• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Зүүнхатавч боомтын хамтын ажиллагаа-хөгжлийн форум" болов

CRI       (GMT+08:00) 2016-01-27 15:55:48

2016 оны 1 дүгээр сарын 16-18-нд ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд "Хятад Монголын Экспо"-гийн үргэлжлэл арга хэмжээ болох "Зүүнхатавч боомтын хамтын ажиллагаа-хөгжлийн форум" өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд Өвөр Монголын холбогдох байгууллага, Шилийнгол аймаг, Ляонин мужийн Жиньжөү хот болон Монгол улсын Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн төлөөлөгчид оролцсон юм.

Энэ удаагийн форумаар бүс нутгийн хөгжлийг түргэтгэж, Хятад улсын "Нэг бүс нэг зам" стратеги болон Монгол улсын "Талын зам" санаачилгыг бодит ажил болгон уялдуулах зорилго тавьжээ. Тэр дундаа бүс нутгийн зам харилцаа, дэд бүтцийн түншлэлийг сайжруулах, худалдаа наймааг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, соёлын солилцоо, аялал жуулчлал зэрэг сэдвээр ярилцаж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих нийтлэг зорилт тавьсан байна.

Бүс нутгийн хамтын хөгжил, дэд бүтцийн түншлэлийг сайжруулах нь Монгол улсын зүүн аймгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Дэд бүтцээр Жиньжөү хоттой холбогдож, далайн боомт болон агаарын тээвэр нэвтэрснээр Монгол улсын зүүн аймгууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж, олон улсын бараа бүтээгдэхүүн оруулж ирэх, аялал жуулчлал хөгжүүлэхэд ихээхэн тустай гэж Хэнтий аймгийн засаг даргын орлогч Ганхуяг ярьж байлаа.

Энэ удаагийн форум "Европ Азийг холбосон зам гүүр болж, хамтын хөгжлийг ахиулъя" уриан дор зохиогдсон юм. Шилийнгол аймгийн дарга Фу Вань-хүй: "Энэ удаагийн арга хэмжээ дээд хэмжээний яриа хэлцэл, худалдааны симпозиум, соёлын солилцоо, үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа зэргийг нэгэн цогц болгож цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэх зорилготой" гэсэн байна.

Гурав хоног үргэлжилсэн "Зүүнхатавч боомтын хамтын ажиллагаа - хөгжлийн форум"-ын үеэр үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Хятад-Монголын хамтын ажиллагааны төслийн танилцуулах хурал, эко мал аж ахуйн хамтын ажиллагааны хөгжлийн хурал, "мөнгөн өвлийн наадам" зэрэг томоохон арга хэмжээ зохиогдсон байна. Эдгээрийн дотор мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, суурин аж ахуй байгуулах, малын чанарыг сайжруулах, малын халдварт өвчнөөс сэргийлэх талаар ярилцаж, санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Форумын үеэр мөн "Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагаа хөгжлийн санамж бичиг", "Зүүн Хатавч боомтын олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааны санамж бичиг" зэрэгт хоёр тал гарын үсэг зурж, Шилийнгол аймаг болон Монгол улсын хөрш зэргэлдээ аймгуудын дэд бүтэц, худалдаа, боомтын эдийн засаг, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах зорилт тавьсан байна.

Форумын үеэр болсон бас нэгэн томоохон арга хэмжээ нь "Мөнгөн өвлийн наадам" байсан юм. Наадам Зүүн Үзэмчин хошууны Улиастай хотод болж, 128 бөх эр бяраа үзэж, 110 харваач цэц мэргэнээ сорьж, 42 хурдан хүлэг шандасаа сорьж хол ойроос хуран цугласан наадамчин олноо баясгасан юм. Наадмын нээлтэд үзэмчин дээлээр гоёж хадаг барьсан олны эгнээ, багачууд хүүхдийн эгнээ, сур харваачдын эгнээ, бөхчүүдийн эгнээ талбайд орж ирж, Монгол улсын зүүн гурван аймгийн болон Шилийнгол аймгийн олон хошууны төлөөлөгчид цугласан нь наадмын ажиллагаанд улам сүр хүч нэмсэн байна. Мөн хоёр орны дуучид тэмээ унаж дуулсан дуу, тэмээний уралдаан зэрэг нь наадамчин олныг ихэд баясгажээ.

"Мөнгөн өвлийн наадам"-ын үеэр Хятад, Монголын хамтарсан урлагийн тоглолт, олон улсын Монгол үндэстний өвлийн дээл хувцасны загварын уралдааны шагнал гардуулах ёслол, Хэнтий аймгийн чуулгын тоглолт гээд олон арга хэмжээ зохиогдсон юм.

Монголчууд зуны дэлгэр цагт баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин ӨМӨЗО-нд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг зохион явуулах болсон. "Зүүнхатавч боомтын хамтын ажиллагаа-хөгжлийн форум"-ын хүрээнд зохиогдсон энэ удаагийн наадам 2005 оноос хойшхи 11 дэх удаагийн наадам болж байна. Цас мөсөнд хучигдсан мөнгөн цагаан тал нутгийн наадам жил ирэх бүр хүрээгээн тэлж хүмүүсийн сонирхлыг татах болжээ. Тэр хэрээр тус наадмыг зорих хол ойрын жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе