• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Далайд живсэн "Сан-Хосе" хөлөг онгоцыг олжээ

CRI       (GMT+08:00) 2015-12-23 15:24:25

300 гаруй жилийн тэртээ онгоцоороо дүүрэн үнэт эрдэнэс тээсэн Испанийн далбаат хөлөг Их Британийн армид бут цохигдон далайд живсэн байна. Гэтэл саяхан Колумбын Засгийн газраас томилогдсон хайгуулчид Колумбын эрэг дагуух далайн ёроолоос тухайн онгоцны үлдэгдлийг илрүүлжээ.

Энэ үйл явдалтай холбогдуулан тун саяхан Колумбын ерөнхийлөгч Мануэл Сантос "Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хайж илрүүлсэн хамгийн ховор олдвор, үнэт эрдэнэс" хэмээн өгүүлсэн байна. Тэрээр мөн живсэн хөлөг онгоц олдсон тухай өөрийн твиттер хуудсандаа "Сайхан мэдээ байна. Олдсон шүү. Бид "Сан-Хосе" далбаат хөлгийг оллоо" гэж бичжээ.

"Сан-Хосе" нэртэй энэ том оврын далбаат онгоц нь Испаний эзэн хаан 5-р Фелипийн флотын худалдааны онгоц байсан байна. 1708 онд Карибын тэнгисийн бүсэд Их Британийн армид цохигдон далайд живжээ. Тухайн үед Испаний эзэнт гүрэн Америкийн колони орнуудаас дээрэмдсэн алт мөнгө, үнэт эрдэнэсээ онгоцонд дүүртэл ачиж явсан гэх дам яриа хэдэн зуун жил яригдсаар өнөөг хүрчээ.
Судалгаагаар Колумбын хойд нутгийн эрэг дагуух далайн ёроолд Испаний 1000-аад живсэн хөлөг онгоц бий. Тэдгээрийн 10 орчим хөлөгт үнэт эрдэнэс байсан гэх яриа ч байдаг.

Колумбын Засгийн газраас хайгуулын хэсэг томилон 300 гаруй жилийн өмнөх далайн урсгал, салхины чиглэлд шинжилгээ, судалгаа хийж, уйгагүй хайсны эцэст өнгөрсөн сарын сүүлээр Картагенийн ойролцоох далайн ёроолоос "Сан-Хосе" хөлгийн үлдэгдлийг олж илрүүлсэн байна. Тухайн хэсэгт урьд өмнө ямар нэгэн хайгуулын баг очиж байгаагүй юм байна. Живсэн онгоцны их бууны бэхлэлт дээрх далайн гахайн дүрс бүхий өвөрмөц хээ сийлбэр, Засгийн газраас нийтэлсэн хөлөг онгоцны хэлтэрхийн зарим зураг дүрсээс энэ нь домогт "Сан-Хосе" хөлөг мөн болохыг Колумбын антропологи болон түүх судлалын хүрээлэнгийн захирал Эрнесто Монтенегро нотолсон байна.

"Сан-Хосе" хөлөг онгоц хайгуулчдын дунд, тэр бүү хэл Төв, Өмнөд Америкийн ард түмний дунд "домог, зүүд" мэт яригдсаар иржээ. Зарим алдар цуутай эрдэмтэн, зохиолчид ч ном, зохиол бүтээлдээ энэ тухай олонтой дурдсан байдаг.

Үнэт эрдэнэс хайхын хажуугаар хэнд харьяалагдах талаар урьд өмнө багагүй маргаан дэгдэж байжээ. Тухайлбал 1980-аад оны эхээр Америкийн "Далайн эрэл хайгуулын флот" "Сан-Хосе" хөлгийн байршлыг бид нэгэнт олж тогтоосон тул зохих хэсгийг нь хүртэх ёстой гэсэн байна. Гэтэл АНУ-ын шүүх 2011 онд эцсийн шийдвэр гаргаж, уг компаний дэвшүүлсэн баримт нотолгоо учир дутагдалтай, үнэт эрдэнэс нь Колумбын Засгийн газарт харьяалагдах ёстой гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе