|
|
||
x
Туркт, ирсэн зочноо кофегоор дайлах нь хамгийн дээд хүндэтгэл гэж үздэг. Иймээс турк хэлэнд "Чанаж өгсөн аяга кофег чинь амталбал, андын сэтгэл 40 жилдээ мартагдахгүй" гэсэн хэлц үг байдаг. Туркийн том жижиг зээл гудамжаар явахад "Кофе"-ны газрууд энд тэндгүй бий. Зарим нь үүдэндээ уур савссан кофены аяганы зураг өлгөсөн харагдана.
Кофены газар, кофены соёл тухайн нутгийн хүмүүсийн харилцааны чухал хэсэг болдог гэнэ. Энэ талаар кофены газрын байнгын үйлчлүүлэгч Corlulu Alipasa "Манай улсын өв соёлд кофе чухал байр суурьтай. Хүмүүс кофены газар цуглаж, ярилцах дуртай. Тэд мөргөл үйлдэхээс бусад цагаар энд ирнэ. Кофены газрын байнгын үйлчлүүлэгчид голдуу сэхээтэн, зохиолч, яруу найрагчид байдаг. Тэд энд ирж цаг үеийн байдлаар санасан бодсоноо ярьж, маргах дуртай. Тэд мэдээллийн хэрэгслийн тоймчид адил чухал үйл явдлуудыг шүүмжлэн хэлэлцдэг. Хүмүүсийн харилцааны хувьд ийм газар чухал төдийгүй кофе хүмүүсийн харилцааны өвөрмөц хэсэг болдог" гэжээ.
Турк кофе ердийн кофетой адил гашуун, бага зэрэг чихэрлэг, эсвэл чихэрлэг гэсэн гурван янзын амттай. Туркууд кофегоо брики хэмээх нэгэн төрлийн зэвэрдэггүй тогоонд чанадаг. Урьдаар бэлэн болгосон нунтаг кофег сайтар үрээд дараа нь чанана. Ширүүн галаар хэдэн удаа буцалгаж, усыг нь ширгээсний дараа галаа унтрааж, хандыг аягална.
Кофе аягалахдаа, бүрэн уусаагүй нунтаг шаарыг нь шүүж авдаггүй. Кофены нунтгийг сайн үрдэг болохоор уух үед шаар нь аяганы ёроолд тунаж үлдэнэ. Турк кофены нэгэн өвөрмөц онцлог бол уух үед тунаагүй нунтаг бага зэрэг амтагдах явдал юм. Бас нэгэн онцлог нь, кофендоо сүү зэрэг нэмэлт зүйл хийхгүй. Харин чанахдаа тухайн хүний тааллаар урьдчилан чихэр нэмж болно. Лимоны шүүс, зөгийн бал нэмэх нь ч бас бий. Зарим хүн гашуун кофенд дуртай бол, зарим хүн бага зэрэг чихэрлэгт нь дурладаг.
Кофены газрууд үйлчлүүлэгчдэдээ Турк кофены өвөрмөц амтыг мэдрүүлэхийн тулд нэг аяга мөстэй ус дагуулж өгдөг. Кофе уухаасаа өмнө хүйтэн уснаас балгаж, амтлах мэдрэмжээ сэргээсний дараа кофе уувал Турк кофены бага зэрэг исгэлэн, гашуун амтыг сайн ялгаж мэдэрдэг гэнэ.
Ойрх Дорнодын алс хязгаарын уулархаг бүс бол кофе анх үүссэн өлгий нутаг хэмээн тэд батлан ярьдаг. XIII-XV зууны хооронд 300-гаад жил Лалын шашинд кофе уухыг эрс хориглож байсан боловч кофены соёл тухайн нутагт төдийгүй Грек, Зүүн Европ, Хойд Африкийн нутагт түгэн дэлгэрчээ. Кофе XVI зуунд Туркт орж ирсэн бөгөөд улмаар томоохон зах зээл бий болсон байна. Турк улс газар зүйн хувьд Европ, Азийг сундалсан учраас тэд кофег Европт маш түргэн хугацаанд хүргэсэн гэдэг.
Америкийн зохиолч Mark Pendergrast "Кофены арилжааны түүх" номондоо Кофены түүхийн хөгжлийн явцыг нарийн судлан тайлбарлажээ. Тэрээр "Кофе бол маш нарийн хяналтан дор байсан арилжааны онцгой бүтээгдэхүүн юм. Ялангуяа Османы эзэнт гүрний үед Туркчууд кофены арилжааг гадаад орнуудад өргөнөөр дэлгэрүүлжээ. Гэхдээ тэд бусдад кофе тарих аргыг зааж өгөхгүй, монополь байр сууриа алдахгүйн тулд экспортлохдоо урьдаар буцалган болгож, кофены шош бусад оронд ургахаас сэргийлдэг байжээ. Тэр үед кофе арилжааны ховор, үнэт бараа байсан тул зарим хүн хулгайгаар авч гарах арга сэддэг байж. Тухайлбал, тэр үед Бабабодан хэмээх нэгэн энэтхэг хүн хэсэг үрийг хувцсандаа нууж авч гарснаас хойш, Энэтхэгт кофены тариалан үүссэн гэдэг. Энэ түүх үнэн ч байж болно. Үүний дараа Нидерландчууд ургац сайтай кофены үр олж аваад, түүнийгээ Амстердам хотод дулаан хүлэмжин дотор тарьж ургуулж байжээ" гэсэн юм.
Арабаас үүсэлтэй кофены соёл бусад тивд өргөн дэлгэрсэн ч Туркт бүрэн гүйцэд хадгалагдан үлджээ. Османы эзэнт гүрний ноёрхолд байсан Грек, Балканы нутагт Турк кофе уух заншил одоог хүртэл хадгалагдаж байна. Гэхдээ түүхэн нөхцөл байдлаас шалтгаалж, Грект энэ төрлийн кофег Турк кофе гэж нэрлэвэл хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх тул очсон хүмүүс нутгийн ёсоор Грек кофе хэмээн нэрлэх нь зохимжтой гэнэ.
Кофены шаарыг эрүүл ахуйн зорилгоор ашиглаж болдог. Тухайлбал, нэгшсэн муухай үнэр арилгах, бактери устгахад сайн байдаг гэнэ. Кофены шаарыг өрөөний буланд тавих, эсвэл хөргөгчинд хийвэл эвгүй үнэрийг нь арилгахын зэрэгцээ өт хорхойноос сэргийлдэг байна.
Ойрх Дорнодын нутагт, хэрэв урьсан зочноо кофе чанаж дайлбал гэрийн эзний чин сэтгэлийн хүндэтгэлийг илтгэнэ. Иймээс зочин кофены үнэр амтыг сайшаан магтах хэрэгтэй. Харин кофе гашуун амтлагдлаа ч ус уухаас зайлсхийх ёстой гэнэ. Учир нь ус уувал кофены амт тааруу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Ойрх Дорнодын хүмүүс кофендоо голт борын цэцэг, анхилуун ургамал, сүгмэл нэмж уух дуртай. Уухдаа хүж уугиулж, үнэртэн цацаж, уран тансаг хийцтэй данх хэрэглэхийг эрхэмлэдэг нь гадныханд "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийнх мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
Туркчүүд, ялангуяа эмэгтэйчүүд аяганы ёроолд тунаж үлдсэн кофеныхоо шаарыг шинжин төлөг тавьж, тухайн өдрийн аз хийморио үзэх дуртай. Гэхдээ сайн мууг зөгнөхдөө бусад төрлийн кофе биш, зөвхөн Турк кофены шаараар төлөг тавьдаг. Кофены шаараа уусан хүн өөрөө шинжиж болно, эсвэл мэддэг чаддаг хүнээр ч үзүүлж болно. Турк, Грек зэрэг оронд кофены газар хүмүүсийн эргэлзээг тайлан хэлж өгдөг төлөгчид байдаг байна.
Кофегоо ууж дууссаны дараа дийзээр аягаа таглаж тавина. Дараа нь, бага зэрэг сэгсрэн хөдөлгөж, мэдэхийг хүссэн асуудлаа бодоод, аяга тавгаа болгоомжтой хөмрүүлж, аяганы ёроолын дулаан буурахыг хүлээнэ. Хэсэг хугацааны дараа аягаа авч, ёроолд нь тогтсон дүрсийг шинжинэ. Аяганы ёроолд тодорсон дүрс хэрэв бүтэн сарны хэлбэртэй байвал тэр өдөр азтай, ямар ч үйлс бүтэх тул зоригтой байвал санасандаа хүрнэ гэж үздэг. Хэрэв, хавирган сарны дүрс гарвал, тайван тогтуун өдөр болох тул хүмүүстэй харилцахдаа зохих хэмжээгээр санаа нийлж, ажил үүргээ товлосон ёсоор биелүүлнэ. Харин нар, сарны дүрс илэрвэл, санаагаар болохгүйн шинж. Гэвч сэтгэл өөдрөг байвал бухимдал арилж, зорилго биелнэ. Харин аяганы ёроолд шинийн сарны дүрс тодорвол, тэр өдрийн бүх үйл хэрэгт болгоомжтой хандаж, хүмүүстэй даруу зангаар харьцаж, хүлээцтэй байж, таагүй явдлыг зохицуулах хэрэгтэй гэж үздэг байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |