• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Vinitaly 2016 Verona"

CRI       (GMT+08:00) 2016-05-11 08:58:57

"Vinitaly 2016 Verona" олон улсын усан үзмийн дарсны үзэсгэлэн тун саяхан Италийн Верона хотод болж өнгөрлөө. 50 дахь жилдээ зохиогдсон энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 141 орны 4100 компани нэгж оролцож, үзэсгэлэнгийн талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Усан үзмийн дарс сонирхогчид жил бүрийн 4-р сард дэлхийн өнцөг булан бүрээс Вирона хотыг зорин очдог. Үнэр амт, чанараар өөр өөр, янз бүрийн улс орон, бүс нутгуудын төлөөлөх чанартай төрөл бүрийн усан үзмийн дарснууд үзэсгэлэнд тавигджээ. Нутгийн хүмүүс баяр хөөртэй, нэг нэгэндээ амтат дарснаас хүндлэн барж байлаа. Дарсанд дуртай атлаа амархан согтдог зарим хүн олон янзын дарснаас амтлаад хөл нь гуйвж эхэлдэг нь тус үзэсгэлэнгийн хөгжөөнтэй дүр зураг болдог байна.

Энэ жил Виронагийн усан үзмийн дарсны үзэсгэлэнгийн 50 жилийн ой тохиож Италийн ерөнхийлөгч Маттарелла үзэсгэлэнгийн талбайд очиж тэрхүү арга хэмжээг дэмжсэн юм. Тэрээр "Усан үзмийн дарс бол манай Италичуудын зан чанарын бэлгэдэл, мөн Италийн соёл, амьдралын арга хэлбэрийн чухал илэрхийлэл юм. Верона хот Италийн усан үзмийн дарсны өдөрлөгийг сурталчлахын тулд хичээн зүтгэж байгаа явдал бол гүнзгий өөрчлөлт шинэчлэлийн эхлэл юм. Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, усан үзмийн дарсны үйлдвэрлэл, зах зээл, компани нэгжүүд, холбоотой аж үйлдвэрлэл зэргийг хамруулсан төдийгүй байгаль, бүс нутаг, хүнс ундааны соёлын харилцааг чухалчилж байна. Иймээс энэ үзэсгэлэн орон нутгийн шинж чанартай усан үзмийн дарс болон бидний соёлын харилцаа холбоог илүү харууллаа" гэсэн юм.

Маттарелла ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, Италичуудын усан үзмийн дарсны тухай ойлголт сэтгэлгээний урлаг болон хөгжжээ. Тэд усан үзмийн дарсыг хөрснөөс ургаж бий болсон гайхамшиг гэж үздэг. Бүтээгдэхүүний түүхий эд хаанахынх, ямар түүхтэй болохыг умартан усан үзмийн дарсанд нэг талын үнэлгээ өгдөггүй нь Италичуудын зан гэнэ.

Үзэсгэлэнд олон орны бүтээгдэхүүн оролцсон ч ихэнх нь Италийн орон нутгийн брэнд байлаа. Итали бол хамгийн олон төрлийн усан үзэм тарьдаг орон юм. Тус улсын олон бүс нутагт усан үзэм тарихаас гадна өөр өөрсдийн уламжлалт соорттой. Иймээс бүс нутгууд өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий дарс үйлдвэрлэнэ. 3000 жилийн өмнөөс дарс исгэж нэрсэн түүхтэй Италичууд дарсныхаа уламжлалт чанарыг хадгалахын зэрэгцээ интернет ашиглан худалдах зэрэг шинэчлэлээ түргэтгэж байна. Энэ тухай Италийн Хөдөө аж ахуйн яамны сайд Маризио Мартина: "Өнгөрсөн жил Италийн усан үзмийн дарсны үйлдвэрлэл Францаас давж, дахин дэлхийд тэргүүлсэн. Гэтэл хэрхэн зах зээлд улам илүү байр суурь эзлэх тухай миний бодож байгаа хамгийн дөт, үр ашигтай арга зам бол хил хязгааргүй интернет сүлжээнд түшиглэх явдал юм. Дижтал цаг эриний сорилт хүн болгонд холбоотой. Ийм ч утгаар Италийн Хөдөө аж ахуйн яам үзэсгэлэнгийн үеэр интернетийн мэргэжилтнүүд, дарсны үйлдвэрүүдэд зориулан харилцаа солилцоо өрнүүлэх арга хэмжээ зохион байгуулж, үүгээр дамжуулан байж болохуйц хамтын ажиллагааны боломж хайж байна" хэмээн ярьж байлаа.

Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр Алибаба группийн үүсгэн байгуулагч Жек Ма Веронагийн дарсны үзэсгэлэнд урилгаар оролцож, Италийн ерөнхий сайд Маттео Рензитэй Дэлхийн усан үзмийн дарсны онлайн худалдаа, борлуулалт, хөгжлийн асуудлаар ярилцжээ.

Ярилцлагын үеэр Маттео Рензи, бидэнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах шаардлага бий. Ингэж байж дэлхийн эдийн засагт давуу байр сууриа хадгалж чадна.Италийн ирээдүй Алибаба групптэй салшгүй холбоотой болсон. Дижитал технологи бидний эдийн засгийг бүхлээр нь өөрчилж байна. Алибаба бол дэлхийн хамгийн том цахим худалдааны индэр юм. Италичууд сүүлийн 20 жилд тус салбарт шинэчлэлийн олон боломжийг алдсан. Цахим бизнес, шинэчлэл бол бидний цорын ганц гарах гарц юм" гэсэн юм.

Итали улс усан үзмийн дарсны үйлдвэрлэлээрээ дэлхийд дахин тэргүүлж эхэлсэн ч түүний Хятадын зах зээлд эзлэх хэмжээ нь төдий л сайнгүй байна. Жек Ма, Алибаба групп "Италид үйлдвэрлэв" брэндийг Хятадын хэрэглэгчдэд төдийгүй дэлхий нийтийн хэрэглэгчдэд хүргэхээр хичээн зүтгэж байна. Алибаба групп хойшид жил бүрийн 9-р сарын 9-нд 99 T-mall олон улсын усан үзмийн дарсны баяр тэмдэглэнэ гэж хэлжээ. Жек Ма: "Бид 7 жилийн өмнөас 11-р сарын 11-ний худалдан авалтын баярыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны мөн өдөр 14 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа худалдлаа. Энэ оны 9-р сарын 9-нийг Алибаба групп усан үзмийн дарсны баяр болгон тэмдэглэх болно. Усан үзмийн дарсанд зориулсан худалдан авалтын баярын арга хэмжээ зохиох юм. Бид анх удаа Vinitaly үзэсгэлэнд оролцлоо. Италийн усан үзмийн дарсны Алибаба группийн нэр доорх худалдаа борлуулалтад эзэлж буй хэмжээ 6 хувь байгааг цаашид 60 хувь хүртэл нэмэгдүүлэх нь бидний энд ирсний зорилго юм" хэмээн ярьж байлаа.

Италийн усан үзмийн дарс 200 гаруй төрөл. Гэтэл энэ олон төрөл заримдаа толгой өвтгөх асуудал болдог. Олон төрөл зүйлийн дарсны брэнд дотроос хэрэглээ, эрэлт хэрэгцээний дагуу олон хүний таашаалд нийцэх цөөн хэдхэн төрөл зүйл тодрон гардаг нь зах зээлийн жам болжээ. Энэ тухай Верона үзэсгэлэнгийн Шанхай дахь хэрэг эрхлэх газрын дарга Симоне санаачилга дэвшүүлжээ.

Тэрээр: "Италийн усан үзмийн дарсны төрөл зүйлийг тоолоход хэцүү. Чанар, үнэ өртгийн харьцуулсан үзүүлэлт маш дээгүүр, өрсөлдөх чадвар сайтай. Хэрэглэгчиддээ Италийн усан үзмийн улаан дарснаас туршин хэрэглэхийг зөвлөж байна. Amarone, Baroro болон усан үзмийн дарсны дотроо маш алдартай Sassicaia, Ornellaia зэрэг брэндүүд байдгаас гадна Италид бас Sicilia, Sardinia арал зэрэг усан үзмийн өндөр чанартай дарс үйлдвэрлэдэг бүс нутгууд буйг ч анзаарч, Италийн үзмийн дарс яагаад дэлхийд чухал байр суурь эзэлдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр зарим Итали дарснууд нэг их алдартай биш ч харин чанарын хувьд маш сайн байдаг" гэсэн юм.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе