• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дижитал номын дэлгүүр

CRI       (GMT+08:00) 2016-04-25 15:28:46

Саяхан Францын нийслэл Парис хотноо нэгэн "Дижитал номын дэлгүүр" нээгджээ. Тус дэлгүүрийн номууд бүгд дижитал хэлбэрээр байршуулсан байна. Өнгөцхөн харахад энэ дэлгүүр Парисын бусад номын дэлгүүрээс огтхон ч ялгагдах юмгүй. Дотор нь ороод харахаар нэг их том биш. Тавиур дээр өрж тавьсан олон ном харагдахгүй. Номын агуулах ч үгүй. Гэхдээ энэ дэлгүүрээр орж гарах хүний хөл тасрахгүй.

Энэ дэлгүүрийг Францын Их Сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн нээсэн байна. Энд 3 сая гаруй ном цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа нь ердийн номын дэлгүүрээс ялгагдах онцлог нь юм. Хэрэглэгч эдгээр цахим хэлбэрээр хадгалсан номтой танилцаж, авах номоо сонгоно. Худалдагч сонгосон номыг нь хэдхэн минутын дотор хэвлэж, үдэж, жинхэнэ ном болгож өгнө. Энэ хугацаанд худалдан авагч буйдан дээр тухлан суугаад үйлчлэгчийн хийж өгсөн амтат кофе шимэн, үнэ төлбөргүй wifi ашиглаж болно.

Дэлгүүрийн байнгын худалдан авагч Зайна: "Олон хувиар хэвлэгдээгүй номын тухайд энэ бол маш зөв арга юм. Дижитал номын дэлгүүр нь одоогийн байгаа сурвалж бичгүүдийг гэмтэж сүйдэхээс сэргийлнэ. Түүгээр ч зогсохгүй бидэнд зарим ховордсон, дахин хэвлэлтэд орох боломжгүй болсон, олоход хүндрэлтэй номуудыг унших боломж олгож байна." гэж ярьсан юм.

"Дижитал номын дэлгүүр"-ийн захирал Эстрадес: "Манай дэлгүүрийн хамгийн давуу тал нь гэвэл зай хэмнэхээс гадна худалдан авагчынхаа сонирхсон төрөл бүрийн номыг тэдэнд шууд л олоод өгнө. Ном хадгалдаг агуулах сав гэж байхгүй. Авахыг хүссэн хүнд номыг тэр даруйд нь хэвлэж өгнө. Бас худалдан авагчийн хүсэлтээр номын хэрэгтэй гэсэн хэсгийг нь түүний сонирхсон хэлбэр загвараар хэвлэж өгдөг сайн талтай. Энэ машинаар бид номыг эрэлт хэрэгцээнийх нь дагуу тэр тоо ширхэгээр нь хэвлэдэг. Одоо манай дэлгүүрт 5000 гаруй шилдэг ном байна. Бид том том хэвлэлийн газруудтай хамтарч ажилладаг. Эдгээр компаний хэвлэсэн бүхий л салбарын 3 сая гаруй ном байгаа. Бидэнд ном өрж тавих зай багтаамж шаардлагагүй тул улам олон ном цуглуулах болно. Энэ л манай дижитал номын дэлгүүрийн хамгийн давуу тал нь юм." хэмээн ярилаа.

Энэ "Дижитал ном"-ын дэлгүүрийн номууд бүгд "цоо шинэ". Үнэ нь бусад дэлгүүрийнхтэй адил. Номын сонголт, төрөл нь ч олон. Ийм дэлгүүртэй таарвал та ч мөн орж үйлчлүүлэх нь лавтай юм.

-

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе