|
|
||
20160201tomorzam003.mp3 |
Саяхан Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ёслол боллоо. Энэ төмөр зам Индонез төдийгүй Зүүн Өмнөд Азийн анхны хурдны төмөр зам болох юм. Мөн Хятад улсын гадаадад хэрэгжүүлж буй хурдны төмөр замын анхны төсөл гэдгээрээ онцлогтой. Тус төмөр замыг Индонезийн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Жава аралд тавьж байгаа юм.
Индонезийн нийслэл Жакарта болон тус улсын эртний түүхт, 4 дэх том хот Бандунгийг холбосон 150 км урт энэ төмөр замаар галт тэрэг дээд тал нь 350 км цагийн хурдтай явахаар зураг төсөл хийжээ. Өдгөө энэ хоёр хотын хооронд 3 цаг гаруй аялдаг бол төмөр зам ашиглалтад орсноор энэ замыг 40 минутын дотор туулах болно.
Хятад-Индонези хоёр тал Жакарта-Бандунгийн чиглэлийн хурдны төмөр замыг хамтарч барих талаар 2015 оны 3 дугаар сараас зөвшилцөж эхэлжээ. 7 сар гаруйн зөвшилцсөний эцэст Индонезийн тал 2015 оны 10 дугаар сард Хятадын талтай Жакарта Бандунгийн хурдны төмөр замын төслийн хөрөнгө нийлүүлсэн компани байгуулахаар шийдвэрлэж, ийнхүү барилгын ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Хамтран ажиллах зорилт тавьсан цагаас бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх, зураг төслөөс барилгын ажлыг эхлүүлэхэд ердөө 10 сарын хугацаа зарцуулсан нь том амжилт юм.
Энэ талаар Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо: "Зөвхөн өндөр үр ашигтай ажиллаж, түргэн хөгжиж чадах улс, дэлхийн улс орнууд хоорондын хурдтай хөгжлийн алхааг дагаж чаддаг. Хурдны төмөр зам бидэнд шуурхай арга хэмжээ авах энэхүү сонголтыг өгсөн. Хятад улс Индонезийн хөгжилд хурд нэмж байна" хэмээсэн юм.
Энэ төмөр зам Индонез төдийгүй Зүүн Өмнөд Азийн анхны хурдны төмөр зам, засгийн газрын санаачилгаар хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажилласан хурдны төмөр замын анхын төсөл юм. Хятадын төмөр замын ерөнхий компанийн байгуулсан Хятадын аж ахуйн нэгжүүдийн холбоо, Индонезийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн холбоо хамтарч байгуулсан Хятад-Индонезийн хөрөнгө нийлүүлсэн компани энэ төслийг хариуцан хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ уг төсөл Хятадын хурдны төмөр замын технологийн стандарт, судалгаа, зураг төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бараа нийлүүлэлт, үйл ажиллагааны менежмент, боловсон хүчний бэлтгэл, зам дагуу бүсчилсэн хөгжил зэрэг бүх талаар гадаадад хэрэгжиж буй анхны иж бүрэн төсөл гэдгээрээ онцлог бөгөөд Хятадын төмөр зам нэн ялангуяа хурдны төмөр замын гадаадад хэрэгжүүлсэн үлгэр жишээ төсөл болно.
Тус төмөр зам ашиглалтад орсноор зам дагуу бүс нутгийг "Жакарта Бандунгийн эдийн засгийн бүс" болгон хөгжүүлэх юм. Ашиглалтад орсны дараа Жакарта Бандунгийн зам тээврийн дарамтыг үр ашигтай хөнгөлж, урьдчилсан таамаглалаар Индонезед жил бүр 40 мянган ажлын байр бий болгох юм байна. Валини төмөр замын буудлаар жишээ татахад Валини Индонезийн засгийн газраас дараагийн шатанд хөгжүүлэх бизнес худалдааны чухал бүс болох юм. Валинийг цаашид олон улсын аялал жуулчлалын шинэ бүс болгон хөгжүүлж, тэнд олон улсын үзэсгэлэнгийн төв, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт хийх юм.
Хятадын төмөр замын ерөнхий компанийн ахлах инженер Хө Хуа-Ү "Хятадын төмөр замын бүтээн байгуулалт зам дагуу бүсийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, Индонезийн нийгэм эдийн засгийн хөгжлийг ахиулна" гэсэн юм. Тэрээр: "Хурдны төмөр замын бүтээн байгуулалт зам тээврийг сайжруулж, олон түмэнд ашиг тус хүртээх зорилтоос гадна хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтийг түргэтгэн, зам дагуу төмөр замын буудлуудыг эдийн засгийн бүс болгох зэрэг ач холбогдолтой. Хурдны төмөр зам байгуулах, түүний буудал бүрт хот байгуулах, тэдгээр хотод хөрөнгө оруулалт татах замаар иргэдийн амьдралыг дээшлүүлэх үзэл баримтлалтай" хэмээн ярьж байлаа.
Үүнээс гадна Жакарта Бандунгийн хурдны төмөр замын төслийн хэрэгжилт Индонезийн гангийн үйлдвэр, дэд бүтцийн барилга байгуулалт, цахилгаан эрчим хүч, цахим үйлчилгээ, ложистик зэрэг иж бүрэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн аж үйлдвэрлэлийн бүтэц сайжрахад дам ач холбогдолтой юм.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |