• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шангрила хамтлаг

CRI       (GMT+08:00) 2016-04-26 09:43:35

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Түвд үндэстэн суурьшсан Дичин орчмын нутагт шанз хөгжим 700 гаруй жилийн тэртээ үүсч, дэлгэрсэн түүхтэй. Шашны зан үйл, баяр наадам тохиох бүрт шөнө дүлээр шанзны аялгуу энд тэндгүй эгшиглэж, хүмүүсийн сэтгэлийг татдаг байсан гэнэ. Харин өдгөө, хэдэн зуун жил өвлөгдсөн ардын уламжлалт хөгжим мартагдахад хүрээд байна.

Түвд, Лису үндэстний дөрвөн залуу нийлж "Шангрила" хамтлаг байгуулснаар энэхүү ардын хөгжим дахин сэргэж, хүмүүсийн анхаарлыг татах боллоо. Хамтлагийн 4 залуу бүгд Дичин нутгийн ардын дуу бүжгийн чуулгын дуучид. Түвд, Лису үндэстний ардын дууг ямар ч хөгжимгүй аялгуулан дуулсан олон арван бүтээлтэй.

2005 онд Дичин нутгийн ардын дуу бүжгийн чуулгынхан Европт аялан тоглолт хийх үеэр эдгээр залуус түр хамтлаг байгуулж, үндэстнийхээ уламжлалт дуу хөгжмөөс үзэгчдэд толилуулсан байна. Санамсаргүй, гэнэтийн тоглолт нь гадаадын үзэгчдийн сонирхолыг ихээр татаж, тэдний халуун алга ташилт уран бүтээлчдэд урам зориг хайрлажээ. Дараа нь тэд "Сартай шөнө" дуугаараа нутгийн залуу дуучдын тэмцээний тэргүүн шагналыг хүртэж, улмаар ардынхаа уламжлалт хөгжмийн өвийг залгамжлах хүсэлтэй болжээ.

 

Тус хамтлагийн дуучин, хөгжмийн найруулагч, Лису үндэстэн Фэн Юэ Хун: "Дичин нутаг ардын хөгжмийн их өв сантай. Бид ардын хөгжмийн тухай маш олон материал цуглуулсан. Ардын хөгжмийн өв ардын дунд өвлөгдөн үлдэх учиртай. Гэтэл сүүлийн үеийн залуус үндэстнийхээ үг хэлийг ч мартаж байгаа тул эдгээр өнө эртний соёл, уламжлал аажим аажмаар устахад хүрээд байна. Бид эдгээр уламжлалт өв соёлоо өвлөн авч үлдэх юмсан гэж боддог" хэмээн ярьж байлаа.

Дичин нутагт 10 гаруй үндэстний цөөнх оршин суудаг. Тэдний хөгжмийн төрөл зүйл олон янз. "Шангрила" хамтлагийн зорилго бол зөвхөн архивт үлдсэн өв соёлыг уламжлах бус, харин зуун зуунаар өвлөгдөн ирсэн ардын амьд хөгжмийн урлагийг олон түмэнд хүргэх явдал юм. Тэд 2012 онд орон нутгийн захиргааны дэмжлэгээр "Шангрила" нэрт компани байгуулж, Дукизонг хэмээх эртний хотхонд үндэстний хөгжим сонирхогч, өвлөн залгамжлах хүсэлтэй хүмүүст зориулсан сургалтын төв нээсэн байна. Энэ нь ардын уламжлалт дуу хөгжмөөс суралцах хүсэлтэй хүмүүст маш том боломж олгосон байна.

 

Энэ тухай хамтлагийн гишүүн, Лису үндэстэн Юй Мин Хүй: "Үндэстнийхээ язгуур өв соёлыг хамгаалах, өвлөн хөгжүүлэх зорилгоор энэ компанийг байгуулсан. Улсаас сонгон шалгаруулсан олон ардын авьяастнууд авьяас чадвараа хөгжүүлж, уран бүтээлээ толилуулах газаргүй болж байна. Иймээс бид тайзныхаа ихэнх цагийг тэдэнд өгч, боломжийн хирээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Улсын болон мужийн биет бус соёлын өвийн залгамжлагчид хүссэн үедээ манай энд ирж тоглолт хийдэг" гэсэн юм.

Хүсэл мөрөөдөл өвөрлөсөн эдгээр залуус үндэстнийхээ уламжлалт өв соёлыг хадгалан хамгаалж, улам бүр хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж явна. Нутгийн зон олон, ахмад буурлууд, авьяас билэгтнүүд ч тэднээс илүү ихийг хүсэн хүлээж, үеийн олон залуус нь эрч хүч, урам зориг авч явна. Ийнхүү "Шангрила"-гийн залуус хамтын хүчин зүтгэлээр нутаг орныхоо мартагдах шахсан ардын дуу хөгжим, ялгуут сайхан эгшигээ алгуур алгуурхнаар хүмүүсийн сонорт дахинтай хүргэн, дуурсгаж явна.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе