|
|
||
20160524modonzav004.mp3 |
ХӨТ: Тайландын өмнөд нутгийн Ко Липе арал бол олны хөл хөдөлгөөнөөс зайдуу, гайхамшигтай сайхан байгальтай газар юм. Далайн ус нь тунгалаг бөгөөд гүн цэнхэр, эрэг нь цайвар саарал элстэй тул жуулчид олноор ирж, Ко Липе хэдхэн жилийн дотор Тайландын аялал жуулчлалын алдартай газруудын нэг болжээ. Арлын уугуул оршин суугчид жилд хоёр удаа модон завины уралдаан зохион байгуулж, баяраа өвөрмөц маягаар тэмдэглэнэ. Энэ баяр Ко Липе арлын аялал жуулчлалын онцлог төдийгүй бэлгэ тэмдэг болсон гэнэ. Ингээд ХОУР-гийн сэтгүүлч Рэнь Чяний Тайландын Ко Липе арлаас бэлтгэж ирүүлсэн мэдээллийг хүргэе.
ХӨТ: Жил бүрийн 5-р сараас Ко Липе арлын аялал жуулчлал оргил үедээ орж, жуулчид олширдог. Харин 10-р сарын сүүлээр сэрүү унаж, хүмүүсийн хөл татарна. Малайзын алдарт Лангкави арлаас ойрхон орших энэ жижиг аралд очиход тийм ч хялбар биш. Бангкокоос нисээд Тайландын өмнөд нутгийн Сонгкла хотод газардана. Тэндээсээ хоёр цаг хэртэй машинаар яваад, дахин моторт завинд сууж хоёр цаг аялна. Онгоц, машин, завь сэлгэж хэдэн цагийн турш давхиж ядарсан жуулчид завинаас буух агшинд нүдний өмнөх гайхамшигтай үзэмжийг хараад дуу алдан, хамаг бухимдал, алжаал ядаргаагаа умартдаг гэнэ шүү.
ХӨТ: Ко Липе арлын эргэн тойрны далайг ажиглавал, эргийн ойролцоо ногоовтор, цаашлах тусмаа гүн ногоон болно. Далайн ус түүнээс цааш номин цэнхэр, цаашлах тусмаа гүн хөх өнгөтэй харагдана. Тэндхийн усны өнгө хэнд ч болов гүн сэтгэгдэл төрүүлдэг. Далайн хөвөөнд аргамжаатай хэдэн арван завь тогтож ядан дайвалзах нь тосон будгийн зураг мэт.
ХӨТ: 10 жилийн өмнө энд ирж Ко Липе арлын цорын ганц хийдийг үүсгэн байгуулсан лам "Энд харийн хүн гэж байгаагүй. Орчин үеийн дэд бүтэц ч байгаагүй. Ко Липе арал 10 жилийн дотор маш хурдан өөрчлөгдөж, аялал жуулчлалын газар болсон" хэмээн ярьж байлаа.
"Аравхан жилийн өмнө намайг Бангкогоос ирэхэд энд юу ч байгаагүй. Дуу чимээ, хөл хөдөлгөөнгүй аглаг зэлүүд газар байсан. Арлын уугуул оршин суугчдаас өөр хэн ч байгаагүй гээд бод доо. Тэр үед ус, цахилгаан байхгүй. Булгийн уснаас ууж, далайн усаар угаадаг байлаа"
ХӨТ: Манай арал дээр дэд бүтэц, аялал жуулчлал хөгжиж, олон өөрчлөлт гарахыг нүдээр үзлээ. Үүний зэрэгцээ бид маш олон зүйлээ алдсан гэж арлын уугуул оршин суугч Патчари ярьж байлаа.
"Энд харь нутгаас ирсэн тай хүмүүс олширчээ. Тэд арлын уугуул иргэдээс хамаагүй олон болсон. Урьд энд тай хүмүүс байдаггүй байлаа. Тэд ердөө гурав, дөрвөн жилийн өмнөөс эхлэн олширч, арлын уугуул иргэдээс газар түрээслэн авч амралт буудлын газрууд байгуулсан. Байгалийн паркийн удирдах зөвлөлийнхөн бидэнтэй зөрчилтэй байгаа. Тэд, энэ газар шороо уугуул оршин суугчдад хамаагүй, төв захиргаанд харьяалагдана гэж үзэж байна"
ХӨТ: Газар шороогоо янз бүрийн хэмжээгээр түрээслүүлэх, худалдах үйл ажиллагааг дагаад арлын уугуул оршин суугчид газраа бага багаар алдаж, цөөнгүй хүн аргагүй байдалд орсны уламаас далайн эрэг дэх байр сууцаа орхин, арлын төв рүү нүүн шилжиж байна. Гэсэн хэдий ч аялал жуулчлал хөгжих тусам маш олон уугуул оршин суугчид загас агнахын хажуугаар аялал жуулчлалын ажил үйлс эрхлэх болжээ.
ХӨТ: Жил бүрийн 5, 10 дугаар сард Ко Липе арлын Ура Кравой овгийнхон модон завины баяр наадам зохиодог нь арлын оршин суугчдын хамгийн чухал баяр ёслол төдийгүй бэлгэ тэмдэг болжээ.
ХӨТ: Модон завины баярын эхний өдөр уугуул оршин суугчид арлын хойд хэсгийн мөргөлийн газар хуран цуглаж, лус савдагтаа мөргөн, идээ будаа, лаа өргөнө. Мөргөлийн зан үйл өндөрлөсний дараа Ура Кравой овгийн 10-аад хүн хэнгэрэг дэлдэн, уугуул оршин суугчдын уламжлалт долоон дууг дуулж, арлын савдагт даатгадаг заншилтай.
ХӨТ: Тэд өвөг дээдсээ хүндэтгэл илэрхийлж ийм зан үйл хийдэг гэнэ. Мөн түүнээс гадна тосгоны эрчүүд цуглан уран нарийн хийцтэй модон завь урлаж, баярын гуравдагч өдрийн үүрээр далайд тавьж явуулдаг. Энэ нь аливаа өвчин эмгэг, аюул гамшиг, гай барцад далайн усны хамт зайлан явсны бэлгэдэл болдог гэнэ.
ХӨТ: Сена бол Ко Липе арлынхаа алдартай дуучин нь юм. Түүний гэрийн гадна талын ханан дээр дуулж буй зургийг нь зуржээ. Жуулчид энд ирж зураг дарж, дурсгал үлдээх дуртай. Сена 63 нас хүрсэн ч модон завины баяр ёслолын гол дуучин нь болдог. Модон завийг урласны дараа Сена залуусыг дагуулан завиндаа цэцэг хатгаж, торго зангидна. Сена энэ тухай сурвалжлагчид ийн ярьжээ.
"Энэ бол арлын оршин суугчдын эрт цагаас өвлөж үлдээсэн уламжлал юм. Арлын эзэн савдаг биднийг ивээгээсэй гэж энэ зан үйлийг хийдэг. Энэ бол арлын уугуул оршин суугчдын ёслолын үйл ажиллагаа бөгөөд шашинтай холбоогүй, ямар ч шашин шүтлэгтэй хүмүүс оролцож болно"
ХӨТ: Модон завины баяр гурав хоног үргэлжилнэ. Тэд гурван өдөр, гурван шөнө дараалан дуу бүжгийн тоглолт хийдэг. Харамсалтай нь сүүлийн үед арлын уугуул оршин суугчдын уламжлалт дуу хөгжим тай хүмүүсийн поп дуу, диско аяар солигдож байгаа нь жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |