• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын интернет ашиглагчдын тоо 670 саяд хүрлээ

CRI       (GMT+08:00) 2015-12-24 14:38:41

Хятадын өмнөд нутгийн Жэжян мужид хол ойрдоо алдаршсан Ужэнь хэмээх газар бий. Энэ нутгийг зорих гадаад дотоодын жуулчдын хөл тасарна гэж үгүй. Тэнд очсон хэн боловч Дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотын нэг Италийн Венецийг яах аргагүй дурсана. "Усны хот" гэдгээрээ алдаршсан Венецтэй тун ижил, аалзны тор мэт сүлжилдэх усан дунд байрласан энэ хотын уран чамин хийцтэй зам, гүүр, вааран болон тоосгон барилгууд... Энэ бүхэн тухайн газрыг зорин ирэгсдийг үлгэрийн ертөнцөд аваачсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. 1300 гаруй жилийн түүхтэй энэ суурингаас Хятадын өмнөд нутгийн хамгийн үзэсгэлэнт соёлын өвийг харж болохоос гадна мянга мянган жилийн гайхамшигт дурсамжуудыг эргэн санагдуулдаг хэмээн олон түмэн ам дамжин ярих...

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн соёлын энэхүү үнэт өвд тулгуурлан дэлхийн интернет сүлжээний бага хурлыг энэ сууринд зохион явуулж байхаар тогтжээ. Энэ шийдвэрийг өнгөрсөн онд Жэжян мужийн Ужэнь хэмээх энэ газар хуралдсан дэлхийн интернет сүлжээний анхдугаар бага хурлаас гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу дэлхийн интернет сүлжээний 2-р бага хурал саяхан Ужэньд болж дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутгийн 2000 гаруй зочид төлөөлөгч дэлхийн интернет сүлжээний ирээдүйн хөгжлийн талаар ярилцсан юм. Энгийн хирнээ эртний дүр төрхөө хадгалсаар ирсэн чулуун хавтан замын доогуур 10 мянган гигабайтын хүчин чадалтай интернетийн кабель татаж, хөх тоосго, ваараар босгосон байшингийн дээвэр дээгүүр сүлжээний утасгүй 3000 гаруй цэг угсарсан нь жил бүр энэ газрыг зорин ирэх 6 сая гаруй жуулчин хүссэн газраа интернетэд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлсэн байна.

Биедээ мөнгө авч явах шаардлагагүй. Хоол хүнс, зоогийн газар, буудал, үзвэр үйлчилгээ гээд бүхий л зардлаа зөвхөн гар утсаараа цахим төлбөрөөр хийчихнэ... Гар утсан дээрх цахим газрын зургаа нээж ресторан, кафе зэрэг ойр орчмын зүйлээ хармагц бүх зүйл тодорхой. Эндхийн замын удирдлагын үйлчилгээ маш оновчтой. Ужэний аялал жуулчлалын компаний захирал Гэвэй: "Интернет сүлжээний бага хурал манай энд зохиогддог болсон тул бид эндхийн сүлжээний бүтцийг улам чанаржуулсан". "Энэ гайхамшигт, үзэмж төгөлдөр бүсийн шилэн кабелийн холбоосыг шинэчлэн, чадварыг нь нэмэгдүүлсэн. Нийт 50 гаруй км урт кабель байрлуулсан тул 10 мянган гигабайтын чадал бүхий шилэн кабель нийт хориод цэгт хүрч үйлчилгээг чөлөөтэй нэвтрүүлж байгаа" гэж ярьж байсан юм.

Хятадад сүүлийн жилүүдэд интернет сүлжээ хурдтай хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн өөрчлөлт гарсан юм. Саяхан Бээжингийн Шие гэх эмэгтэйн бие тавгүйрч, иж бүрэн шинжилгээ хийлгэхээр болжээ. Гэтэл эмнэлэгт хүн ихтэй, эмчид үзүүлэхийн тулд өдөржин дугаарладгийг санан очихоосоо төвөгшөөсөн байна. Гэнэтийн тохиолдлоор тэр эмэгтэй интернет сүлжээнд нэлээд сайн эмнэлгийн үйлчилгээний мэдээллийн цахим сүлжээ байдгийг мэдэж, туршиж үзжээ. Гар утсаараа тухайн цахим сүлжээнд хандан захиалга өгсөнд үйлчлэгч талаас төд удалгүй хариу өгч, хамгийн тохиромжтой эрүүл мэндийн шинжилгээний төвийг зааж өгсөн байна. Шие: "Үнэхээр гайхалтай, маш амар, бас шуурхай байлаа. Утсаар яриад хэдийд очиж шинжилгээ хийлгэхээ хэлээд л болоо... Бас үйлчлэгч талынханд тусгай зөвлөх эмч байдаг нь илүү найдвартай санагдсан " гэж сэтгэл хангалуун ярьсан юм.

Өнөө цагт интернет сүлжээ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвөөс гаргасан тоо бүртгэлээр: Хятад улсын 2011-2015 он хүртэлх "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд хөдөлгөөнт интернет сүлжээний хэрэглээ хурдтай өссөн. Энэ нь гар утас, суурин компьютероос хол давж Хятадын интернет ашиглагчдын хамгийн гол хэрэглээ болсон. Өнөөдөр Хятад улсад гар утасны интернет сүлжээ ашиглагчдын тоо 600-гаад саяд хүрчээ. Түүнчлэн гар утасны хэрэглээний программ гэрлийн хурдаар нэмэгдэж, гол хэрэгцээт программын цахим дэлгүүр 4 саяд хүрч, сүлжээ ашиглагчдын дийлэнх нь гар утаснаасаа хүссэн мэдээллээ авах, хайлт хийх, нийгмийн харилцаа, хэрэглээ, тасалбар захиалах, сул цаг, зугаа цэнгүүн гээд бүх л зүйлд ашиглах болсон байна.

Энэ оны эхний гурван улиралд Хятад улсын интернет сүлжээ, холбогдох үйлчилгээ, технологи, мэдээллийн үйлчилгээний салбарын татвар дунджаар 20 хувь хүрсэн байна. 2009 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 11-нд Хятад улсад интернет сүлжээний үзэсгэлэн худалдаа зохиогдох болсон. Энэ оны 11-р сарын 11-нд "Алибаба" группийн харъяа "Taobao", "T-Mall.com"-ын борлуулалтын хэмжээ 9.12 тэрбум юань болсон нь өмнөх оныхоос 4 тэрбум юаниар нэмэгджээ. Түүнчлэн цахим худалдааны веб сайт болох "jd.com" дэлгүүрийн борлуулалтын хэмжээ өмнөх 5 жилийн борлуулалтын нийлбэрээс ч давж, 4 тэрбум юаньд хүрсэн байна.

Хятадын цахим худалдааны судалгааны төвөөс гаргасан тайланд: 2015 оны эхний хагас жил Хятадын хил дамнасан цахим худалдааны цар хүрээ 2 триллион юань болж, энэ үзүүлэлт 2014 оныхоос 43 хувиар нэмэгдэж, Хятадын экспор импортын нийт хэмжээний 20 орчим хувийг эзэлж байна. Тэдгээрийн дотор хил дамнасан цахим худалдааны экспорт 85 хувьд хүрч, импорт 15.2 хувийг эзэлсэн байна.

Хил дамнасан цахим худалдаа эрчтэй хөгжиж буй нь Хятадын интернет сүлжээний жижиглэн худалдааны салбар хурдтай хөгжиж байгаагийн илрэл юм. Өнгөрсөн 5 жилд энэ төрлийн худалдаа борлуулалтаараа дэлхийд тэргүүлж, 2.7 триллион юаньд хүрсэн нь өмнөх таван жилийнхээс 2.6 дахин нэмэгдсэн байна.

Ужэньд болсон дэлхийн интернет сүлжээний 2-р бага хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин: "Хятад улс "интернет+" үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж, "Дижитал Хятад улс" болох зорилт тавин, интернет сүлжээнд суурилсан төрөл бүрийн инноваци хөгжлийг дэмжиж, хөгжлийн чанар, үр ашгийг нэмэгдүүлж байна. Хятад улс дэлхийн бусад оронтой хамтран ажиллаж, дэлхийн дижитал эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад бэлэн байна" гэж онцлон тэмдэглэсэн юм.

Өдгөө Хятад улс сүлжээ ашиглагчдын тоогоороо дэлхийд тэргүүлж, энэ тоо хэдийнээ 670 саяд хүрээд байна. Хятадын "Алибаба" групп, "Tencent", "Baidu", "JD.com" зэрэг компаниуд дэлхийн интернет сүлжээний хүчирхэг 10 компанийн жагсаалтад зүй ёсоор багтжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе