• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

В.Путин шууд нэвтрүүлэгт оролцов

CRI       (GMT+08:00) 2016-05-11 09:11:00

Энэ сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин телевизийн шууд нэвтрүүлэгт оролцон, 3 цаг 40 минутын хугацаанд ард иргэдийнхээ сонирхсон 80 асуултад хариулжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин 2001 оноос эхлэн жил бүр телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, ард иргэдийн сонирхсон асуултад хариулдаг. Энэ удаад 14 дэх жилдээ тус нэвтрүүлэгт оролцжээ. 3 цаг 40 минутад нийт 80 асуултад хариулсны ихэнх нь Оросын эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг иргэдийн амьжиргаатай холбоотой асуулт байлаа.

Энэ жилийн шууд нэвтрүүлгийн анхны асуулт: "Владимир Владимрович, та сайн байна уу? Намайг Екатерина гэдэг. Би Омскийн хүн. Бидэнд тулгамдаж буй асуудлаа ярих гэсэн юм. Манай орон нутгийн зам эвдрээд энд тэндгүй нүх гарсан. Хүмүүсийн машин эвдэрч, тэр байтугай дугуй нь салж унаж байна. Гэтэл орон нутгийн захиргаанаас арга хэмжээ авах ямар ч шинж алга" гэсэн асуулт байлаа. Ер нь энэ нэвтрүүлэгт тавьсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж өгдөг юм байна. Энэ жилийн хувьд ч мөн адил. Омскийн захиргаанаас бүр нэвтрүүлэг дуусаагүй байхад утасдаж 5-р сарын 1-нээс өмнө тэр замыг засаж тэгшилнэ гэдгээ мэдэгдсэн гэнэ .

Энэ жилийн хувьд 4-р сарын 7-ны үүрээс ерөнхийлөгчтэй холбогдож ярих зүйлээ утсаар хэлэх, мессеж бичих, албаны сайт, нийгмийн сүлжээнд үг үлдээх зэрэг арга замаар дамжуулжээ. Хэвлэл мэдээллийн арга хэлбэр өөрчлөгдөхийн хэрээр асуулт цуглуулах арга зам ч улам өргөжиж байна. Энэ жил сайтад видео бичлэг тавих, эсвэл бичлэгээр шууд нэвтрүүлэгт оролцох зэрэг арга хэлбэрээр асуулт тавих боломж бүрдүүлсэн юм. Энэ удаа давхардсан тоогоор нийт 2.3 сая асуулт хүлээн авснаас 80 асуултад нь хариулжээ.

Энэ нэвтрүүлэгт хүмүүс янз бүрийн асуулт тавьснаас гадна хүүхдүүд ч идэвхтэй оролцож байлаа. 11 настай Анжела: "Хэрэв Алтан загасны үлгэрт гардаг шиг гурван хүслээ биелүүлэх боломж гарвал та юу юу хүсэх вэ?" гэж асуухад Путин: "Хүсэл мөрөөдлөө үлгэрт даатгах хэрэггүй. Харин өөртөө найдаж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй" гэжээ.

Ийнхүү хүүхдүүд хөөрхөн хөөрхөн асуулт тавьж нэвтрүүлгийг улам хөгжилтэй болгож байлаа. Нэг охин улс орны тэргүүлэгчидтэй холбоотой сонирхолтой асуулт тавьж ерөнхийлөгчийг сандаргасан юм. "Ноднин та хэрэв Обама усанд унавал би түүнийг аврана гэж ярьж байсан. Одоо Порошенко, Эрдоган нар усанд унавал та хэнийг нь түрүүлж аврах вэ гэж 12-той охин Валя Кузнецова асууж байна" гэхэд Путин: "Валя, чи намайг хүнд байдалд оруулж байна шүү. Би бүр яаж хариулахаа мэдэхгүй болчихлоо. Хүндрэл бэрхшээл тохиолдсон улс орны тэргүүлэгчдэд туслахад Орос улс бэлэн байна. Гэхдээ хамгийн гол нь тэд тусламж авах хүсэлтэй байх хэрэгтэй л дээ" гэсэн юм.

Путин ард иргэдтэйгээ шууд ярилцдаг энэ нэвтрүүлгийг олон улсын хэвлэл мэдээллийнхэн маш их анхаардаг. Учир нь Путин энэ нэвтрүүлгээр дамжуулж, дотоодын олон асуудлаа ярих төдийгүй олон улсын болон бүс нутгийн маргаантай асуудал, Оростой холбоотой чухал чухал сэдвийг хөндөж ярьдаг. Тухайлбал, Сирийн болон Украйны асуудал, хөрш орнууд хоорондын харилцааны тухай байр сууриа тодорхойлдог юм.

Нэгэн оролцогч " Оросын армийн үйл ажиллагаа "Исламын улс" хэмээх хэт даврагч бүлэгт хүчтэй цохилт өгсөн. Одоо манай ихэнх цэрэг буцсан. Исламын улсад шинэ толгойлогч гарч ирэх болов уу?" гэж асуухад "Терроризмын асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэртэй алхам хийхгүй бол иймэрхүү заналхийлэл урт удаан хугацаанд орших болно. Одоогоор Ойрх Дорнод, Ази, Америк, Европын олон орон, бүс нутаг терроризмын аюул заналд өртөж байна. Манай ихэнх цэрэг Сириэс гарсан ч үлдсэн цэргүүд Сирийн засгийн газрын цэрэгт туслан, довтолгоо хийж болно гэдгийг онцлох шаардлагатай. Талууд хэлэлцээр хийж, шинэ үндсэн хууль баталж, сонгууль явуулахыг хүсэж байна" гэсэн юм.

Энэ оны сүүлийн хагаст болох Оросын ДУМ-ын сонгуулийн талаар Путин "ДУМ болоод бусад байгууллагын сонгуульд Оросын нэгдлийн нам буюу Единая Россия ямар ч онцгой эрх эдлэхгүй. Хүмүүс Единая Россия, эсвэл өөр нэг намыг дэмжиж саналаа өгөхдөө сонгогчийн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Тэгж байж бид улс оронд шаардлагатай засгийг бүрдүүлж чадна" хэмээн ярьж байлаа.

Оросын эдийн засгийн тухай Путин өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлээд "2017 онд Оросын эдийн засаг 1.4 хувиар өсөх боломжтой. Дотоодын үйлдвэрлэлийн нийт өртгийг тогтвортой өсгөж, засгийн газар эдийн засгийн хямралд өртсөн аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ" гэжээ.

Путин ийнхүү ямар ч бэлтгэлгүйгээр телевизийн шууд нэвтрүүлгээр 3 цаг гаруй тасралтгүй ярьж, 80 асуултад хариулан, ард түмэндээ шалгалт өгөхдөө итгэлтэй байгаагаа харууллаа. Ерөнхийлөгч нь итгэлтэй болохоор ард иргэдэд ч итгэл төрдөг байх гэж шинжээчид үзэж байна.

Иргэд шууд нэвтрүүлэгт утсаар холбогдож янз бүрийн сонирхолтой асуулт тавьдаг бөгөөд Путины хувийн амьдралтай холбоотой асуулт жил бүр тасардаггүй юм байна. Оросын ард иргэд түүний гэр бүлийн талаар сэтгэл зовнидог гэнэ. Энэ удаагийн шууд нэвтрүүлгээр, олон хүн "Тэргүүн хатагтайг хэзээ танилцуулах вэ?" гэсэн асуулт ирүүлсэн бөгөөд Путин ард иргэддээ хандан "Хэзээ нэгэн өдөр та нарын хүсээд байгаа энэ асуудлыг биелүүлэх байх аа" хэмээн хариулжээ. Путин хойтон жилийн шууд нэвтрүүлгээр энэ асуултын хариуг өгөх болов уу?

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе