|
|
||
3 сарын 23-нд Хятадын Хайнань аралд болсон 2016 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад нобелийн шагналт хятад зохиолч Мө Янь уригдаж оролцсон юм. Тэрээр ийнхүү анх удаагаа Бө-Аогийн чуулганд оролцсон нь хэвлэлийнхний анхаарлыг татсан байна. Хятадын Төв Телевизийн хөтлөгч Бай Яньсүн, түүнээс "Соёл иргэншлийн олон талт чанарын тухай та ямар бодолтой байна вэ?" гэж асуухад Мө Янь: "Онол зэрэг хийсвэр юм ярихын оронд би нэг бяцхан түүх ярья. Энэ бол надад тохиолдсон явдал юм" гээд дал модны чавганы тухай түүх ярьж, үүгээрээ орчин үеийн Ази тивийн үзэл баримтлалын тухай өгүүлсэн юм. Ингээд Мө Яний ярьсан бяцхан түүхтэй танилцъя.
Өнгөрсөн зууны 60-аад онд миний авга ах сумын дэлгүүрт ажиллаж байлаа. Тэр үед хоршоонд ажиллана гэдэг баргийн хүнд олдох ажил биш. Тийм ч учраас хоршооныхон жирийн хүнд олдоогүй юмыг худалдаж авна. Авга ах маань нэг удаа ээждээ Иракийн дал модны чавга бэлэглэж л дээ. Мэдээж эмээ маань надад амсуулалгүй яахав. Харин 60-аад онд идсэн тэр чавга хамгийн гоё амттан байсан. Тэр чавга надад хэдэн арван жил амтагдсан шүү. Түүнийг идсэнээр миний сэтгэлд олон сайхан мөрөөдөл ургасан юм. Тэгээд чавганы үрийг хашаандаа тарьж үзлээ, соёолсонгүй. Гэтэл авга ах маань: "Энэ бол жигнэж болгосон чавга учраас соёолох ёсгүй" гэсэн юм.
Хожим Персийн булангийн дайн гарав. Тэр үед би зохиолчид бэлтгэдэг курст суралцаж байлаа. Дайны талаар манай ангийнхан маргалдаж хоёр тал боллоо. Нэг тал нь Америкийг дэмжин Иракийг цохихыг зөвтгөж, нөгөө тал нь эсэргүүцэж байв. Би ямар ч эргэлзээгүй эсэргүүцэгч талд орсон. Учир нь Америкчууд Иракийн дал моддыг дэлбэлэхээс айсан юм.
Би саяхан охиндоо Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад лекц уншихдаа чавганы тухай ярина гэж хэлсэн юм. Охин маань тэр даруй гар утсаараа захиалга өгсөн байв. Өглөө 9 цагт мессеж бичихэд үдийн хойно 3 цагт буухиа шуудангаар нэг уут дал модны чавга хүргээд ирж. Миний хэдэн арван жил мөрөөдсөн чавга хэдхэн цагийн дараа алган дээр минь байгаа нь энэ. Мэдээж миний ой тойнд үлдсэн яг тэр амт биш байлаа. Гэхдээ энэ явдал намайг яах аргагүй гайхшруулсан юм.
Хэдэн арван жил хүссэн араб чавгаа ийм хялбархан олоод идчихдэг болж, ганц мессеж бичээд шүү дээ. Гэхдээ энэ чавганы ард хэчнээн олон хүний хөдөлмөр шингэсэн бол? Арабууд чавгаа тарьж ургуулан, түүж авч, дахин боловсруулж, гадаад худалдаагаар дамжин Хятад улсад хүргэж, түүний дараа буухиа шуудангаар надад ирж байна. Интернетийн эринд Хятад улс дэлхийтэй ийм нягт, ойр харилцаатай болсныг энэ чавганаас олж харж болно. Ямар нэг бүтээгдэхүүний солилцоо бол ерөөсөө соёлын солилцоо байж ирсэн. Тиймээс дал модны чавга ч соёлын гүүр болох нь гарцаагүй.
Интернетээр чавга авсны дараа би дал модны чавганы тухай мэдээлэл хайж үзэв. Тэгээд дал модны чавга Арабын соёлд томоохон байр суурьтай байдгийг олж мэдлээ. Эртний судар бичигт дал модны чавганы тухай олон тэмдэглэл бий. Арабын цэцэн үгэнд дал модыг "нагац эх" гэж нэрлэдэг бөгөөд Арабын яруу найрагт дал модноос суралцахыг уриалж, дал мод төв эрхэмсэг, өшөө хорсолгүй гэж тайлбарлажээ. Миний бодлоор энэ бол зөвхөн Арабын үндэсний үзэл баримтлал гэлтгүй бас Хятадын үндэстний үзэл баримтлал байж болох юм. Бид эрхэмсэг атлаа ерөөс өс санадаггүй. Миний бодлоор Азийн соёл иргэншлийн уулзалт дал мод шиг шударга ёсыг эрхэмлэх нь зүйтэй. Шударга ёсыг баримталбал Ази тив төдийгүй дэлхий дахин энх тайван байж чадахгүй гэж үү? Эв найртай байхын тулд бид сайн сайхан бүхнээ бусадтай хуваалцах хэрэгтэй юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |