• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Перс хивс

CRI       (GMT+08:00) 2016-05-11 09:08:49

Перс хивс бол Ираны хамгийн алдартай гар урлалын бүтээгдэхүүн юм. Чанар сайтай, хийц, нэхэх арга нь тун өвөрмөц тул эрт цагаас дэлхий дахинд алдаршжээ. Перс хивсний гар үйлдвэрлэл 2500 жилийн түүхтэй. Нэхэх түүхий эдээ зөвхөн байгалийн ургамал, чулуунаас гаргаж авсан будгаар буддаг тул өнгөө алдахгүй. Перс хивсний бас нэг онцлог нь мод ургамал, геометрийн зураг дүрсээр хээлэх явдал юм.

Иран улсын Исфахан, Нэйн, Күүм, Бижар, Табриз, Кашан, Машхад, Керман зэрэг олон нутагт хивсний үйлдвэрлэл ихэд хөгжжээ. Тегеран хотын төвд 1978 онд байгуулагдсан Хивсний музейд өөр өөр түүхэн цаг үед нэхсэн хэдэн зуун хивсээр үзэсгэлэн гаргасан байна. Ихэнх нь хонины ноос, хөвөнгийн утсаар нэхсэн, гойд сайхан хээтэй, өндөр технологиор урласан хивс юм. Үзэсгэлэнд тавьсах цөөнгүй хивс 100-200 гаруй жилийн настай атлаа өнгө будаг, хээ угалз нь тод хэвээрээ байна.

Перс хивс эртний Перс орны урлаг соёлыг уламжилсан тул дан ганц хэрэглээний бүтээгдэхүүн төдийгүй, урлагийн бүтээлийн шинж чанартай болсон юм. Дэлхийн олон орны орд харш, алдартай барилгууд, урлагийн галерей, музейд Перс хивсийг ховор үнэт зүйл хэмээн эрхэмлэн хадгалж байна. Шанхайд болсон Дэлхийн экспогийн үеэр Иран улсын павильонд технологийн өндөр түвшинд бүтээсэн олон янзын перс хивсээр үзэсгэлэн гаргаж байсан юм.

Перс хивс 2000 гаруй жилийн түүхтэй гэдэг боловч чухам хэзээнээс үүссэн тухай хэд хэдэн хувилбар санал бий. Зарим нь анх IV-V зуунд гар аргаар хивс нэхэх болсон гэдэг бол зарим нь XI зууны үед хивс нэхэх аргыг нээсэн гэж үздэг. Гэвч XVI зуунд хивсний урлал өндөр хөгжиж, чамин тансаг хээ, уран нарийн хийцтэй хивс бүтээж байсныг археологийн олдвор гэрчилжээ. Тэр үед Исфахан, Табриз, Керман зэрэг нутаг хивсний үйлдвэрлэлээрээ алдаршсан байна.

Эртний Перст "Исфахан бол дэлхийн тэн хагас" гэсэн хэлц үг байжээ. Далайн түвшнээс дээш 1600 метр Ираны өндөрлөгт орших Исфахан бол эртний түүх соёлтой хот. XVII зууны үед Персийн хаан нийслэлээ энд нүүлгэн шилжүүлж, Персийн хивсний үйлдвэрлэл алтан үедээ орсон гэдэг. Тэр үед дэлхийн хамгийн сайн хивсийг Исфаханд нэхдэг байсан бөгөөд Персийн хааны ордон, Европын хаадын орд харшид газарт дэвсэх буюу ховор нандин зураг мэт ханандаа өлгөдөг байв.

XVII зуунд перс хивсний гар үйлдвэрлэл буурсан хэдий ч XIX зуунд Өрнөдийн орнуудын хивсний хэрэглээ нэмэгдэж, ялангуяа Табризын хивсийг Европт экспортлох болжээ. Энэ үед хивсний гар үйлдвэрлэл, арилжаа сэргэн хөгжиж, перс хивсний нэр алдар дахин дэлхий даяар түгэн дэлгэрчээ. XXI зуунаас хойш хивсний зах зээлд Ираны перс хивс чухал байр суурь эзэлсээр байгаа бөгөөд Исфаханд үйлдвэрлэсэн хивс хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог байна.

Сайн чанарын Перс хивсийг 100 хувь байгалийн түүхий эд ашиглан гар аргаар нэхдэг. Бүгдийг хонины ноос, хөвөн, торгон утсаар нэхдэг тул эрүүл мэндэд харшлах ямар ч химийн бодис агуулдаггүй. Бас нэгэн гайхамшиг нь хээ угалзаар бүрмөсөн ижил хоёр хивс байддаггүй. Тиймээс хивсний үнэ өртөг улам өндөр болдог. Хивс хэдийчинээ урт настай байна, төдийчинээ үнэ хүрдэг. Иранд айл болгон хивс хэрэглэнэ.

Хивс машинаас үнэтэй гэж хивсний дизайнер Majid Shamaeizadeh манай сурвалжлагчид ярьжээ. Тэрээр: "Иранд айл бүхэн дор хаяж нэг перс хивстэй. Хивсний үнийг юаниар тооцвол хэдэн мянган юань. Бүр хэдэн сая юань хүрдэг хивс ч бий. Ийм үнээр хүмүүс заримдаа нэг сайн машин авахад ч хангалттай. Гэхдээ перс хивсийг машинаас үнэтэй гэж би боддог. Учир нь хивсний үнэ нэмэгдэнэ, харин машины үнэ нэмэгдэхгүй. Иранд айл болгон хивстэй байдгийн бас нэг шалтгаан нь хүмүүс ширээ хэрэглэхгүй, газар сууж хооллодог юм" гэсэн юм.

Перс хивсийг гар аргаар нэхэхийг хамгаас илүү чухалчилна. Гараар нэхсэн перс хивс олон зуун жил тэсдэг. Хивс нэхэх үйлдвэрлэлийн арга хөгжөөд машинаар олон тоогоор нь нэхдэг болсон ч нэг перс хивсийг гараар нэхэж бүтээхэд хэд хэдэн уран нэхмэлчин хэдэн сараар, бүр хэдэн жилийн хүч хөдөлмөр зарцуулан бүтээдэг байна.

Иранчууд сайн хивс бүтээхдээ өнгөний зохицлыг эрхэмлэнэ. Перс хивсэнд хэрэглэх түүхий эдийг гол төлөв хөдөө тосгон, уулархаг нутгийн ургамлыг зүйлийг ашиглан буддаг. Ийм аргаар бүтээсэн өвөрмөц өнгө нь хивсний үнэ өртөг нэмэгдэхэд чухал хүчин зүйл болно. Хэдийчинээ олон төрлийн өнгө зохицуулан хэрэглэнэ, тухайн хивсний үнэ өртөг төдийчинээ өндөр болно. Үзэсгэлэнд тавигдах дээд зэрэглэлийн хивсийг бүтээхэд 250 төрлийн өнгө будаг хэрэглэдэг гэнэ. Перс хивсний будаг найруулах, будах арга ухаан зүйрлэшгүй өндөр түвшинд хүрчээ.

Байгалийн түүхий эдээр бүтээсэн перс хивс өнгөө алддаггүй. Иран хонины ноос хар, бор, шар, шарангуй зэрэг олон янзын өнгөтэй. Хонины ноосыг будахдаа гол төлөв ургамлын үндэс, иш, хальснаас гаргаж авсан будаг хэрэглэнэ. Тухайлбал, анарын хальснаас цэгээн шар өнгө, тоорын хальснаас хүрэн өнгө, харин нэгэн зүйлийн шавьжнаас улаан өнгө гаргаж авдаг байна.

Зариман бол 110 гаруй жилийн түүхтэй хивс арилжах компанийн 6 дахь үеийн өв залгамжлагч юм. Урьд эдний компани голдуу Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг байсан бол Зариман хивсний арилжаагаа Шанхайд эрхлэх болжээ. Зариман перс хивс болон дэлгүүрийнхээ тухай: "Би 2012 онд Шанхай хотын Чинпу дүүрэгт 350 ам дөрвөлжин метр талбай бүхий дэлгүүрээ нээсэн юм. Одоо манай дэлгүүрт Иранаас авчирсан 400 гаруй хивс бий. Перс хивс хоёр төрөл байдаг. Нэг нь, хүмүүс гэртээ гараар нэхсэн хивс, нөгөөдөх нь үйлдвэрийн хивс. Үйлдвэрийн хивсийг босоо том машин ашиглаж нэхдэг. Ийм аргаар маш өргөн, урт хивс нэхэж болно. Харин малчин айл өрхийн хивс нэхэх арга нь ондоо. Газар дэлгэж, жижиг оврын төхөөрөмж ашиглан нэхнэ. Жижиг оврын гар машин хэрэглэхэд тун амархан. Дэндүү том бол хөдөлгөж шилжүүлэхэд төвөгтэй байдаг. Иймээс айлуудын нэхсэн хивс том биш, урт нь 2.5-3.5 метрээс хэтрэхгүй" хэмээн ярьж байлаа.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе