|
|
||
Хятадын Тяньжиний нэг тариачин эр луувангаа 100 юань хүргэж зардаг гэнэ. Түүний нэрийг Ли Шүгуан гэдэг. Ли Шүгуан Тяньжиний Шичин дүүргийн Шявө тосгоны хүн. Тэр нутагт шявө лууван буюу элсний лууван ургадаг. Хятад хэлэнд "Элсний лууван лийрээс илүү" гэсэн хэлц үг буй. Элсний лууван нимгэн хальстай, номин ногоон өнгөтэй бөгөөд газарт унангуут цангинан дуугарч хэмхэрдэг байна. Луувангийн 90 хувь нь газрын хөрсөн дээр ургадаг ч хөрснөөс хангалттай шим авна.
Шявө тосгоны 700 гаруй өрх айл элсний лууван тарьдаг. Элсний луувангийн нэрийг дурдахтай зэрэг нутгийн хүмүүс Ли Шүгуанийг дурсдаг. Ингээд тосгоны иргэдийн ярихыг сонсъё. Шявө тосгоны иргэн Ли Гүөжянь:
"Ли Шүгуан өөрийн гэсэн үзэл бодолтой, маш зоримог хүн. Түүний буянтай үйлсийн ачаар тосгоны иргэд бүгд баяжсан. Гэвч тэр өөрөө их мөнгө олж чадаагүй. Ли Шүгуан бол ёстой бор зүрхээрээ ажилладаг хүн" хэмээн ярьж байлаа. Харин тосгоны оршин суугч Фэн Жүнь: "Ли Шүгуан ямар ч юмыг урьтаж сэтгэдэг. Ер нь санаанд оромгүй юм олоод хийчихсэн байдаг. Их зоригтой, ажил хэрэгч хүн юм даа" гэсэн юм.
Тосгоных нь иргэд Ли Шүгуанийг зоригтой, шинийг санаачлагч хэмээн дуу нэгтэй магтдаг. Түүний олон жилийн ажил хөдөлмөрийн тухай түүний эхнэр Лю Жэньлин "Энэ явдал манай гэр бүлд их төвөг учруулсан, бодоход ч хэцүү санагдаж байна. Манай хүн луувангаа тарихын тулд аль байдгаа дуусгасан" хэмээн жаахан гомдолтой, санаа алдан ярьж байлаа.
10 жилийн өмнө Ли Шүгуангийн жилийн орлого 200 мянган юань байсан ч өндөр орлоготой ажлаа орхиод тосгондоо ирсэн гэнэ. Түүнийг бага байхад гэр бүл нь ядуу зүдүү байсан тул сургуулиа хаяад ажил хийжээ. Ли Шүгуан цуцаж, шантралгүй ажилладаг хүн. Хүнсний дэлгүүр, засварын газар, гуанз зэрэг янз бүрийн ажилд зүтгэсээр амьдарлаа өөд татжээ. Гэтэл нутгийнх нь хүмүүс Ли Шүгуанийг тосгондоо ажиллуулахаар ятгажээ. Хэдүүлээ гэрт нь очиж тосгоны даргын сонгуульд оролцохыг шалав. Үнэндээ тэр үед 200 мянган юаний орлоготой байсан Ли Шүгуан тосгондоо ажиллах тухай бодолгүй байв. Гэсэн ч тосгоноо бодоод тэдний үгэнд оржээ.
Ли Шүгуан: "Тосгондоо очоод харахад ёстой нүд халтирмаар, миний санаснаас ч дор байсан. Лууван зарагдахгүй байна гэж сонссон, гэвч ийм хүнд байдалд орсон гэж бодоогүй юм. Миний сэтгэл их эмзэглэсэн. Тэд луувангаа жалга руу бөөнөөр нь хаяж байсан" хэмээн ярьсан юм.
Тосгоны иргэдийнх нь арай гэж тарьсан лууван үнэ хүрэх нь бүү хэл, худалдаж ч авах хүн олдохгүй байгааг хараад тэрээр ихэд санаа зовж, тосгоны иргэддээ туслан луувангийн зах зээл олохоор шийджээ. 2006 онд Шявө тосгоны зөвлөлийн сонгуульд 1300 гаруй сонгогчоос 1200 гаруй хүний саналаар Ли Шүгуан тосгоныхоо дарга болов. Тэр сонгогдсоныхоо дараа хувийнхаа зардлаар, луувангийн зах зээл хайж эхлэв. Тэр за гэвэл ёогүй хүн. Гэргий нь аман дээрээ гомдолтой ч ажилд нь дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн гэнэ. Ли Шүгуан газар болгонд явж байж элсний лууван борлуулах арга олжээ. Үүний ачаар элсний лууван олдошгүй эрдэнэ болжээ.
Манж Чин улсын Тэнгэр тэтгэгч хаан Жяннан явах замдаа Шявө тосгоноор дайрчээ. Хиа нар нь түүнд тэр нутгийн лууванг өгөхөд Тэнгэр тэтгэгч хаан амталж үзсэнээ ихэд магтаж, "Элсний лууван" хэмээх нэр хайрласан гэдэг.
Элсний лууван борлуулагдахгүй байгаагийн гол шалтгаан нь хүмүүс энэ луувангийн үүсэл гарал, шим тэжээлийн тухай мэддэггүйгээс болсон гэж Ли Шүгуан боджээ. Тэр ном судар шүүрдэж дээрх домгийг олж мэджээ. Мөн элсний луувангийн тухай янз бүрийн мэдээлэл олов. Тэр элсний луувангийн сурталчилгаа хэвлүүлж, хөдөө аж ахуйн яармагуудаар элсний лууван сурталчилж явсаар маш олон хэрэглэгчийг татлаа. Түүний нэгэн түнш Ли Шүгуангаас бүр 2000 гаруй хайрцаг лууван авсан гэнэ.
Ли Шүгуан луувангаа танилцуулахын зэрэгцээ лууван тарих арга технологид шинэчлэл хийв. Хүлэмжийн дулаан, чийгшлийн хэмжээ, нарны гэрлийн тусгал зэргийг зохицуулсны үр дүнд улам шүүслэг, амтай лууван ургажээ. Мөн луувангийн амтыг баталгаажуулахын тулд жил бүр хаврын урь орохоос өмнө бүх луувангаа сугалж, хүйтэн агуулахад хадгална. Учир нь хаврын урь орсны дараа сугалсан луувангийн амт ихээхэн буурдаг гэнэ.
Ли Шүгуан агуулахдаа 1600 тонн элсний лууван хадгалж байна. 2010 онд түүний санаачлан байгуулсан хоршоололд 400 гаруй өрх хамрагджээ. Түүний удирдлагаар тосгоны иргэд баяжиж эхлэв. Төд удалгүй бас нэг төвөгтэй асуудал тулгарсан ньм элсний лууван олон нийтэд танигдаж борлуулалт сайжраад ирэхээр зах зээлд сайн муу янз бүрийн дууриамал лууван гарч ирэв. Өнгө амт нь ч өөр. Энэ нь хэрэглэгчдийн итгэлийг алдуулах учраас Ли Шүгуан нэг арга олж хүмүүсийг дахин гайхшруулжээ.
Луувангийн өнгө, иш үндэс, том жижиг нь тухайн луувангийн чанарт ихээхэн нөлөөлдөг гэнэ. Хэрэглэгчид лууванг хараад ялгаж сонгож чадахгүй бол яах вэ? Ли Шүгуан 4 сая юань зарцуулж луувангийн чанар шалгах төхөөрөмж авчжээ. Энэ төхөөрөмжөөр луувангийн нягтац, өнгийг тодорхойлдог бөгөөд шалгарсан луувангаа тэр дахин ангилж 4 зэрэглэлд хуваав.Хамгийн өндөр зэрэглэлийн лууван 1 кг орчим жинтэй, 8 см голчтой, 23 см урт байх ёстой. Нарны гэрэл хангалтай тусдаг, өдөр шөнийн дулааны зөрүү их газар онцгой зэрэглэлийн лууван ургана. Ийм лууван тэр бүр амархан олдохгүй.
Ли Шүгуан: "Ийм лууванг ширхгээр худалдах ёстой. Өндөр стандарт хангасан лууванг сонгоно гэдэг далайгаас сувд эрж байгаа мэт. Нэг га талбайгаас арваадхан ширхэг ийм лууван олддог. Бид ийм лууванг ширхэгийг нь 100 юаниар зарж байна" гэсэн юм. Ли Шүгуан луувандаа зэрэглэл тогтоож, 1 бүрийг нь 100 юаний үнэ хүргэж чадав. Энэ оны эхээр 100 юаний луувангаас нь 100 хайрцгийг худалдан авах захиалга иржээ.
Луувангийн чанарыг сайжруулахын тулд тэр тосгоныхоо тариачдыг цуглуулж хурал хийдэг бөгөөд луувангийн чихрийн хэмжээг тусгай аппаратаар шалгана. Үүний дүнд сайн луувантай өрхийн лууванг өндөр үнээр худалдан авч, эзэнд нь тэжээл бордоо бэлэглэдэг болов. Ийм арга хэмжээ авсны үр дүнд сайн чанарын лууван хураах боломж нэмэгдэж, тариачдыг сайн лууван тарих эрмэлзэлтэй болгожээ.
2015 онд Ли Шүгуанийн хоршоололд бүртгүүлсэн хүний тоо тосгоны хүн амын талыг эзэлж, өнгөрсөн оны 11-р сараас өнөөг хүртэлх хагас жилийн хугацаанд тус хоршооллын луувангийн борлуулалт 30 сая гаруй юань хүрчээ. Энэ нутгийн элсний лууван өдгөө Тяньжин боомтоор дамжин Япон, Зүүн Өмнөд Ази, Хонконгын зах зээлд гарч байна.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |