|
|
||
20160127modoorhuvcashiisen002.mp3 |
Өмнөд Угандагийн Буганда хаант улсын Баганда үндэстний дунд модны үйсээр хувцас хийх эртний уламжлалт гар урлал жил ирэх бүр өргөжин хөгжиж байна. Тэр нутгийн Нгонге овгийн гар урчууд Бугандагийн хааны гэр бүл, төрөл төрөгсдөд зориулан модны үйсээр хувцас хийж өгдөг байна. Энэ нь бүр 600 гаруй жилийн тэртээгээс эхтэй гэнэ. Урчуудыг Кабоггоза хэмээх үе залгамжлагч удирдана. Тэрээр Мпиги нутгийн Нсангва хэмээх тосгонд амьдардаг.
Урчууд Африк тивд ургадаг Мутуба хэмээх модны үйсийг гол түүхий эдээ болгодог. Үйсийг нойтон чийглэг улиралд хэсэг хэсгээр нь хуулж аваад цуглуулсан үйсээ том, жижиг төрөл бүрийн модон алхаар давтан тогшиж, урт удаан, нүсэр хөдөлмөрийн үр шимээр боловсруулж, илэхэд зөөлөн, тааламжтай, жигд шороон өнгөтэй болгоно. Үйс хэт түргэн хатахаас болгоомжилж, задгай саравчинд боловсруулдаг байна.
Модны үйсээр хийсэн эрэгтэй, эмэгтэй хувцас нөмрөг мэт харагдана. Эмэгтэй хувцас чимэглэл бүстэй. Гол төлөв шороон өнгөтэй. Хаан болон овог аймгийн ахлагчийн үйсэн хувцасыг цагаан буюу хараар буддаг. Ер нь хүний ямар угсааны, хэн болохыг өмссөн хувцас нь тодорхойлно. Үйсэн хувцсаа голдуу титэм зүүлгэх ёслол, эмчилгээний ёслол, оршуулга болон соёлын үйл ажиллагаанд өмсдөг. Үйсээр хувцаснаас гадна хаалга, цонхны хөшиг, ор дэрний хэрэгсэл, уут сав ч хийдэг болжээ.
Эрт үеэс Буганда хаант улсын ихэнх тосгон сууринд үйсэн бүтээгдэхүүний гар урлалын газар хөгжсөн байна. Гэтэл 19-р зуунд Арабын худалдаачид хөвөн оруулж ирснээр үйсэн хувцасны үйлдвэрлэлийн хэрэглээ буурч, зарим газар устахад хүрчээ. Үйсэн урлал соёлын өвөрмөц өв, бэлэг тэмдэг гэсэн утгаараа Баганда хаант улсын нутагт өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөгджээ. Энэ нутгийнхан сүүлийн жилүүдэд үйсэн хувцас хийх аргыг ухааныг онцгойлон үзэж, сэргээн хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал нутгийн олон бүтээгдэхүүний цар хүрээг улам тэлж орчин үеийн өнгө, загвар хийцтэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
Үйсээр хувцас хийх гар урлалын уламжлалт аргыг Уганда улс өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд албан ёсоор бүртгүүлсэн юм.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |