• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Галзуу наймаа"-ны эрч хүч буурч байна

CRI       (GMT+08:00) 2016-06-02 15:45:16

Хятадын худалдан авагчид Японы дэлгүүрүүдийг хоосолж буй тухай мэдээлэл хэвлэлээр байнга цацагддаг. Энэ нь япончуудын хувьд тун сайн хэрэг боловч тэд үүнийг үл таашаасан утгаар "галзуу наймаа" хэмээн нэрлэдэг. Тэгвэл саяхан Японы их дэлгүүрүүдийн нийгэмлэгийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, Японы татварын хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний 4-р сарын борлуулалт 9 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь Япон дахь Хятадын жуулчдын үнэт эдлэл, бугуйн цаг зэрэг өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээ илэрхий буурсантай холбоотой юм байна.

4-р сард Япон дахь гадаадын жуулчдын тоо түүхэн шинэ рекорд тогтоож, 2 сая хүрсэн тухай Японы засгийн газар саяхан нийтэлсэн бол харин хүн нэг бүрийн хэрэглээний нийт хэмжээ 16 хувиар буурсан байна. Тухайлбал, Япон дахь гадаадын жуулчин хүн нэг бүр дунджаар ердөө 68 мянган иен зарцуулжээ. Түүгээр ч зогсохгүй энэ 5-р сард түүнээс ч доогуур үзүүлэлт гарсан гэнэ.

Тансаг зэрэглэлийн бараа, нэрт брэндийн бугуйн цаг, үнэт эдлэлийн борлуулалт тааруу байгаа бөгөөд жуулчид арай хямд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний барааг түлхүү сонирхсон нь ийм үр дүнд хүргэсэн гэж Японы их дэлгүүрүүдийн нийгэмлэгийн тусгай хэрэг эрхлэгч үзэж байна. Түүнчлэн энэ байдал цаашид үргэлжлэх бөгөөд жуулчдын хэрэглээний хэмжээ улам буурна гэж мэргэжилтнүүд тооцоолсон юм.

Японд уншигчдын тоогоор толгой цохидог "Ёми Үри Шимбун" сонин "галзуу наймаа"-ны эрч хүч буурч байгаа нь хоёр үндсэн шалтгаантай гэж үзжээ. Тухайлбал нэгд, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан. Хоёрт, Хятад улс хил дамнасан худалдааны удирдлагаа чангатгаснаас болсон гэжээ. Харин Хятадын судлаачид "галзуу наймаа"-ны эрч хүч буурсан нь зөвхөн Хятадын талаас шалтгаалсан бус, харин Японы хувьд ч тэднээс шалтгаалсан зүйл бий хэмээн үзэж байна.

Юуны түрүүнд энэ онд иений ханш түргэн нэмэгдсэнээр япон бараа үнийн давуу талаа алдсан. Хоёрт, Японы олон дэлгүүр Хятадын жуулчдад зориулсан ханз үсгийн зааварчилгаатай зургийн аппарат, 220 вольтын хүчдэлтэй гэр ахуйн цахилгаан хэрэгслийг борлуулж буй хэдий ч эдгээр нь адил төрлийн бараанаас харьцангуй өндөр үнээр зарагддаг тул Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг төдийлөн татаж чадахгүй байна. Гуравт, Японд "Хятадуудыг гадуурхах" үзэл нэлээд ноцтой. Тэд ямар ч асуудал тулгарсан хариулцлагаа Хятад улс руу чихэхийг боддог.

Хятадын жуулчдын халааснаас гарч Японы зах зээлд урсан орж буй мөнгийг хүртэл "галзуу наймаа" гэж нэрлэдэг нь үүний нэгэн тод жишээ юм. Японы хэвлэл мэдээллийн тоймч, сэтгүүлчид Японы эдийн засагт чамгүй үүрэг гүйцэтгэж буй энэ үйлдлийг эергээр үнэлэхгүй, харин ч үл таашааж, дургүйцсэн өнгө аясаар мэдээлдэг нь Хятадын хэрэглэгчдийн япон бараа худалдан авах сонирхлыг ихэд бууруулж байна гэж судлаачид үзжээ.

/Алтаннавч/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе