|
|
||
АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Бушийг брокли буюу цэцэгт байцайд дургуй байсан гэлцдэг. Тэгвэл броклид дуртай ерөнхийлөгч байдаг болов уу? Өөрийгөө броклид дуртай гэж олон нийтэд зарласан хүн бол АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама юм. 2013 онд Америкийн Цагаан ордонд хүүхдүүд "Эрүүл хүнс" хэмээх арга хэмжээ зохиожээ. Арга хэмжээний үеэр Барак Обама тэднийг дэмжиж асуултад хариулахыг зөвшөөрсөн юм. Түүнээс "Таны хамгийн дуртай хүнс юу вэ?" гэж асуухад Обама "брокли" хэмээн эргэлзэлгүй хариулсан гэдэг.
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Америкийн сургуулиудын "Таргалалтын эсрэг" болон "Эрүүл хүнс" спортын арга хэмжээний элчийн хувьд лууван зэрэг хүнсний ногоог хүүхдүүдэд сурталчилсаар ирсэн. Тийм ч учраас тэр мөчид Барак Обама өөрийгөө гамбургерт дуртай гэдгээ шууд хэлчхэж болоогүй биз ээ. Үнэн хэрэгтээ Обамагийн хамгийн дуртай хоол бол гамбургер гэдгийг олон хүн мэднэ. Тэр эрхэм ерөнхийлөгч байтлаа Цагаан ордны ойролцоох бургерийн газрын байнгын үйлчлүүлэгч бөгөөд бусдын адил дугаарлан зогсож үйлчлүүлээд төлбөрөө өөрөө хийж, цайны мөнгөнд 5 доллар өгдөг гэнэ. Заримдаа дэд ерөнхийлөгч Жосеф Бедентэй хамт ирж үйлчлүүлээд төлбөрөө тус тусдаа хийж, ажилтнууддаа бургер авч өгдөг байна.
Барак Обама бургерээс гадна хотдог, хавайн пиццад дуртай. Тэр халуун ногоо, махтай жанг байнга хэрэглэдэг бөгөөд гэртээ өөрийн гараар жангаа хийнэ. "Аавын хийж чаддаг ганц хоол нь халуун ногоо, махтай жан" гэж охин нь ам алдаж байсан удаатай юм .
АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Рузвельт хотдог идэх дуртай байсан тул хүмүүс түүнийг "Хотдогтой дипломат харилцаа тогтоосон" гэж хошигнодог байжээ. Түүнээс 71 жилийн дараа ерөнхийлөгч Барак Обама ийнхүү "Гамбургертэй дипломат харилцаа тогтоосон" нь хүмүүсийн ярианы халуун сэдэв болсон юм.
2011 онд Барак Обама тухайн үеийн Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хэлэлцээ хийж байхдаа нэг өдөр Цагаан ордонд биш харин "Rey's Hell" хэмээх жижигхэн бургерийн газар үдийн зоог барьсан гэдэг. Обама бургер, бяслаг, бөөрөнхий сонгино, улаан лооль, давсалсан өргөст хэмх, нэг аяга улаан цай захиалсан бол Медведев бургер, бяслаг, бөөрөнхий сонгино, мөөг, мексикийн халуун чинжүү, кока кола захиалж, шарсан төмсөө дундаа авчээ. Барак Обама сурсан зангаараа цамцныхаа ханцуйг шамлан чөлөөтэй сууж, Медведев жентелмэн маягаар цэх суун хооллосон гэнэ. Тэд орчуулагчаар дамжуулан ярьж үе үе хөхрөлдөн сууж хооллосны дараа төлбөрийг нь Обама хийгээд хамт гарч явжээ.
Тэр бол Обамагийн байнга зочилдог бургерны газар юм. Улс төрийн тоймчид "Обама нөгөө этгээддээ эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд хамт бургер иддэг хэмээн үздэг бол Францын мэдээний агентлаг: "Обама "гамбургерийн дипломат харилцаа"-аар дамжуулж хоёр орны харилцаа сайжирсныг харуулдаг" гэжээ. Гэвч интернет ашиглагчид, "Энэ нь хүндэт зочноо арай дорд үзсэн хэрэг биш үү?" хэмээн сануулдаг юм байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Рузвельт Английн хааныг хотдог, шар айргаар дайлсан бол өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама Оросын ерөнхийлөгчийг ийнхүү гамбургер, колагаар зочилж байжээ.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |