|
|
||
Дэлхийн ховор амьтдын жагсаалтад зүй ёсоор бичигдсэн Жөү Хуань буюу Улаан өрвөлдэй шувууг Хятад улс амжилттай өсгөж үржүүлж байна. Улаан өрвөлдэй Хятад, Япон, Солонгосын хойг, Оросын Алс Дорнодын бүс нутагт амьдардаг. XX зууны сүүлийн хагасаас хойш, хүний буруутай үйлдлээс болж Улаан өрвөлдэйн амьдрах орчин муудаж, тархалтын бүс нь огцом багасаж, тоо толгой нь ч ихээр хорогдсон байна.
1960 онд Дэлхийн шувууны төрөл зүйлийг хамгаалах холбоо олон улсын "зайлшгүй хамгаалах" шувуудын жагсаалтыг гаргасан бөгөөд үүнд улаан өрвөлдэй шувуу багтжээ. Мөн 1994 онд Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо "Олон улсын устах шахсан амьтдын стандарт" баталж, улаан өрвөлдэйг "Устах шахсан амьтан"-ы жагсаалтад оруулжээ.
1980-аад оны эхээр Хятадын Шанши мужид улаан өрвөлдэй ердөө долоохон байгааг илрүүлж, түүнээс хойш тус шувууг улсын хамгаалалтад авч, өсгөж үржүүлэхэд багагүй хүч хөдөлмөр зарцуулжээ. Тухайлбал, 2000 оны эхээр Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр улаан өрвөлдэйн төрөл зүйлийг хамгаалж, үржүүлэх зорилгоор 46 мянга 800 га талбай бүхий хамгаалалтын бүс байгуулсан байна.
Хамгаалалтын бүсийн уур амьсгал дулаан, чийглэг. Ойн экологийн орчин сайн зэрэг газар нутгийн давуу талаараа Хятадын гол гол төрөл зүйлийн шувуудын оршин амьдрах таатай газрын нэг болжээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улаан өрвөлдэй өсөж үржин өдгөө 2000-д хүрч, Хэнань, Жэжян мужаар тархан суурьшжээ.
Бид 2007 оноос улаан өрвөлдэйг тууштай өсгөж үржүүлж байна гэж Шинь-Ян хотын байгаль хамгаалах бүсийн Бай Юнь өртөөний дэд дарга Хуан Жишүэ ярьж байлаа. Тэрээр: "2007 оны 3-р сард Ойн аж ахуйн үндэсний газар Бээжингийн амьтны хүрээлэн болон Япон улсаас нийт 17 улаан өрвөлдэйг авчирсан. Энэ бол Шаньши мужаас гадна улаан өрвөлдэйг хамгаалалтын бүсэд нутагшуулж буй анхны судалгааны газар юм" хэмээн ярьж байлаа.
Улаан өрвөлдэй 3-6 дугаар сард хээл авч, жилд 1 удаа 3-4 өндөг гаргана. Өндгөө 3 сар тээж, гаргасан өндгөө 28 хоног дарна. Эмэгчин нь өндгөө дарж байгаад өлсөж ядрахаар эрэгчин нь ирж дарна. Энэ хооронд эмэгчин нь хоол тэжээл эргүүлнэ. Ийнхүү эрэгчин, эмэгчин хоёр сар шахам зүтгэсний хүчинд дэгдээхийтэй болно. Гэвч 1-2 нь л амьдрах чадвартай байдаг. Үржил удаан, байгальд дасан зохицох чадвар муу учир тоо толгой нь ихээр хоргодсон байжээ.
Улаан өрвөлдэйг нутагшуулан үржүүлэх зориулалтын торон хашааг 2012 онд ашиглалтад оруулжээ. Нийт талбайн хэмжээ нь 2800 ам метр. Харин өндгийг зориулалтын халаагууртай шилэн хоргонд тусгай аргаар дарж амжилттай бойжуулж иржээ. Энэ талаар Хуан Жишүэ: "Бид 2008 оноос өндгийг тусгай аргаар дарж эхэлснээс хойш 2015 он хүртэл 172 дэгдээхий бойжууллаа. 2013 оны 10-р сард Хэнань мужийн Дүн Зай хамгаалалтын бүсээс улаан өрвөлдөйг анх удаа байгальд тавьсан" гэсэн юм.
Улаан өрвөлдэйг зүгээр нэг өсгөж үржүүлдэггүй. Хэсэг хугацааны дараа эх байгальд нь тавьж нутагшуулдаг байна. Байгальд тавих шувууг хамгаалалтын хашаанд 3-6 сарын хугацаатай дасгаж, сургана. Жижиг гол горхи, нуур цөөрмөөс загас жараахай, мод зүлгэн дээрээс өт, царцаа зэрэг хоол тэжээлээ хэрхэн олж идэх, өндөр модон дээр хэрхэн амарч, хоноглох гээд тэдэнд сурах зүйл их бий. Түүгээр ч зогсохгүй тэдний нисэх чадварыг сэргээж, биеэ хамгаалах, цаг агаар муутай үед тэсвэр тэвчээртэй амьдрах арга ухаанд сургана. Тавьсан шувуугаа зүгээр орхихгүй байнга хяналтад байлгана.
Энэ талаар Хуан Жишүэ: "Бид шувуунхаа хөлд мэдрэгчтэй тэмдэг уяж тавьдаг. Түүгээр дамжуулан алсын удирдлагатай радио долгион ашиглан байгальд тавьсан шувуудаа байнгын хяналтанд байлгадаг. Тэдний хойноос дагаж хаана хэд нь байна, хэд нь байгальдаа зохицож, хэд нь өвдөж, хэд нь сураггүй болов гэх зэргээр нарийн судалгаа гаргана. Нисгэх явцад бэрхшээлтэй асуудал их тулгарна. Ер нь л их ярвигтай ажил. Хүн хүч их шаардагдана" хэмээн ярьж байлаа.
Улаан өрвөлдэйг хамгаалалтад авч үржүүлж эхэлснээс хойш 3 удаа, нийт 80 шувууг эх байгальд нь тавьжээ. Анх 2013 оны 10-р сард 34 шувуу нисгэсэн бол 2014 оны 8-р сард 26, 2015 оны 11-р сар 18 шувуу нисгэжээ. Хяналт шинжилгээний дүнд өвчилсөн шувууг цаг алдалгүй эмчилж эдгээнэ. Гурван удаа нийт 78 шувууг байгальд тавьснаас одоогоор 44 нь хяналтад байна. Харин 13 шувуу үхэж, бусад нь сураггүй болжээ. Өнгөрсөн оны байдлаар байгальд тавьсан тэдгээр шувуудаас 7 хос нь өөр өөр орчинд дэгдээхийгээ дагуулан амьдарч өсөж үржиж яваа гэнэ.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |