• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэвид Бовиег дурсахад

CRI       (GMT+08:00) 2016-01-27 15:47:49

Саяхан Их Британийн рок дуу хөгжмийн домог болсон Дэвид Бовие нас барсан тухай мэдээ твиттэр болон фэйсбукээр цацагдаж, нилээд шуугиан тарьсныг та бүхэн санаж байгаа байх. Дэвид Бовиен албан ёсны твиттэрт: "2016 оны 1-р сарын 10-нд хорт хавдартай 18 сар тэмцсэн Дэвид Бовие өнөөдөр гэрийнхнийхээ дэргэд амьсгал хураалаа" гэж мэдээлжээ. Дараа нь түүний хүү, кино найруулагч Дункан Жонес энэ мэдээ үнэн болохыг нотолжээ. Ийнхүү дэлхийн рок хөгжмийн домог болсон гайхамшигт од энэ хорвоогоос халин одож, хөгжмийн ертөнцийнхөн болон түүнийг шүтэн бишрэгчид эмгэнэн гашуудаж, түүний төлөө залбирсан юм.

Дэвид Бовие Лондон хотын өмнөд бүсэд төрсөн. Жинхэнэ нэр нь Дэвид Жонес.1967 онд "Спейс Оддити" дуугаараа рок ертөнцөд орж иржээ. Тэр өөрийн имиж, ер бусын өвөрмөц дүр төрхөөрөө сая, сая фенүүдийнхээ талархлыг хүлээж, Их Британи төдийгүй дэлхийн дуу хөгжмийн салбарт өвөрмөц бэлэг тэмдэг нь болсон юм. Түүний уран бүтээлд ардын дуу, панк, рок, электро зэрэг олон төрлийн хөгжмийн хэв маяг шингэсэн байдаг.

Дэвид Бовиен уран бүтээлээс гадна түүний тухай яриа хэвлэлийн халуун сэдэв болж байлаа. Тэрээр 17 настай байхдаа нэгэн сурвалжлагчид өгсөн ярилцлага одоо ч хүмүүсийн сэтгэлд тод дурсагдана. Тухайн үед тэрээр дуу хөгжмийн ертөнцөд хүчирхэг байгаагүй ч "Урт үстэй эрчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх" нийгэмлэг байгуулж, гишүүдийнхээ өмнөөс ингэж ярьж байсан юм. "Урт үс надад таалагддаг. Манай нийгэмлэгийн гишүүд бүгд үсээ ургуулах дуртай. Харин зарим хүмүүс ямар учраас энэ бүхнээр шалтаглан биднийг хохироож байдгийг ердөө ч ойлгохгүй байна."

Түүний уран бүтээл, имиж нь нэгэн үеийн дуучдыг байлдан дагуулсан төдийгүй нэрд гарсан оддын хүндэтгэлийг зүй ёсоор хүлээж байсан юм. Америкийн поп хатан хаан Мадонна түүний нас барсан мэдээг дуулаад твиттэр хуудсандаа: "Энэ агуу уран бүтээлч амьдралыг минь өөрчилсөн. Миний Детройтод үзсэн анхны концерт түүний тоглолт байсан юм" гэж бичээ. Английн ерөнхий сайд Камерун, Кантербурийн хамба ч албаны твиттэр болон хэвлэлээр түүний хойноос эмгэнэл илэрхийлсэн юм.

Дэвид Бовиен хорвоог орхин одохынхоо өмнө шүтэн бишрэгчиддээ зориулж сүүлчийн бэлгээ барьсан байна. Тухайлбал 1-р сарын 8-ны өдөр 69 насныхаа төрсөн өдрөөр "Blackstar" нэртэй 25 дахь цомгоо гаргасан юм. Цомгийг Youtube-д тавьснаас хойш гурав хоногийн дотор нийт 6 сая гаруй хүн сонссон байна.

Давидийн шинэ цомгыг олон түмэн маш их хүсэн хүлээж байлаа. Английн рок хөгжмийн сэтгүүлд: "Энэ цомог түүний хамгийн гайхалтай, хамгийн галзуу цомог байж мэднэ" гэж бичсэн байна. Мөн "Blackstar" дуун дахь үхэл, диваажин болон сансар огторгуйн тухай төсөөлөл нь түүний хорвоог орхин одох салалт байсан" гэж зарим хэвлэлийнхэн мэдээлж байлаа.

Их Британийн топ дууны жагсаалт хариуцсан менежер Мартин: "Дэвидийн шинэ уран бүтээл "Blackstar" дуу нь түүнийг нас барахаас өмнө дууны жагсаалтын оргил үед хүрэх хандлагатай байсан. Түүний тухай дурсамж нэмэгдэхийн хэрээр олон цомог нь дууны жагсаалтад тэргүүлэх байх" гэж ярьсан байна.

До.Болдхуяг


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе