|
|
||
Марокко улсын нийслэл Рабат хотын нэгэн дунд сургуулийн сурагч Камилл Шали хэмээх 14 настай хүү байгаль орчин хамгаалах үйлсэд хүчин зүтгэхээр шийдсэн гэнэ. Тэр байгаль орчны бохирдлыг багасгахын тулд хуучин электрон бараа хүлээн авах хэд хэдэн төв байгуулжээ. Шали хүүгийн энэхүү үйл ажиллагааг Мароккогийн олон сургууль, аж ахуйн нэгж, засгийн газрын байгууллага дэмжиж байна.
Парист аялж явахдаа нэгэн супермаркетын үүдэнд байрлуулсан электрон бараа хүлээн авах хайрцгийг хараад Шали-д энэ санаа төржээ. Шали хариад Парис дахь хайрцгийн зургийг багшдаа үзүүлж, ярилцсаны эцэст сургууль дээрээ хуучин электрон бараа хүлээн авах төв байгуулах зөвшөөрөл авч чадсан юм.
Шали: "Хатуу цаас, сонин сэтгүүл, хуванцар сав зэргийг цуглуулан боловсруулж, дахин ашигладаг. Харин би манай улсад хараахан хөгжиж эхлээгүй ажилд анхаарал хандуулж, электрон барааг дахин ашиглах санаатай байна. Манай ангийн багш Парист авсан зургуудыг хараад сургуульд электрон бараа хүлээн авах төв байгуулахыг зөвшөөрсөн. Би Мараккогийн хаягдал боловсруулах зарим газартай хамтран ажиллахын тулд нарийн дүрэм журам боловсруулсан юм" хэмээн ярьж байна.
Шали хүү сургууль, аж ахуйн нэгж, засгийн газрын байгууллагатай хамтран хэд хэдэн хүлээн авах төв байгуулж, Мароккогийн хаягдал тоног төхөөрөмж боловсруулах томоохон газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэд Шали ба түүний нөхдийн цуглуулсан электрон барааг мэргэжлийн технологийн дагуу задлан, дахин ашиглах юм.
Хүмүүс дууссан батарей, хуучирсан принтер, компьютер, телевизор зэрэг электрон бараагаа юу ч бодолгүй хаядаг. Харин эдгээр электрон бараа хорт бодис агуулдаг учраас тэднийг зүй зохистой дахин ашиглах нь байгаль орчин хамгаалах, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулахад ач холбогдолтой юм.
Шалигийн явуулж буй үйл ажиллагааг тэдний сургуулийн захирал Пауль Себастянь дэмжиж, энэ ажлын ач холбогдлыг үнэлэн, практикаас суралцахын чухлыг онцолж байлаа. Тэрээр: "Хүүхдүүд дуртай ажлаа урам зоригтой хийж байгааг хараад би хувьдаа баяртай байна. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ суралцана гэдэг туршлага хуримтлуулах шилдэг арга юм. Шали хүүгийн эхлүүлсэн ажил үйлс хүүхдүүдэд чөлөөт цагаараа суралцах сайхан боломж олгосон бөгөөд сурах бичгээс үзсэн мэдлэгээ амьдралд ашиглах нь тэдний хувьд ховор завшаан" гэсэн юм.
Шалигийн байгаль орчин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлж ноднин жилийн 12 дугаар сард Парист болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 21 дэх чуулганд урьж оролцуулжээ. Шали: "Миний ойрын ирээдүйн зорилго бол энэ жилийн эцсээр Мароккод болох НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 22 дахь чуулганд оролцохыг хүсэж байна. Би Мароккогийн хүүхдүүд, тэдний эцэг эх, гэр бүлийнхэнд хог хаягдлыг дахин ашиглахын давуу талыг танилцуулах болно. Харин алсын ирээдүйн зорилго бол АНУ-д тогтвортой хөгжлийн арга зам, байгаль экологи хамгаалах хууль дүрэмд суралцаж, үүний дагуу эх орондоо байгаль орчны тухай хууль боловсруулахад туслах явдал юм. Хүмүүс байгаль орчноо хайрлаж хамгаалахын ач холбогдлыг ойлгодог болжээ. Бид амьдарч буй дэлхий ертөнцөө улам сайн сайхан болгох ёстой" гэж хэлсэн юм.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |