|
|
||
Саяхан ХАМОНХ-ноос бүх Хятадад анагаах ухааны чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудын дунд "Эрүүл амьдралын үндэс" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан юм. Уралдаанд 30 гаруй бүтээл ирүүлснээс Тяньжины Уламжлалт Анагаахын Их Сургуулийн 2 курсийн оюутан Д.Ичинхорлоо түрүүлж, Бээжингийн Уламжлалт Анагаах Ухааны Их Сургуулийн 5-курсийн оюутан Б.Мядагбадам удааллаа. Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг ХАМОНХ-ны эрдэм шинжилгээний алба манай радиогийн сэтгүүлч, зохиолчидтой хамтран шалгаруулсан юм. Ингээд уралдаанд шалгарсан хоёр бүтээлийг танилцуулъя.
Эрүүл амьдралын үндэс
Эрүүл амьдралын үндэс нь нөхцөл болзолгүй хайр юм...
Дорно дахины анагаах ухаанд хүнийг "бие, хэл, сэтгэлийн нэгдэл" хэмээн үздэг бөгөөд энэ гурван хүчин зүйл бие биедээ шүтэн барилдаж гадаад, дотоод өвчин үүсгэгч зүйлд дасан зохицох эсвэл хамгаалснаар хүний бие эрүүл оршдог гэж үздэг.
Сэтгэл нь нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүй бүхий л цаг хугацаанд оршин тогтнож чаддаг мөнхийн оршихуй бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрдэг байна. Хэл нь сэтгэлээс үүдсэн дотоод оршихуйг гадаад оршихуйтай холбон илэрхийлэгч нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй зүйл ба үгээр илэрдэг. Бие бол сэтгэл, хэл хоёрын нэгдэл бөгөөд нэг л өдөр үгүй болох түр хугацаанд оршин тогтнож чадах мөнхийн бус оршихуй ба үйлдлээр илэрдэг байна. Энэ гурван нэгдлийг пирамид хэмээн үлгэрлэвэл суурь нь сэтгэл, их бие нь хэл, орой нь бие бөгөөд хэдий чинээ сайн суурьтай байна төдий чинээ урт удаан хугацаанд бүрэн бүтэн оршин тогтноно.
Монгол улс төдийгүй дэлхий дахины хүн амын өвчлөлийн гол шалтгаан нь амьдралын буруу хэв маяг (зөв зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол), хүрээлэн буй орчин, эдийн засаг гэх мэт хүчин зүйлүүд голлох ба хувь хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх нь дэлхий дахины эрүүл мэндийн бодлого болж маш олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүн эрүүл амьдрахад улс орны хөгжил, эрүүл мэндийн салбарын хөгжил, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар голлох байр суурь эзлэнэ гэж үзэх нь өрөөсгөл дүгнэлт юм. Хувь хүний түвшинд авч үзэхэд өвчлөх, эс өвчлөх, эдгэх, эс эдгэх нь ихэнх тухайн хувь хүнээс шууд хамаардаг ба хүний эрүүл амьдрах үндэс нь хэн нэгнээс хараат бусаар өөрийн гарт байдаг.
Хэрхэн эрүүл амьдрах вэ? Би зөв амьдарч чадаж байна уу? Хэмээх асуултыг та эмчээс биш өөрөөсөө асууж хариултыг нь олсон цагт жинхэнэ эрүүл амьдрах арга барилаа олж чадна. Үүний тухайд нэгт та мөнх оршихуй болон мөнх бус оршихуйг ухаарч мэдрэх хэрэгтэй. Тантай мөнх орших магадгүй үхсэний дараа ч мөн чанарыг тань хадгалж чадах зүйл бол сэтгэл, оюун ухаан буюу таны дотоод оршихуй. Харин мөнх бус зүйлс таны энэ махан бие, нүдэнд харагдаж гарт баригдаж буй бүхий л зүйлс ба цаг ямагт хувирч өөрчлөгдөж үрэгдэж, хорогдож байдаг зүйлс.
Хүмүүс бидний алдаа бол мөнх бус зүйлийн төлөө энэ насны амьдралаа зориулдаг, жинхэнэ амьдралын утга учир, өөрийгөө хэн гэдгээ ухаарах сөхөөгүй, хэрхэн эрүүл амьдрахаа мэдэхгүй сэрүүн хэрнээ зүүдний амьдралаар аж төрдөг. Энэ зүүднээсээ сэрж мөнх орших зүйл буюу сэтгэл, оюун ухаан, тантай зэрэгцэн оршин тогтнож буй амьд бүх зүйлсийн ( гэр бүл, найз нөхөд, үр хүүхэд, байгаль дэлхий) төлөө амьдарч эхэлбэл та бусдаас болон өөрөөсөө бүхий л сайхан зүйлсийг олж, сайн сайхан бүхнийг бусаддаа түгээж ганц та биш таны эргэн тойронд буй бүхий л зүйлс эрүүлжин, саруулжиж, зөв зам мөрдөө орно.
Энэ ухаарлыг үүсгэх суурь нь хайрын сэтгэл ба нөхцөл шалтгаан, хил хязгааргүй өөрийгөө ч, өрөөл бусдыг ч, хүрээлэн буй орчноо ч бүхий л зүйлсийг хайрлах юм. Ингэж чадваас танд машинаас илүү мод сайхан харагдаж машины төлөө бус модны төлөө амьдрана. Яагаад гэвэл тантай машин биш мод удаан хугацаанд ямарч нөхцөл болзолгүйгээр тантай хамт байх учраас энэ мэтчилэн амьд бүхэн үнэ цэнэтэй санагдаж таны сонголт илүү бодитой, илүү эрүүл болж, амьдрлын хэв маяг таны дотоод оршихуйгаас өөрчлөгдөж эхлэнэ.
Хэрвээ та эрүүл амьдралын стандарт, эмч нарын гаргасан эрүүл амьдралын зөвлөгөө зөвлөмжийг дагах нь хэсэг хугацаанд үр дүнгээ өгөх боловч сэтгэлдээ бүрэн оршуулж ухаараагүй цагт ямарч сайхан зүйл байгаад цаг хугацаа үрсэн зөвлөгөө төдий зүйл болно. Эрүүл амьдаръя гэвэл амьдралын зорилго, өдөр бүр хийдэг зүйлсээ, эргэн тойрноо яг одоо цаг дээр харж өөрөө өөртөө бодит дүгнэлт хийн өөрийгөө болон өрөөл бусдыг ямар ч болзолгүйгээр хайрлаж, мөнх орших бодит зүйлсийн төлөө амьдарч эхэл. Тэгвэл таны амьдралын буруу хэв маяг өөрчлөгдөж, ганцхан танд төгс тохирсон эрүүл, аз жаргалтай амьдралын үрийг тарьж мод шиг бат үндэстэй, хүрээлэн буй бүхий л зүйлст үр өгөөжтэй амьдрах болно.
Д.Ичинхорлоо
Эрүүл амьдралын үндэс
"Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор юу вэ? гэж асуувал би өвчтөний ор гэж хариулна. Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно, тэр бол эрүүл амьдралын тухай уншиж дуусаагүй ном юм. Би яагаад уншиж дуусгасангүй вэ? Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? Хэмээн өөртөө харамсана.." Энэ бол "Apple Inc" компанийг үндэслэгч Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлийн захианы нэг хэсэг нь юм.
Эрүүл амьдрал... Танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ ? Идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах, стрессгүй тайван амгалан байх... Тиймээ, эдгээр зөвлөмжийг та бид бүгд л их бага хэмжээгээр мэднэ. Гэвч яг бодит байдалд хэрэгжүүлж байгаа хүмүүс тун ховор. Яагаад вэ? Эрүүл амьдрах тийм хэцүү гэж үү ?
"..Өглөө эртлэн босч 30 минут дасгал хийх, өглөөний цайгаа заавал уух, өөх тос багатай хүнс хэрэглэх, махны хэрэглээгээ багасгаж жимс ногоог өргөнөөр хэрэглэх, архи тамхинд үгүй гэж хэлэх, өөрт чинь стресс үүсгэдэг хүчин зүйлсээс аль болох зайлсхийх, баяр хөөртэй эерэг сэтгэлтэй байх...". Эдгээр зөвлөмжүүд бидэнд энгийн санагдана. Гэвч яг хэрэгжүүлэхэд тийм ч амар биш юм. Учир нь өнөөгийн хөгжил дэвшлийн эрин зуунд бидэнд өөр хийх зүйл тун их. Магадгүй зарим хүмүүст хүсэл байвч боломж бололцоо үгүй байх, аль эсвэл хэдий цаг зав боломж байсан ч хэрэгжүүлэхийг хүсдэггүй гэх мэтчилэн олон шалтгаан буй бизээ.
Анх би "Яаж эрүүл амьдрах вэ" гэсэн гарчигтай бяцхан зөвлөмжийг уншаад яг зөвлөснийх нь дагуу өглөө эртлэн босч сургуулийнхаа биеийн тамирын талбайг тойрч гүйн, хамгийн дуртай түргэн хоолноосоо татгалзаж, мах бага иднэ гэх мэтчилэн дэглэм барьсаар хоёр долоо хоногийг үдсэний эцэст цочмог бронхит өвчнөөр өвдсөн юм. Тэгээд эмнэлэгт дусал хийлгэн сууж байхдаа миний уур үнэхээр их хүрч билээ. Юуны чинь тэр эрүүл амьдрал, хаана байна, хүн нойр хоолоо хасан, тэвчээр заан байж хэрэгжүүлж байхад ийм онцгүй үр дүн гарах гэж, шал худлаа зөвлөгөө байсан байна гээд л нэг л хуурагдсан мэдрэмж төрж бүх бурууг өнөөх зөвлөмж дээр тохож байлаа.
Тухайн үед би хэрэв эдгээр зөвлөгөөг дагаад байх юм бол эрүүл амьдрах юм байна хэмээн бодож байсан юм. Магадгүй одоо ч эрүүл амьдралын талаар над шиг ийм бодолтой хүмүүс багагүй байгаа байх. Харин одоо бодохнээ миний буруу байж. Би нэг зүйлийг мартсан байлаа. Тэр үед би өглөө бүр өөрийгөө хүчлэн сэрээж, гүйж байхдаа минут хурдан дуусаасай, хоолоо идэх зуураа дотроо өөр хоолны тухай бодоод л, орой унтах болгондоо маргааш эрт босож гүйнэ гэхээр хэцүү санагдаж ер нь л яг л дургүй зүйлээ хүчлэн хийж байгаа мэт сэтгэгдэлтэй зөвлөгөөгөө хэрэгжүүлж байсан юм. Чухам энэ л бодлынхоо учраас би өвдсөн юм.
Эрүүл амьдарлын үндэс бол бидний бодол санаа сэтгэл зүрх юм. Дан ганц дэглэм барьснаар эрүүл амьдарна гэж үгүй юм. Эрүүл амьдралын төлөө гээд өөрийгөө хүчлэх бүр ч хэрэггүй. Энэ нь яг л савны гадна талыг цэвэрлээд дотор талыг нь зүгээр орхихтой адил. Та эрүүл амьдаръя гэж чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Түүний дараа л таны бие махбод таны бодсоноор өөрчлөгдөх болно. Заавал янз бүрийн дэглэм барих гээд хэрэг үгүй . Сэтгэл санаагаараа эрүүл байх хамгийн чухал.
Эрүүл амьдралын тухай олон сайхан мэдээлэл зөвөлгөө, ном зохиол бий. Хичнээн сайхан зөвөлгөө, ном уншлаа, хэрэгжүүллээ гээд сэтгэл дотроо бүрэн ойлгож хүлээн авахгүй бол зүгээр л хий дэмий цагийн гарз болно. Чухамдаа үүнийг л хийвэл би эрүүл байна гээд өөрийнхөө бие махбодийг хүчлэх ямар ч хэрэггүй. Эрүүл амьдрах талаар эхлээд бодол санаандаа ойлгож хүлээн зөвшөөрсний дараа л тэдгээр зөвлөгөө, номнууд танд үр дүнгээ өгөх болно. Нөгөө талаар та ямар ч дэглэм барихгүй гээд эрүүл амьдрахгүй байна гэж үгүй. Таны сэтгэл санаа эрүүл байснаар таны бие ч эрүүл байх болно. Бидний бодол бие махбодид ямар хүчтэй нөлөөлдөгийг баталсан олон гайхалтай жишээ бий. Магадгүй та бид өөрсдөө ч мэдэрсэн байх. Тийм ээ эрүүл амьдрахын үндэс бол бол бидний бодол санаа сэтгэл зүрх юм. Магадгүй Стив Жобс эрүүл амьдралын талаарх номоо уншиж байхдаа сэтгэл зүрхэндээ хүргэж чадаагүй байх тэгээд л уншиж дуусаагүй бас хэрэгжүүлээгүй, харин тэрээр энэ бүхний утга учрыг ойлгосон ч аль хэдийн оройтож, амьдралын эцсийн сонголт болох мэс заслын орон дээрээ харамсан хэвтэж байсан биз ээ.
Б.Мядагбадам
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |