• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тосгоны иргэдээ баяжуулсан эхнэр нөхөр хоёр

CRI       (GMT+08:00) 2016-04-26 09:15:05

Хятадын баруун хойд нутгийн Ганьсү мужийн Күндүн суурин орчмын ууланд зэрлэг хушга их ургана. Сүүлийн жилүүдэд зэрлэг хушганы ясаар хийсэн төрөл бүрийн гар урлалын бүтээгдэхүүний борлуулалт сайжирсны улмаас энэ нутгийн тариачид хушганы ясан бүтээгдэхүүн хийж борлуулан амьдрал ахуйдаа нэмэрлэж байна.

Жү Юйфэн, Ян Жинлун хэмээх эхнэр нөхөр хоёр энэ бизнесийг анх санаачлан, тосгоныхоо тариачдыг удирдан зохион байгуулж, хоршоолол байгуулжээ. Тэдний хоршооллыг орон нутгийн захиргаа, эмэгтэйчүүдийн холбоо дэмждэг бөгөөд тэд мэргэжлийн сургалт явуулж, нутгийн тариачин өрхүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлж байна.

Эхнэр нөхөр хоёр 90-ээд оноос хушгаар гар урлалын бүтээгдэхүүн хийж нутгийнхаа аялал жуулчлалын газарт борлуулж эхэлжээ. Зэрлэг хушгаар бүтээгдэхүүн боловсруулах бизнесийн арга ухааныг сэдэж олсон тухайгаа эзэгтэй Жү Юйфэн: "Хушгаар бүтээгдэхүүн хийж худалдах бизнесийг нөхөр бид хоёр хамгийн түрүүнд сэдэж эхлүүлсэн юм. Манай нутгийн ууланд зэрлэг хушга маш их ургадаг. Түүнийг хэрхэн ашиглах тухай бодож явсаар энэ аргыг анх сэдсэн. Сүүлийн үед олон хүн комьютерийн ард суусаар хүзүү хөших, хүзүүний яс шохойжих өвчтэй болжээ. Хушганы ясан дэрийг хүзүүн дороо ивж унтвал энэ өвчнөөс амархан салж, хүзүү далаар хөшихийн зовлонгоос ангижирна. Хүзүүний дэрийг анх нөхөр бид хоёр хоёулахнаа хийдэг байсан болохоор зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй байлаа" хэмээн ярьж байна.

Зэрлэг хушгыг тэр нутгийн хүн бүхэн мэднэ. Хүүхэд хөгшид хушганы ясыг нүхэлж хэлхэн, хүзүүндээ зүүж гоёх дуртай. Тэр нутагт зэрлэг хушга арвин ургадаг тул энэ бизнесийн түүхий эдийн асар их нөөцтэй. Анх эхнэр нь өдөрт 20 дэр хэлхэж, нөхөр нь аялал жуулчлалын газруудаар очиж нэг бүрийг нь 100 юаниар худалддаг байсан гэнэ.

2014 онд тэдний бизнест эргэлт болохуйц сайхан боломж тохиожээ. Бээжингийн нэгэн бизнесмэн тэдэнд 80 мянган юаний үнэ бүхий хушганы ясан дэрний захиалга өгсөн байна. Энэ нь эхнэр нөхөр хоёрт бизнесээ өргөтгөн хөгжүүлэх бололцоо гаргажээ. Тэд анх удаа ийм том хэмжээний захиалга авсан бөгөөд орон нутгийн захиргаа, эмэгтэйчүүдийн холбооны дэмжлэгээр нутагтаа зэрлэг хушга боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэргэжлийн хоршоолол байгуулсан байна.

Хоршооллынхоо ирээдүйн хөгжлийн талаар "Зөвхөн манай гэр бүл баяжих төдий явдал биш ээ. Бид тосгоныхоо болон ойр хавийн тосгодын хүмүүсийг дайчлан хамт баяжих нь бидний зорилго юм" нөхөр Ян Жинлун нь хуучилж байлаа. Тэрээр: "Бид хоршооллоо өргөтгөн, тоног төхөөрөм оруулж, үйлдвэр байгуулахыг зорьж байна. Хэрвээ бид үйлдвэр байгуулж чадвал бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ нэмэгдэж тэр хэрээр үйл ажиллагааны цар хүрээ өргөжих юм. Ингэж чадвал манай нутаг өвөрмөц брэнд үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжтэй болно. Үйлдвэр байгуулахад 1-2 сая юаний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Би түүхий эд худалдан авахын тулд 300 мянган юаний зээл авсан. Хөрөнгө мөнгөний хувьд хотын эмэгтэйчүүдийн холбоо, орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн байгууллага хамтран зээлийн асуудлыг зохицуулж өгөхөөр болсон" гэсэн юм.

Одоо тэдний хоршоолол 1.8 сая юаний эргэх хөрөнгөтэй, 15 үндсэн ажилтан, хушга түүж нийлүүлдэг, хушгаар бүтээгдэхүүн хийж өгдөг олон зуун хамтрагчтай болжээ. Тэд зэрлэг хушга худалдан авах, боловсруулах, бүтээгдэхүүнээ борлуулах, сургалт явуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Эзэгтэй Жү Юйфэн хоршооллынхоо бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх ажлыг удирддаг бол нөхөр Ян Жинлун нь борлуулах ажлыг хариуцна. Хоршоолол байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тосгоны 60 гаруй айл өрхийн эзэгтэйг хушганы яс хэлхэх ажилд оролцуулжээ. Энэ тухай эзэгтэй Жү Юйфэн: "Анх эхлэхэд зэргэлдээ айл өрхийн хүмүүс ирж бидний ажлыг их сонирхдог байлаа. Тэдэнд "Та нар бас хийж болно шүү" гээд том дэрийг 20, жижиг дэрийг 15 юаниар хэлхүүлдэг болсон. Зэрлэг хушгыг бид хангаж өгнө. Тэд гэр гэртээ нэхнэ. Бүсгүйчүүд манай ажилд оролцох нь улам нэмэгдсээр одоо маш олон хүн хушга хэлхэж байна. Нэг өдөр 5-6 дэр нэхвэл өдөртөө дор хаяж 80 юань олно. Хэдэн дэр нэхэж авчирна, тэр даруйд нь тохирсон хөлсийг нь бодож өгнө" гэж ярьсан юм.

Тус хоршооллынхон нутгийнхаа ард иргэдэд зориулж хушганы ясыг хэрхэн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай төлбөргүй сургалтыг жилдээ 3-4 удаа зохиодог. Тэдний тосгоны болон ойролцоох тосгодын 400 гаруй хүн энэ ажилд хамрагдаж, бүсгүйчүүд гэр орондоо хушга хэлхэж, боловсруулах замаар тун төвөггүй ажил эрхэлж байна.

Бүсгүйчүүд энэ ажлыг эрхлэхэд газар тариалангаа тордох, хүүхэд хөгшдөө асрах, гэрийн ажлаа хийхийн хажуугаар амжуулах боломжтой. Гэрээрээ хийх тул бусад ажилд нь тийм ч их саад болдоггүйгээрээ онцлог, давуу талтай юм. Одоо тэр хавийн олон айлын эзэгтэй хоршооллын ажилд хамрагдаж жилд 30-40 мянган юаний орлого олдог болжээ.

Өнгөрсөн онд тус хоршооллын бүтээгдэхүүний борлуулалт 2.2 сая юань хүрч, 1.2 сая юаний цэвэр ашиг олсон байна. Үүгээр зогсохгүй зарим бүтээгдэхүүнээ үзэсгэлэн яармагт оролцуулж, 200 мянган юаний үнийн дүн бүхий бүтээдэхүүний захиалга авчээ. Хоршоолол байгуулагдаад жил хүрэхгүй хугацаанд тэдний бизнес ийнхүү өргөжин хөгжиж байна.

Саяхан Америкийн нэгэн бизнесмэн тэдний үйлдвэрлэсэн хушганы ясан бүтээгдэхүүнийг сонирхож, олноор нь худалдан авах санал тавьжээ. Хэрэв экспортлох аливаа зөвшөөрлийг зохих ёсоор бүрдүүлж чадвал энэ онд хушганы ясаар хийсэн машины суудлын бүрээс, хүзүүний дэр зэрэг гар урлалын бүтээгдэхүүн Америкийн зах зээлд гарах болно.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе