|
|
||
Хятадууд эрт цагаас сарны тухай олон янзын домог үлгэр зохион ярьж, хойч үедээ уламжилж үлдээжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь "Чан-Э саранд гарсан нь" хэмээх домог юм. Чан-Э хэмээх гоо үзэсгэлэнт охин ард олонд ямагт тустай зүйл хийж бүтээдэг байв. Нэгэн өдөр Чан-Э хүн ардаа аврахын тулд өөрийгөө золиосолж, эзгүй, хүйтэн сар өөд нисэн одож хайрт амрагаасаа үүрд хагацжээ. Туулайн сахиус түүнийг өрөвдөн уярч бага охин-хаш туулайгаа Чан-Э-д хань бараа болгон явуулж гэнэ. Хаш туулай Чан-Э-д баяр жаргал авчирч тэр хоёр саран дээрх "Гуан Хан Гүн" хэмээх ордонд үүрд амьдрах болсон тухай домогт өгүүлдэг.
Тэгвэл саяхан сар луу хөөргөсөн Хятадын "Чан-Э-3 /гурав/" хиймэл дагуулын сарны гадаргууд газардсан цэг болон түүний ойролцоох бүсийг "Гуан Хан Гүн" хэмээн нэрлэхээр болжээ. Үүнийг Олон улсын одон орон судлалын холбоо 2016 оны 1 дүгээр сарын 4-нд албан ёсоор батлан зөвшөөрсөн юм. Ийнхүү сарны гадаргууд Хятадын соёлын элементеер нэрлэгдсэн газар 22-т хүрэв. Энэ удаад мөн "Гуан Хан Гүн"-ий ойролцоох сарны гурван тогоог "Зивэй", "Тяньши", "Тайвэй" хэмээн нэрлэсэн байна. Тэдгээрээс "Гуан Хан Гүн" хэмээх нэрийдэл хятад хүмүүст маш ойр дотно санагдаж байгаа юм.
Чан-Э-гийн хаш туулайтайгаа амьдардаг хэмээн домогт өгүүлдэг тэр орд харш өнөөдөр Саран дээрх жинхэнэ домог болон мөнхөрлөө. Сарыг тандан судлах төслийн ерөнхий инженер, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Одон орон судлалын хүрээлэнгийн дэд захирал Ли Чүньлэй: "Чань-Э-3"-ын газардсан цэгээр төв болгож, сарны гадаргууд аялагч роботын үйл ажиллагааны цар хүрээ, аяллын маршрут, бидний судалгаа шинжилгээ хийсэн 77 метрийн радиостай бүсийг сонгон "Гуан Хан Гүн" гэж нэрлэсэн. Бид энэ нэрийг хятадын эртний домгоос сэдэвлэсэн бөгөөд энэ бол Хятад улсын хөөргөсөн Чан-Э-3 дагуулын саранд хайгуул хийх апарат анх удаа хөнгөн газардсан цэг юм" хэмээн ярьж байлаа.
Сарыг тандан судлах төслийн дэд захирал, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн товчооны Сансар судлалын төвийн захирал Лью Жижун "Чан-Э-3 хиймэл дагуул газардсан цэгийн ойролцоох сарны гурван тогооны "Зивэй", "Тяньши", "Тайвэй" хэмээх нэрийг Хятадын эртний одон орны зургийн сансрын гурван бүсийн нэрээр нэрлэсэн. Сарыг тандан судлах өнөөгийн ололт амжилтыг хятадын эртний одон орон судлалын нэрээр нэрлэсэн нь Хятадын эртний одон орончид, сансар судлалын салбарын үе үеийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж буй хэрэг" гэсэн юм.
Сарыг тандан судлах Хятадын Чан-Э-3 хөлгийг 2013 оны 12 дугаар сарын 2-нд эх дэлхийгээс хөөргөсөн бөгөөд газардагч апарат 2013 оны 12 дугаар сарын 14-ний 21 цаг 11 минутад сарны гадаргууд газардаж, Хаш туулай хэмээх явагч апарат судалгааны ажлаа эхлүүлсэн юм.
2007 онд сарыг тойрон хайгуул судалгаа хийх төсөл амжилттай хэрэгжсэний дараа Хятад улс Олон улсын одон орон судлалын төвд хандан сарны гадаргуугийн зарим цэгт нэр өгөх анхны хүсэлт гаргаж, сарны гурван тогоог "Цайлүн", "Жан-Юйжө", "Бишэн" хэмээх Хятадын эртний гурван эрдэмтний нэрээр нэрлэснийг 2010 оны 11 дүгээр сард албан ёсоор батлан зөвшөөрсөн юм.
Сарыг тандан судлах төслийн дэд захирал Лью Жижун: "Сарны гадаргууд өгсөн нэр нь сарны судалгааны түүхэн дэх чухал ололт амжилтын нэг юм. Энэ нь Хятад улсын сарны судалгааны өнөөгийн хүчин чадлыг зохих хэмжээгээр илэрхийлж байна. Ирээдүйд сар болон сансар судлалын үйл ажиллагааг гүнзгийрүүлж, улам нарийн судалж, төслийн шинжлэх ухааны ололт амжилт, хэрэглээг өргөтгөн, улс орны инновац, хөгжил, хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн дэвшилд хувь нэмрээ оруулах болно" хэмээн ярьж байлаа.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |