|
|
||
suu0526002.mp3 |
Гэрэлт орчлонд хүн болж төрөөд эрүүл бие, саруул ухаантай өсөж торниход эхийн сүү юу юунаас илүү чухал. Сүүлийн 20 жил дэлхийн нярай хүүхдүүдийн гуравны хоёрыг зургаан сар хүрээгүй байхад нь хөхнөөс гаргаж нэмэлт тэжээлээр хооллох болсон тухай мэдээлэл бий. Энэ ямар шалтгаантай вэ? Хуурай сүү зэрэг эхийн сүүг орлох бүтээгдэхүүний амин дэм, шим тэжээл эхийн сүүнээс илүү гэж үү? Олон улсын эрүүл мэндийн байгууллага энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа тухай ХОУР-гийн Женевт суугаа сэтгүүлч Лю Сүюний ирүүлсэн мэдээлэллийг хүргэе.
Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хүүхдийн сан, Олон улсын хүүхдийн хүнсний холбоо зэрэг гурван байгууллага хамтарсан тайлан гаргаж, улс орнууд "эхийн сүүг орлох бүтээгдэхүүн худалдах тухай олон улсын журам"-ын дагуу хууль боловсруулсан байдлыг тодруулжээ. Тайланд, эхийн сүүг орлох бүтээгдэхүүн худалдахад хяналт тавих, нярай хүүхдийг хөхөөр хооллохыг сурталчлах үүрэг хүлээж, улс орнууд энэ тухай холбогдох хууль боловсруулах шаардлагатай гэж тэмдэглэв.
1981 онд Дэлхийн эрүүл мэндийн 34 дэх хуралд "Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн худалдах тухай олон улсын журам"-ыг баталж, хатуу тогтоол гарган, нярай эхчүүдэд хүүхдээ хөхөөр хооллохыг уриалсан байна. "Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн" гэдэг нь нярай хүүхдийн хуурай сүү, нухаш, каш зэрэг нэмэлт тэжээл юм гэж тэрхүү баримт бичигт тэмдэглэжээ.
НҮБ-ын хүүхдийн сан зэрэг хэдэн байгууллагын хамтран нийтэлсэн тус тайланд, 194 оронд энэ журмыг хэрэгжүүлж байгаа байдлыг нарийн судалсны үр дүнд 135 улс холбогдох хуулийн бодлого хэрэгжүүлж байна. Улс орнуудын талаас илүү нь сурталчилгаа хийж, борлуулахыг хориглосон боловч хориглосон төрөл зүйл нь цөөн хэд байна гэжээ.
Хүүхдийг хөхөөр нь хооллох олон улсын журмыг сайтар хэрэгжүүлэх тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Амин тэжээл, Эрүүл мэндийн хэлтсийн дарга Ларри Груммер-Страун ингэж хэлж байна: "Юуны өмнө холбогдох хууль боловсруулж, мөрдөөгүй аливаа улс орон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын журмыг хэрэгжүүлж, бодлого болон хууль боловсруулах шаардлагатай. Хоёрдугаарт, холбогдох хууль дүрэм боловсруулсан улсууд хуулийн хэрэгжилтэд нарийн хяналт тавих ёстой. Одоогийн хууль дүрмүүд бүгд боловсронгуй болоогүй байна. Гуравдугаарт, улс орнууд хяналтаа чангатгаж, хэрэгжилтийг баталгаажуулах хэрэгтэй"
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Эхийн сүү бол нярай хүүхдийн хамгийн сайн хоол хүнс мөн" гэж сурталчилсаар иржээ. Эхийн сүү хамгийн аюулгүй, цэвэр бөгөөд хүүхдийн дархлааг сайжруулдаг. Хөхөөр хооллож өссөн хүүхэд оюун ухааны шалгалтад илүү оноо авдаг, хэт таргалдаггүй. Өсөж том болоод чихрийн шижин өвчинд нэрвэгдэх магадлал багатай төдийгүй хөхүүлсэн эх нь хөх, өндгөвч, умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг гэнэ. НҮБ-ын Хүүхдийн сангийн Женев дэх төлөөлөгчдийн газрын дарга Марилена Вивиани эхийн сүүг "Байгалийн вакцин" хэмээн үнэлж байна. Тэрээр, "Эхийн сүү нярай хүүхдийн өсөж бойжих, эрүүл мэндэд чухал хэрэгтэйгээс гадна, хүүхдийн тархи, оюун ухааны чадварт ч чухал ач холбогдолтой юм. Эхийн сүү хөхөж өссөн хүүхдийн IQ бусад хүнс тэжээлээр хооллож өссөн хүүхдээс 3-4 нэгжээр илүү байдаг." Гэжээ.
Сүүлийн 20 жилд дэлхийн нярай хүүхдүүдийн гуравны хоёрыг 6 сар ч хүрээгүй байхад нь хөхнөөс гаргаж, нэмэлт тэжээлээр хооллох болсон байна. Үүнтэй холбогдуулж, эхний 6 сар зөвхөн эхийн сүүгээр хооллох ёстой бөгөөд 2 ой хүртэл нь, эсвэл түүнээс урт хугацаагаар хөхүүлж, өөр нэмэлт тэжээлийг зохих хэмжээгээр өгөх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан зөвлөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд 2025 он гэхэд 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллох хүүхдийг 50 хувиас илүү гаргах зорилго тавьжээ.
Эх хүн үрийнхээ зулайг үнэрлэхэд өр зүрх нь уярч, уураг сүү нь ивлээд ирдэг. Одоо цагт зарим эхчүүд хөхөөр хооллохын давуу талыг мэддэг боловч хагалгаагаар хүүхдээ төрүүлсний дараа бие сул юм уу эсвэл элдэв зүйлд санаа зовж, сайн амарч чадахгүйн улмаас хөхөнд нь сүү орохгүй зэрэг хүндрэл гардаг. Улмаар хүүхэд сүүндээ цадахгүй байна гэж итгэл алдан, нярай хүүхдээ хуурай сүүгээр тэжээж, яваандаа хөхний сүү нь татардаг. Зарим улс оронд нярай эхийн амралт цөөхөн сар байдаг учраас ажил төрлийн шаардлагаас болж арга бус хэдхэн сартай хүүхдээ хөхнөөс гаргаж, ажилдаа ордог.
Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний сурталчилгаа олширсон явдал эхийн сүүгээр хөхүүлэх хэмжээ буурсны гол шалгаан болсон тухай мэдээлэл гарч байлаа. Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн бол цар хэмжээ, ашиг орлого ихтэй үйлдвэрлэл болжээ. Тоо баримтаас үзвэл, дэлхий даяар эхийн сүүг орлох бүтээгдэхүүний орлого жилдээ 45 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд 2019 он гэхэд 70 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Олон улсын нярай хүүхдийн хүнсний холбоо нярай хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажилладаг. Тус байгууллагын албаны хүн Майк Бради Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм:
"Бидэнд тулгарч буй хамгийн том асуудал бол зарим аж ахуйн нэгж ашиг сонирхлоо хамгаалахын тулд бидэнтэй өрсөлдөж буй явдал юм. Бид үүнийг улс төрийн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай байна"
Эхийн сүүг орлох бүтээгдэхүүн худалдах тухай олон улсын журамд эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, борлуулагчдын зүй ёсны бус үйл ажиллагааг хязгаарлаж, сурталчилгаа хийж борлуулах, эрүүл мэндийн ажилтанд бэлэг өгөх, бүтээгдэхүүнийхээ дээжийг үнэ төлбөргүй тараах зэргийг хориглож, шошгон дээр нь амин дэмтэй тэжээл, эрүүл мэндэд тустай гэж бичихийг хориглосон байдаг. Мөн хүүхэд угжиж буй зургийг ашиглан сурталчилгаа хийхийг хориглох, бүтээгдэхүүний шошгонд эхийн сүүний давуу тал болон угжаар хооллохын эрсдэлтэй талыг маш тодорхой тайлбарласан санамж бичих хэрэгтэй гэж тэмдэглэсэн юм.
Улс орнууд "эхийн сүүг орлох бүтээгдэхүүнийг худалдах тухай олон улсын журам"-ын дагуу хууль боловсруулсан байдлыг тодруулсан тайланд, улс орнууд эрхбиш хууль тогтоож, хүчтэй, тогтвортой, олон байгууллагын хамтарсан механизм бий болгох хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хүүхдийн сан хамтарч тус журмыг хэрэгжүүлсэн байдлыг хянан шалгаж, улс орнуудад шаардлагатай тусламжийг олгоно гэж онцолсон байна.
1990 оны 5 дугаар сарын 10-нд БНХАУ-ын Эрүүл мэндийн яам жил бүрийн 5-р сарын 20-ныг нярай хүүхдийг хөхөөр хооллохыг сурталчлах өдөр болгох шийдвэр гаргажээ. Энэ оны 5-р сарын 21-ний өдөр Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжөү хотноо "Хүүхдээ хөхүүлье, хайрын төлөө хөхүүлье" хэмээх арга хэмжээ зохион байгуулж, 100 нярай ээж гудамжинд цугларан хүүхдээ хөхүүлж, энэ асуудлыг нийтээрээ чухалчлахыг уриалсан байна. Тэд үүгээр дамжуулан, олон нийтийн газар эх нялхсын тусгай өрөө гаргаж, таатай орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Дэлхийн цаг нэвтрүүлэг Америкийн "Florida Georgia Line" хамтлагийн дуулсан "Confession" дуугаар үргэлжилж байна.
Сарантуяа
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |