• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пабло Нерудагийн ном уншигчдын гарт очлоо

CRI       (GMT+08:00) 2015-12-24 14:46:40

Нобелийн утга зохиолын шагналт Пабло Нерудагийн "Туулж өнгөрүүлсэн хатуухан замналаа би хэнээс ч нуухгүй" хэмээх намтарчилсан түүвэр зохиол Хятад хэлнээ орчуулагдан олны хүртээл боллоо.

20-р зууны их найрагч Пабло Нерудагийн "Туулсан хатуухан замналаа би хэнээс ч нуухгүй" хэмээх хувийн намтар хэлбэрээр бичигдсэн ном Хятад хэлнээ орчуулагдан, Хятадын уншигчдын гарт очлоо. Номын нээлтийн ёслолын ажиллагаа Бээжин дэхь Чили улсын элчин сайдын яамнд болсон байна.

Пабло Нерудагийн тухай товч танилцуулахад тэрээр 1904 оны 7-р сарын 12 нд Чилийн Эл Парал сууринд нэгэн ажилчны гэр бүлд төржээ. Пабло 1927-1937 онуудад Бирма, Шри-Ланка, Индонези, Аргентин, Испани зэрэг улсуудад дипломат алба хашихын зэрэгцээ Энэтхэг, Хятад улсаар аялж тухайн орны ард түмний ахуй амьдралтай танилцаж явсан байна. Мөн дэлхийн 2-р дайны үед Мексик улсад Чилийн консулаар ажиллаж байхдаа Ижил мөрний сав газрын их тулааныг дэлхий ертөнц амьсгаа даран ширтэн суусан тэр он жилүүдэд "Сталинградыг хайрлах дуун" гэсэн 2 ч найраглал бичсэн байна. Эдгээр бүтээлдээ Оросын олон сая охид хөвгүүд эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж буй баатарлаг үйлс, зөвлөлтийн армийн аугаа их эх оронч үзэл, эр зоригийг магтан дуулжээ. Тэрээр нутагтаа эргэж ирсний дараа залуу насны он жилүүд, гал халуун дурлал, аяллын замд тохиолдсон сонирхолтой явдлууд гээд бүхий л дурсамжаа "Туулсан хатуухан замналаа би хэнээс ч нуухгүй" номондоо багтаажээ.

Пабло Неруда номынхоо оршил хэсэгт: "Яруу найрагч хүний дурсамж тэмдэглэл гэдэг бидэнд нэгэн уран зургийн галерей бэлэглэсэнтэй ижил юм. Тэр дунд зохиогчийн амьдарч байсан тухайн цаг үеийн гэрэл гэрээтэй болон түнэр харанхуйгаар хөглөгдсөн үй олон зураглал тавиастай байдаг" гэж бичсэн байна.

Пабло Неруда 13 настайгаасаа эхлэн шүлэг бичиж, 19 настайдаа "Бүрий" хэмээх анхны шүлгийн түүврээ гаргажээ. Түүний 20 настайдаа бичсэн "Дурлалын хорин найраглал, цөхрөлийн нэгэн дуун" хэмээх бүтээл нь зохиогчийг хилийн чанадад алдаршуулсан байна. 1925-1935 онд "Оршин суугаа нутаг маань газар дэлхий" нэртэй шүлгийн эмхтгэлийн хоёр ном хэвлүүлсэн нь үгүйрэл хоосрол, эмх замбараагүй явдлыг ил тод дүрслэн харуулжээ. 1971 онд түүнд Нобелийн утга зохиолын шагнал олгосон юм.

Пабло Нерудагийн амьдралын түүх, амьдралаас ургасан ухаан бодол, яруу найраг, уран зохиолын тухай бодол нь түүний хувийн намтар болох "Туулсан хатуухан замналаа би хэнээс ч нуухгүй" номд нь бүхлээрээ тусгагдсан гэж хэлж болно. Номын нээлтийн ёслолд Чили улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Жорж Нэйн их найрагчийн тухай өөрийн сэтгэгдлээ хэлсэн байна.

"Пабло Нерудагийн яруу найргийн мөр бадгуудаас, түүний Латин Америкийн орнуудын өвөрмөц, онцлог шинж чанарыг үзүүлэхийг зорьж байсан нь ажиглагддаг. Латин Америкт Чили, Мексик, Венесуэл гээд олон улс орон байдаг. Пабло Неруда, Европууд Латин Америкийг үзэх үзэл бодлоос арай өөрөөр, соёлын тал дээр суурилсан тийм нэгэн нийтлэг чанарыг олж харахыг зорьсон байдаг. Нерудагийн бодол санаа, түүний ертөнцийг үзэх үзэл, Ази тивийн болон Америк тивийн тухай бичсэн бүхэн нь өнөөдөр ч бидний дунд яригдсаар байгаа. Өнөөдөр бид түүний яруу найргийн бүтээлийг Хятад хэл дээр орчуулан гаргасан нь маш их ач холбогдолтой, чухал үйл явдал болж байна."

Пабло Неруда 20-р зууны их найрагч төдийгүй, нэр нөлөө бүхий дипломатч, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн байсан юм. Тэрээр хоёр ч удаа Хятадад айлчилж, тухайн үедээ улсдаа нэр алдар нь цуурайтаж байсан Ай-чин, Дин-лин нарын зохиолчидтой дотно нөхөрлөж явсан тухайгаа уг номдоо дурсан бичсэн байдаг.

Нобелийн утга зохиолын шагналт Гарсиа Маркуез Пабло Нерудаг үнэлэхдээ: 20-р зууны хамгийн агуу яруу найрагч. "Неруда юуны тухай бичсэн ч түүнийгээ агуу их бүтээл болгож чаддаг. Яг домогт хаан Мидасын адил, түүний хүрсэн юм бүхэн яруу найргаар амилдаг" гэж бичжээ. Пабло Неруда олон арван шүлэг зохиол туурвихийн зэрэгцээ "Шуудан зөөгч" хэмээх роман бичсэн нь 30 гаруй хэлээр орчуулагдан дэлхийн уншигч олны хүртээл болсон байна. Түүгээр ч зогсохгүй Франц, Итали, Бельги улс хамтран 1994 онд тухайн романых нь нэрээр "Шуудан зөөгч" хэмээх хайр дурлалын сэдэвт инээдмийн кино бүтээсэн нь 1996 оны Оскарын шагнал хүртсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе