• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

1 сая хүүхэд залуус өвлийн спортоор хичээллэнэ

CRI       (GMT+08:00) 2016-01-15 09:33:06

Хятад улс 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах өргөдөл өгөхдөө 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулах зорилт тавьсан билээ. Олимпын эрхээ авсны дараа Хятадын Биеийн тамир спортын үндэсний газраас иж бүрэн арга хэмжээ авч 1 дүгээр 17-ны дэлхийн цасны өдөрлөгийг тохиолдуулан эхний ээлжинд 1 сая хүүхэд залуусыг цас мөсний спортоор хичээллүүлэх өргөн далайцтай үйл ажиллагаа зохион явуулж байна.

Цаг үргэлж компьютер, гар утас, таблет ширтэж байдаг өнөөгийн хүүхэд залуусыг өвлийн спортын талбайд аваачна гэдэг тийм ч хялбархан хэрэг биш. Бээжин хот өвлийн олимпын наадмыг зохион явуулах гэж буй энэ нөхцөлд залуусын цас мөсний спортод оролцох сонирхлыг татах хэрэгтэй. Насанд хүрэгчдийн хувьд тэд ухамсраараа хандах бол хүүхэд залуусын хувьд цас мөсний спортын гайхамшгийг биеэр мэдрүүлэх нь чухал юм. Бээжин хот өвлийн олимп зохион явуулах эрх авсны дараа холбогдох байгууллагууд цас мөсний спортыг сурталчлан түгээх олон арга хэмжээ авч байна.

Хятадын Биеийн тамир спортын үндэсний хорооны Хүүхэд залуусын хэлтсийн дэд дарга Ван Шуайнь: "Юуны түрүүнд олон түмний өргөн цар хүрээтэй оролцоо хамгаас чухал. Бид өвлийн спортын наадам, дэлхийн цасны өдөрлөгийн арга хэмжээнд 1 сая хүүхэд залуусыг цас мөсний спортод оролцуулах үйл ажиллагаа зохиож байгаа нь хүмүүсийн оролцоог улам өргөтгөх зорилготой" хэмээн ярьж байлаа.

Хятадад өдгөө 12 сая орчим хүн цанын спортоор хичээллэж байгаа бөгөөд Бээжин хот өвлийн олимп зохион байгуулах эрх авсны дараа энэ тоо их хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна. Цасны спортын оролцоо өргөжих тусам тэдэнд өвлийн спортын гайхамшгийг улам сайн мэдрэх орчин, боломж бүрдүүлж хүүхдүүдийн сонирхол төдий биш амьдралын хэв маяг, зуршил болгоно гэдэг амаргүй хэрэг юм. Үүний тулд юуны түрүүнд чадварлаг дасгалжуулагч хэрэгтэй.

Хятадын цанын спортын нийгэмлэгийн дарга, нэрт тамирчин хатагтай Ван Чүнлү: "Манай нийгэмлэгийн зүгээс өсвөр насныхан цанын спортоор хичээллэх явдлыг улам эрчимжүүлэх болно. Өдгөө энэ спортын заан сургах арга зүй стандарт хангаагүй, цанын баазын дасгалжуулагчид мэргэжлийн бус хүмүүс байна. Иймээс бид цаашид тусгай мэргэжлийн сургалтын систем боловсруулж сургууль, цанын баазыг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, дасгалжуулагчдад зэрэглэл тогтоон цанын спорт сонирхогчдын ур чадварын түвшнийг сайтар дээшлүүлэх болно" гэсэн юм.

Өдгөө Хятадын Хармөрөн, Гирин, Ляонин мужийн биеийн тамирын сургуульд цанын спортын хичээл ордог. Ляонин мужаар жишээ татахад тэнд цасны спортууд төдийлэн хөгжөөгүй байна. Харин мөсний спортын хувьд бүтээн байгуулалт харьцангуй хүндрэл багатай учир сэрүүн бүс төдийгүй Шанхай зэрэг өмнөд бүс нутгуудад зохих хэмжээгээр хөгжиж байна. Цас мөсний спортыг хөгжүүлэхэд олон төрлийн бэлтгэл ажил хийх шаардлагатай бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь хөрөнгө оруулалт юм.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе