• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Роботууд зочид буудлын үйлчлэгч хийж байна

CRI       (GMT+08:00) 2015-12-24 14:41:15

Япон улс роботын судалгаагаараа дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Сүүлийн жилүүдэд хүн дүрстэй олон робот хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж байна. Японы Нагасаки мужийн Сасебо хотын "Хен на" зочид буудалд үйлчлэгчийн ажлыг роботууд хийж байна. Энд 10 эмэгтэй робот ажилладаг. Тэдний гурав нь зочин угтагч робот. Намуун дөлгөөн зантай, гоо бүсгүй роботууд үйлчлүүлэгчийн биеийн хөдөлгөөн, харцаар тэдэнтэй ойлголцож чаддаг. Бас Хятад, Англи, Солонгос, Япон зэрэг олон хэлээр ярьж чаддаг. Тэд ердөө тэйкний ард зогсож, зочдоо бүртгэнэ. Харин зочин угтах танхимд бас нэг үлэг гүрвэл робот туслах ажилчнаар ажилладаг. Тэр хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг байна. Арзайсан шүдтэй, сарвайсан гартай ч зочиндоо маш элэгсэг дотно, чин сэтгэлээсээ хандана. Үлэг гүрвэл робот зочдоо бүртгүүлж дууссаны дараа ачаа тээшийг нь өрөөнд нь хүргэж өгдөг. Харин бусад робот зочиндоо кофе аягалах, өрөөг нь цэвэрлэх, хувцасыг нь индүүдэх зэрэг ажил хийнэ.

"Роботуудын дотор суулгасан программ харилцан адилгүй тул тэднийг зөв залж, эв зүйгээр хамтарч ажиллана гэдэг хамгийн төвөгтэй асуудал" гэж зочид буудлын ажилтан Юсуке хэлсэн байна. Үйлчлэгч робот нь цоо шинэ шийдэл төдийгүй зочид буудлын зардлыг нилээд хэмжээгээр хэмнэсэн байна. "Хен на" зочид буудал хоёр давхар. Нийтдээ 72 өрөөтэй. Нэг хүний хоногийн төлбөр 9000 иен буюу 80 ам доллар. Энэ нь Япондоо нилээд хямд тооцогдоно. Буудлын захирал Хидео Нагасава: "Бүрэн робот үйлчилгээг зөвхөн энэ буудалд биш, бүр Япон даяар, цаашлаад дэлхийн хэмжээнд дэлгэрүүлэхийг хүсэж байна. Бид хүрээнээсээ гарч өөр шинэ дэлхий ертөнцтэй танилцах хэрэгтэй. Токио, Осака, Нью-Йорк, Лондон зэрэг том хотын зочид буудал маш өндөр үнэтэй байдаг. Тэнд хэр баргийн хүн үйлчлүүлэх боломжгүй. Мөнгөтэй нь тансаг зэрэглэлийн буудлаар үйлчлүүлж болно. Харин бусад нь яах вэ?... Тийм учраас би тэдэнд зориулж ийм хямд төсөр, сонирхолтой бас таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм" гэж ярьсан байна.

Роботын судалгаа, үйлдвэрлэл нь Японы эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болж байна гэж Японы ерөнхий сайд Шинзо Абе нэгэнтээ хэлж байсан. Роботын технологи Японы хөдөлмөрлөх хүчин болон эрүүл мэнд, үйлчилгээний зардлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж байгааг энэ жишээнээс харж болох юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе