үзүүлбэр үзүүлжээ. Бразилын уугуул оршин суугч бүсгүй Бразилын төрийн дууллыг өөрийн үндэстний хэлээр дуулсан нь Бразилын ард түмэн болон олон орны үзэгчдийг ихэд догдлуулсан юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун наадмын нээлтэд зориулж илгээсэн баярын захидалдаа, дэлхийн уугуул оршин суугчдын спортын анхдугаар наадам зохиож буй нь итгэмээргүй, гайхамшигтай үйл хэрэг юм. Наадам сайхан болохыг ерөөж, тамирчдад амжилт хүсье гэжээ.
Наадмын хөтөлбөрт 10 төрлийн тэмцээн, 7 янзын үзүүлбэр багтжээ. Сурын харваа, завины уралдаан, гүйлт, олс таталт зэрэг уламжлалт төрлөөс гадна эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөл бөмбөг, буухиа тэмцээн зэрэг өрнөдийн спортын төрлүүд, Рокра модны жимсээр бөмбөг болгон тоглох хоккей маягийн үзүүлбэр, хикунахити хэмээх бөмбөгийг толгойгоор мөргөж тоглох үзүүлбэр зэрэг сонирхолтой төрлүүд байлаа.
Хэдийгээр наадмын арга хэмжээг Бразилын спортын яам, Овог аймгуудын зөвлөл зохион байгуулсан ч, наадам хэдний өдөр эхлэх, яаж явагдах зэрэг бүх зохион байгуулалтыг овог аймгийн ахлагчдын заавраар хийжээ. Наадмын арга хэмжээнд сурвалжлагч орж болох эсэх, зураг дарж болох эсэхэд хүртэл овог аймгийн ахлагчид зөвшөөрөл өгч байлаа.
ХӨТ: Наадмыг зорьж ирсэн тамирчдын хувьд тэмцээний үр дүн төдий л чухал биш, харин дэлхийн уугуул оршин суугчдын соёлыг хамгаалах, хөгжүүлэх, олон орны уугуул иргэдийн хувь заяанд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах нь чухал байв. Шинэ Зеландын Маори үндэстний тамирчин Хайман Бравн хэлэхдээ, бид алс холоос энэ тэмцээнийг зорьж ирсэн нь бусад орны уугуул оршин суугчдын соёлыг ойлгох, суралцахын төлөө юм гэжээ.
Дэлхийн 5 тивийн 70 шахам улс оронд 5000 гаруй уугуул овог аймаг бий. Тэдний нийт хүн ам 370 сая. Тэд урт хугацааны турш гадуурхагдсан бөгөөд олон сая уугуул иргэдийн амьдрал ядуу, зарим нь соёл иргэншлээс тусгаарлагдаж, цөөнгүй овог аймгийн соёл устах хэмжээнд хүрчээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |