|
|
||
20160602hoolniizor002.mp3 |
Хүмүүсийн амьдралын түвшин дээшилж хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олшрохын хэрээр хувь хүн зөв, тэнцвэртэй хооллохыг хичээхгүй бол эрүүл мэндэд нь хор уршиг дагуулж мэдэх юм. Өдгөө хорт хавдар, цусны даралт ихсэх, титэм судас нарийсах зэрэг өвчин хүн төрөлхтний эрүүл мэндийн ноцтой асуудал болжээ.Хятад улсын Эрүүл мэндийн байгууллага саяхан "Хятад иргэдийн зөв хооллох тухай удирдамж"-ийг шинэчлэн хэвлэжээ.
Хятад улсад ард иргэдийн хоол хүнсний хүрэлцээ нэгэнт шийдэгдэж, асуудал биш болжээ. Гэвч зарим хүн зөв хооллох ухамсаргүй, дуртай хоолоо цадтал идэж, өөх тос, чихрийг хэтрүүлэн хэрэглэж, хэт таргалан, улмаар архаг өвчинд нэрвэгдэх явдал нэмэгдэж байна. Тоо баримтаас үзвэл, өдгөө Хятадын хүн амын 25 хувь нь цусны даралт өндөр, 9.7 хувь нь чихрийн шижин өвчтэй болжээ.
Хятад улсын Эрүүл мэндийн байгууллага эдгээр асуудлыг зохицуулж, иргэдийн хүнсний бүтцийг зөв болгохын тулд Амин дэмийн нийгэмлэгт эрх олгон, "Иргэдийн зөв хооллох тухай удирдамж"-ид засвар хийж, 5-р сард шинээр нийтэлжээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүлийн хорооны Халдварт өвчнөөс сэргийлэх албаны мэргэжилтэн Чан Жилэ "Энэхүү удирдамжид зөв хооллох тухай шинжлэх ухаанч санал дэвшүүлж, эрүүл мэндэд ашиг тустай хоол хүнс хэрэглэн, идэвхтэй хөдөлгөөн хийж, буруу хэвшлээ өөрчлөхийг уриалсан. Иргэдэд чиглэсэн зөв хооллох тухай удирдамж бол тус номын гол агуулга юм. 2 наснаас дээших бүх эрүүл хүнд хандан 6 зүйлт санал дэвшүүллээ. Тухайлбал: Олон төрлийн хоол хүнс идэхийг хичээж, голлон үр тариагаар хооллох. Хоол, хөдөлгөөн хоёрыг тэнцвэртэй байлгаж, жингээ барих. Жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, буурцагны хэрэглээг нэмэгдүүлж мах, загас, өндгийг зохих хэмжээгээр идэх. Давс, тосыг багасгаж, архи, чихрийг хязгаарлах эдгээр болно." гэжээ
Хятад улс 1989 онд анх удаа иргэдийн зөв хооллох удирдамж гаргаж, 2007 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэ жил ийнхүү 4 дэх удаагаа шинэчиллээ. Энэ удаа нэг өдөрт уух усны хэмжээг нэмэгдүүлж, 1500-1700 миллитр ус уухыг санал болгон, жимс, мах, буурцаг, давсны хэрэглээгээ бууруулахыг зөвлөжээ. Энэ шинэ удирдамжийн онцлог нь "дөрвийг цөөлж, нэгийг нэмсэн" гэж Хятадын Амин дэмийн нийгэмлэгийн дарга Ян Юешинь танилцууллаа. Ингээд түүний ярихыг сонсъё:
"Ийм өөрчлөлт оруулсан шалтгаан нь хоёр талтай. Юуны өмнө засвар оруулсан удирдамжид хүнснээс уураг, энерги авах хэмжээг өөрчилсөн учраас зарим хоолны хэмжээнд өөрчлөлт орууллаа. Жишээлбэл насанд хүрсэн хүний энерги авах хэмжээнд 200 килокалорын өөрчлөлт гарсан учраас хоолны хэмжээг ч өөрчлөв. Хоёрдугаарт, Эрүүл хооллох тухай гадаад дотоодын судалгааны үр дүн, сүүлийн үеийн онолд суурилан, тохируулсан юм. Тухайлбал, урт хугацааны турш ямар хоол идвэл эрүүл мэндэд тустай, ямар хүнс эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг тухай мэдээллийн дагуу зарим хоолны хэмжээг өөрчиллөө."
Та бүхэн тоо баримтын бага сага өөрчлөлийг хэт анхаарч, санаа зовох шаардлагагүй. Ер нь боломжийн хэрээр олон төрлийн хүнс хэрэглэн, харьцаа нь ерөнхийдөө зүй зохистой байвал болчихно гэж судлаачид ярьж байлаа. Шинэ удирдамжид иргэдийн зөв зохистой хүнсний бүтцийн суварга, хоолны аяга, хүүхдийн хоолны таваг зэргийн зургийг ашигласан учраас ойлгомжтой болжээ.
Удирдамжийн дагуу, насанд хүрсэн эрүүл хүн өдөр бүр наад зах нь 12-оос олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, долоо хоногт 25-аас олон төрлийн хүнс хэрэглэх ёстой гэсэн бөгөөд үүний зэрэгцээ өдөрт 6000-аас илүү түргэн алхахыг санал болгожээ. Ногоо идэх хэмжээ ерөнхийдөө бага байгаатай холбогдуулан, хүн бүр өдөрт 300-500 грамм хүнсний ногоо идэх хэрэгтэй бөгөөд түүний талаас илүү нь гүн өнгөтэй ногоо байх ёстой гэсэн байна.
Бээжингийн Их Сургуулийн Эм эмнэлгийн салбарын Олон нийтийн эрүүл мэндийн дээд сургуулийн профессор Ма Гуаньшэн хүнсний ногоо сонгох тухай ингэж тайлбарлаж байна:
"Хүнсний ногоонд витамин, ширхэглэг эд зэрэг эрүүл мэндэд ашиг тустай олон төрлийн амин дэм агуулагддаг. Ногоог хангалттай идвэл дархлаа сайжирч, өвчнөөс сэргийлэн, таргалах эрсдэл буурдаг. Хүнсний ногооны төрөл зүйл олон, өнгө нь ч янз бүр. Ногооны өнгө гүн байх тусам витамин, ялангуяа каротин зэрэг амин дэмийн агуулга их байдаг. Иймээс хүнсний ногоо авахдаа гүн өнгөтэйг нь сонгохыг санал болгож байна"
Хятад улс иргэдийн эрүүл хоолны удирдамжийг анх гаргаснаас хойш гучаад жил болж байна. Энэ удирдамж иргэдийг зөв хооллох дэвшилд хөтөлж, эрүүл аж төрөхөд нь дэм болсоор иржээ. Давсаар жишээлэхэд Хятад иргэд 1992 онд дунджаар 12.9 грамм давс иддэг байсан бол 2012 онд 10.5 грамм болжээ. Хэдийгээр энэ хэмжээ өндөр боловч иргэдийн зөв хооллох ухамсар дээшилж байгааг сайшаах хэрэгтэй.
Зөв хооллох удирдамжийн сурталчилгааны дагуу олон иргэд амин дэм, эрүүл мэндийн тухай зөв ойлголттой болж, хотын иргэд, ялангуяа нас ахисан хүмүүс жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг илүү хэрэглэж, харин тос давс ихтэй хоол бага идэхийг хичээдэг болж байна.
Зөв хооллох удирдамж ард иргэдийг эрүүл аж төрөх зам руу хөтөлж байгаа боловч өргөнөөр сурталчлан дэлгэрүүлж, хүн бүхэнд ойлгуулахад мөн ихээхэн цаг хугацаа орох биз ээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |