• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайжи тулааны урлаг Бразильд мода болж байна

CRI       (GMT+08:00) 2016-06-07 15:13:12

ХӨТ: Бразилчуудын биеийн тамирын онцлогийн тухай ярихад, юуны өмнө түргэн хэмнэл, эрч хүчтэй Самба бүжиг, алдартай хөл бөмбөгчид, эсвэл Капоейра бүжиг санаанд ордог. Гэтэл, тэнд цөөнгүй хүн урт удаан хэмнэл, алгуур тайван хөдөлгөөнтэй Тайжи хэмээх тулааны урлагаар хичээллэдэг гэхээр итгэмээргүй санагдана. Хятадын Хэнань мужаас уламжлагдан дэлгэрсэн Чэнь овогтын Тайжи тулааны урлаг алс холын Латин Америк дахь Бразиль улсад хүртэл түгэн дэлгэрч, тэдний дунд бие бялдраа дасгалжуулах нэгэн төрлийн мода болж байгаа гэнэ.

ХӨТ: 5-р сарын 21-нд Бразилийн Сан Паоло хотод Тайжи тулааны урлагт суралцах анхдугаар арга хэмжээ эхэлжээ. Гурав хоног үргэлжилсэн тус арга хэмжээнд Чэнь овогтын Тайжи тулааны урлагийн 20 дахь үеийн удам, их багш Чэнь Зи Чян Тайжи тулааны урлагийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, жинхэнэ утгаар нь зааж, танилцуулсан бөгөөд түүний хичээлд Бразилийн нутаг нутгийн Тайжигаар хичээллэгсэд ирж оролцсон байна.

ХӨТ: Чэнь багш Тайжигийн тулааны урлагийн түүх, онолын хичээл заасны зэрэгцээ тулааны арга зүйг практикаар үзүүлж тайлбарлажээ. Сурагчдын ихэнх нь урьд нь Бразильд Тайжи урлагийн дасгал сургалтад хамрагдаж байжээ. Тэд энэ удаагийн арга хэмжээгээр Чэнь овогтын Тайжи тулааны эрдмийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэнэ.

ХӨТ: Энэхүү арга хэмжээг Гиванилдо хэмээх Бразиль залуу санаачлан зохион байгуулжээ. Тэр нэг жилийн өмнө Хятадын Хэнань мужийн Чэнь Жя Гөү-д газар очиж, Тайжи тулааны эрдэмд системтэйгээр суралцсан байна. Өндөр нуруутай, хар үстэй түүнд Хятад найз нар нь Чэньхэй буюу "Хар үст Чэнь" гэдэг нэр өгчээ. Одоо тэр Чэнь Зи Чянь багшид шавь орж, Чэнь овогтын Тайжи тулааны урлагийн жинхэнэ мэргэжилтэн болж чадсан төдийгүй, улмаар Бразильд Тайжи урлагийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа юм. Ингээд Гиванилдогийн ярихыг сонсъё.

"Би хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд Чэнь Зи Чян багшийг Бразильд урьсан юм. Бразильчууд Хятадын соёлыг мэдэрч, Хятадын ушу тулааны урлагтай жинхэнэ утгаар нь танилцаж, ялангуяа эртний уламжлалт Тайжи урлагаар хичээллээсэй гэж би хүсдэг."
ХӨТ: Биеийн тамирын ордонд янз бүрийн арьстан, янз бүрийн насны, өөр өөр нутгийн хэл аялгуутай Бразильчууд эгнэн зогсож, Чэнь багшийг даган Тайжигийн сонгодог дасгалуудыг хийж байлаа. Хэдэн цагаар үргэлжилсэн дасгал алгуур тайван хэмнэлээр явагдав. "Тайжи урлагийн Бразилчуудын сонирхлыг татаж буйн хамгийн гайхамшигтай тал нь амар амгалан, гүн тайвшралд хүргэх явдал юм" гэж Гиванилдо ярьж байлаа.

"Өдгөө хүмүүс хөл хөдөлгөөн, дуу чимээ ихтэй, түргэн хэмнэлтэй нийгэмд амьдарч байна. Ийм орчинд хүн оюун санаагаа төвлөрүүлэхэд тун хэцүү. Тайжигийн дасгалыг хийнэ гэдэг ухаан бодлоо цэгцлэх шилдэг арга юм. Хүмүүст амар амгаланг мэдрүүлж, тунгаан бодоход тусалдаг. Тайжигийн хөдөлгөөн удаан ч гэсэн ихээхэн хүч тэнхээ, тэсвэр тэвчээр шаардана. Бие махбодыг тайвшруулж, ширүүн ба зөөлөн хөдөлгөөнийг уялдуулан, хүнийг уян хатан, эвсэлтэй, тэнцвэртэй, тайван болгодог."

ХӨТ: Жулиа Рмаосын хувьд Гиванилдотой адилхан бодолтой. 26 настай Рмаос Тайжи урлагаар гурван жил гаруй хичээллэж байна. Тэрээр "Тайжи тулааны урлагийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Урьд нь би олон алхам зааврыг мэддэггүй байжээ. Тайжигийн соёлыг ойлгох нь түүний зорилгыг улам илүү мэдрэхэд тустай" хэмээн ярьсан юм.

"Энэ дасгал надад ихээхэн тустай боллоо. Ялангуяа хөдөлгөөний талаар их юм сурч авлаа. Манайд дэлгэрсэн Тайжи тулааны урлагийн дасгалууд гол төлөв нэг нэгнээсээ дам сурсан, яг жинхэнэ гэхэд хэцүү байсан юм. Харин Чэнь багш бидэнд Тайжигийн хөдөлгөөн бүрийн цаад утга учрыг яруу тодоор мэдрүүллээ. Тайжигийн дасгал хийхэд бие, хөдөлгөөн хоёр яв цав уусан нэгдэх ёстой юм байна."

ХӨТ: Жулиа урьд нь хийн дасгалын тухай номноос уншиж мэддэг байжээ. Мөн Тайжигийн дасгал хийх замаар хийн дасгал эзэмшиж, зарим номонд бичсэний адил ямар нэгэн зүйлийн увдис, нууц чадвар эзэмшихийг хүсдэг байв. Гэвч энэ бол Тайжи урлагийн тухай буруу ташаа ойлголт, олон нийт иймэрхүү буруу ойлголттой болох вий гэж ихээхэн санаа зовж байгаагаа Чэнь багш манай сурвалжлагчид ярьсан юм. Тэрээр "Би анх удаа Бразилд ирж, Хятадын тулааны урлаг Өмнөд Америкт түгэн дэлгэрч байгааг үзээд баяртай байна. Хятадын тулааны урлаг гадаадад түгэн дэлгэрэхэд гарч буй зарим дутагдлыг ч олж харлаа" гэсэн юм.

"Зарим хариуцлагагүй багш нарт хандан хэлэхэд, тайжи тулааны урлагийг ном журмын дагуу уламжлан дэлгэрүүлэхийг хүсье. Тайжийг үлгэр домог, ид шидийн юм болгон тайлбарлах хэрэггүй. Тайжигийн уламжлалын үзэл санааны ёсоор, түүхийн баримт нотолгоотой зүйлийг түгээх ёстой. Тэгвэл Тайжи тулааны урлагийн соёлын тухай хүмүүсийн ойлголтод эндүүрэл гарахгүй юм."
ХӨТ: Чэнь Зи Чян багш 2008 оноос эхлэн Ази, Европ, Америк тивийн олон орноор явж, тулааны урлаг зааж, олон удаа сургалт явуулж, лекц уншсан гэнэ. Тэрээр: "Гэхдээ, Өмнөд Америкийн эх газарт дэлгэрч буй Тайжигийн урлаг зарим талаар хоцрогдож байна. Хичээллэгсэд олон байгаа ч төрөл урсгал нь хэдэн янз, системтэй болоогүй байна. Тайжи тулааны урлагт дур сонирхолтой хүмүүст жинхэнэ уламжлал, бодит зүйлийг хэрхэн хүргэх нь энэ спортыг түгээн дэлгэрүүлэгчдийн бодолцох ёстой асуудал" хэмээн ярьж байлаа.

ХӨТ: Сонсогч та бүхэнд Хятадын Хэнань мужаас уламжлагдсан Тайжи тулааны урлаг алс холын Латин Америк дахь Бразиль улсад түгэн дэлгэрч, Бразильчуудын дунд бие бялдраа дасгалжуулах нэг төрлийн мода болж байгаа тухай мэдээлэл хүргэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе