• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шведэд худалдагчгүй дэлгүүр нээгджээ

CRI       (GMT+08:00) 2016-04-25 15:58:14

Саяхан Шведийн Зүүн тэнгисийн эргийн Викен хэмээх жижиг тосгонд 24 цагийн ажиллагаатай нэгэн хүнсний дэлгүүр нээгджээ. Энэ дэлгүүрт худалдааны ямар ч ажилтан, ажилчид байхгүй. Худалдан авагчид хүссэн үедээ гар утасныхаа программаар авсан барааныхаа төлбөрийг хийдэг гэнэ.

Дэлгүүрийг үүсгэн байгуулагч Роберт техникч хүн. Роберт нэгэн орой хүүхдийнхээ хоолыг өгөх гэж байгаад савтай хоолыг нь санаандгүй асгачихжээ. Тэр үед тосгоны бүх дэлгүүр хаалттай байсан тул машинаа унаад ойролцоох Хелсингборг хот руу явахаас өөр аргагүй болжээ. Энэ явдлаас хойш Робертод амьдарч байгаа тосгондоо 24 цагаар ажилладаг хүнсний дэлгүүр нээх санаа төржээ. Гэхдээ гарах зардал мөнгийг нь бодолцон зориулалтын программаар ажилладаг, ямар ч худалдагчийн шаардлагагүй тийм дэлгүүр байхаар бодсон байна. Тухайлбал тэр гар утасны программ ашиглаж авсан барааныхаа төлбөр тооцоог хийх арга сэдэж, түүнийгээ ч хэрэгжүүлж чаджээ.

Шинэ технологиор хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад тун хялбар. Худалдан авагч гар утасныхаа программыг банкныхаа карттай холбоод л сонгосон бүтээгдэхүүнийхээ кодыг гар утсаараа уншуулаад л боллоо гэж Роберт ярьж байна. Тэрээр "Гар утасны программаар дэлгүүрийн хаалгыг онгойлгох тохиолдолд утасны программ автоматаар дараагийн үйлдэл рүү шилжинэ. Энэ үед та бараагаа чөлөөтэй сонгож болно. Жишээлбэл энэ муурын хоолыг авахад дээрх кодыг нь гар утсаараа уншуулахад үнэ нь гарч ирнэ. Тэгээд төлбөрийг нь хийчихвэл та хүссэн бараагаа аваад гарч болно. Баримт нь хэрэгтэй бол сарын дараа гаргаж өгөх боломжтой" хэмээн ярьж байлаа.

Роберт дэлгүүрийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хэд хэдэн арга сэджээ. Тухайлбал дэлгүүртээ камер байрлуулж, дэлгүүрийн хаалгыг 8 секундээс илүүгүй хугацаанд нээгдэхээр хийсэн байна. Мөн дэлгүүрээ гишүүнчлэлийн загвараар ажиллуулж, худалдан авагч гишүүдийнхээ хувийн мэдээллийг бүртгэнэ. Дэлгүүрт голдуу сүү сүүн бүтээгдэхүүн, хөлдөөсөн болон хуурай хүнс худалдана. Өдгөө тус дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо улам нэмэгдэж, олон ч хүний талархлыг хүлээгээд байна.

Худалдан авагч Жаспер: "Энэ дэлгүүрийн барааны үнэ харьцангуй хямд. Энэ нь дэлгүүрийн давуу тал байх. Бараг л том том супермаркетын ханш гэсэн үг. Бусад жижиг хүнсний дэлгүүрийн хүнс барааны үнэ арай өндөр байдаг л даа. Бараагаа хямд үнээр борлуулж байгаа нь бидний сэтгэлд их нийцдэг" гэсэн юм.

Харин худалдан авагч Малте: "Ая тухтай, хялбар үйлчилгээ нь дэлгүүрийн хамгийн давуу тал гэж үзэж байна. Энэ дэлгүүрээс бараа худалдан авахад хялбар, дөхөм байдаг. Дэлгүүрийн байршил маш тохиромжтой. 24 цагаар ажилладаг болохоор ахуйн хэрэглээний зүйлээ эндээс худалдаад авчихна. Заримдаа хотоос бараа авахаа мартсан тохиолдолд эсвэл шөнө дөлөөр ч юм уу хэрэгтэй зүйлээ авахад их боломжийн санагддаг" хэмээн ам сайтай байна.

Дэлгүүрийг үүсгэн байгуулагч Роберт улам олон хүнд үйлчлэхийн тулд дэлгүүрийнхээ цар хүрээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэрээр "Би дэлгүүрээ өргөтгөхийг хүсэж байна. Тэгээд тогтсон менежментийн дагуу ажиллуулж, туршлагаасаа суралцана. Бид Шведийн хэмжээнд, цаашлаад гадаад орнууд руу хүрээгээ тэлж, олон хүнд хүрч үйлчлэх бодолтой" хэмээн ярьж байлаа. Робертын санаачилсан энэ дэлгүүр Швед улсдаа анхдагч нь юм байна.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе