• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Наланда

CRI       (GMT+08:00) 2016-06-08 10:00:04

Дэлхийн цаг та бүхэндээ эртний Энэтхэгийн Наланда хийд болон өнөө цагийн Наландагийн их сургуулийн тухай мэдээллийг хүргэе.

Хятадын Тан улсын Сюан Зан хувраг нийтийн тооллын 627 оны 8 дугаар сард баруунш зорчих аяллаа эхлүүлж, 50 мянга гаруй км аян зам туулаад, 631 оны 10-р сард эртний Энэтхэгийн төв нутаг дахь буддын ухааны их сургууль Наланда хийдэд очсон юм. Сюан Зан хувраг тэнд хэдэн жил суралцаад, 645 оны 2-р сард Тан улсын нийслэл Чан Ань хотод ном залж ирсэн байдаг. Хожим энэ түүхэн үйл явдлаар сэдэвлэн "Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" хэмээх зохиол бичсэнийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл одоо энэ үлгэрийн тухай биш, харин тэр үед хол ойрд ихэд алдартай байсан эртний Энэтхэгийн их сургууль Наланда хийдийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Нийтийн тооллын V зууны үед эртний Энэтхэгийн Гупта хаант улсын Кумара-гупта хэмээх хаан буддын ухааныг дэлгэрүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гарган, Наланда хэмээх газар буддын их сургууль "Наланда Вихара" хийдийг байгуулжээ. Түүнээс хойш тус хийдийг зургаан үеийн хаад хэдэн зууны турш өргөтгөн барьсан гэдэг. Улмаар тус хийд VII зуунд эртний Энэтхэгт хамгийн алдартай буддын их сургууль болжээ. "Наланда" хийд өнөөгийн Энэтхэгийн Бихар мужийн төв нутаг дахь Патна хотоос зүүн урагш 90 км зайд байдаг.

Наланда хийд 8 дацан, 100 гаруй хичээлийн тэнхимтэй байсан нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Хөгжлийн оргил үедээ тэнд 9 сая боть ном судар хадгалагдаж байсан бөгөөд 10 мянга гаруй лам хувраг суралцаж байв. Наланда хийдийн 8 дацанд хэл судлал, логик, одон орон, урлахуйн ухаан, математик, эм эмнэлэг зэрэг буддын шашны төрөл бүрийн хичээл заадаг байж. Эртний Хятад, Солонгос, Япон, Перс зэрэг Азийн бусад олон газраас лам нар Наландаг зорин ирж суралцдаг байсан гэнэ.

VII зуунд Наландад очиж суралцаж байсан Тан улсын хувраг, судар орчуулагч И Жиний бичсэн Наланда хийдийн тухай тэмдэглэснээс үзвэл: "Наланда хийд дөрвөлжин хотхон мэт. Дөрвөн талаараа сүүдрэвч бүхий урт нарийхан замтай. Хийдийн цогцолбор 3 давхар, 10 гаруй метр өндөр. Хийд нэг бүрийн дөрвөн талд лам хуврагуудын амьдрах байртай. Тэдний байр сууц 3 метр орчим өндөр. Гурван том номын сантай, хамгийн том нь 9 давхар байшингийн дайтай өндөр. Өдөр бүр тэнд 100 гаруй хичээл орно. Гадуур хэрэмний хананд олон янзын баримал урлан сийлсэн нь гойд нарийн хийцтэй, зүйрлэшгүй гайхамшигтай" гэжээ.

Эртний Хятадын Тан улсаас Наландад очиж суралцаж байсан лам хуврагуудын бичсэн Наланда хийд болон Энэтхэг орны тухай сурвалж тэмдэглэлүүд эртний Энэтхэгийн түүх соёлыг судлахад маш чухал баримт болдог гэнэ. Хонконгод нээгдсэн "Наландагийн дурсгалууд" хэмээх үзэсгэлэнд Энэтхэгийн Соёлын яамны дэд сайд Равиндра Сингх: "Буддизмын тухай мэдлэг, танин мэдэхүй Хятад, Энэтхэгийн ард түмнийг холбодог" хэмээн ярьж байлаа.

"Энэтхэг, Хятадын ард түмэн өнө эрт цагаас буддын шашны гүн гүнзгий харилцаатай явж иржээ. Фа Сянь, Сюан Зан зэрэг хятад лам нар тэр үед Энэтхэг оронд ирж Наланда хийдэд суралцаж байсан юм. Тэр хуврагууд олон газраар аялан явсан нь тэдний эрдэм мэдлэгт чухал нэмэр болсон байдаг. Энэтхэгийн залуус, оюутан сурагчид тэр үеийн түүхээс суралцах шаардлагатай. Буддизм Энэтхэг, Хятадын харилцааг зохих хэмжээгээр баяжуулсан. Түүхийн шалтгаанаас улбаалж, хятад хүмүүс буддизмын тухай сайн мэддэг, харин өнөөгийн энэтхэгчүүд буддын шашныг төдийлөн шүтдэггүй ч буддизмын тухай бага сага ойлгодог. Эдгээр эрдэм мэдлэг, танин мэдэхүй нь Энэтхэг, Хятадын ард түмнийг холбодог юм."

Наланда хийд 1193 онд дайны хөлд үрэгдэж, тус хийдийн цогцолбор барилга, номын сан эвдэрч сүйрчээ. Ийнхүү Наланда хийд урьдын өнгө төрхөө алдаж, аажмаар орхигдон мартагдсан юм. 1861 онд археологичид Наланда хийдийн туурийг олж улмаар хийдийн цогцолбор барилга, хэрэм хаалга, хийдийн жасааны тамга зэрэг ховор үнэт олдворуудыг илрүүлжээ.

 

Дайны хөлд сүйдээд 800 жил болсны дараа буюу 2014 оны 9-р сард Наландагийн их сургуулийг дахин сэргээсэн явдал нь нэг үе олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Тэр жил 40 орны 1000 шахам залуус тус сургуульд элсэхээр өргөдөл өгснөөс ердөө 15 хүнийг Наландагийн их сургуулийн анхны оюутнаар элсүүлж, хичээлээ эхлүүлсэн байна.

2006 онд Энэтхэгийн тухайн үеийн ерөнхийлөгч асан Абдул Калам Наландагийн их сургуулийг сэргээн байгуулах тухай санаачилга гаргасан юм. Дараа нь тус улсын Бихар мужийн захиргаа Наланда хийдийг сэргээн байгуулах зорилготой байгаагаа мэдэгдсэн бөгөөд Хятад зэрэг Азийн хэд хэдэн улс тус сургуулийг сэргээх ажлыг хамтын хүчин чармайлт гарган дэмжихээ илэрхийлж, тус сургуулийг сэргээн байгуулах ажил Зүүн Азийн боловсролын салбарын хамтын ажиллагааны чухал төслийн нэг болжээ.

Наландагийн их сургуулийн шинэ барилгыг урьдын алдарт Наланда хийдийн тууриас 12 км зайтай газар барьж байгуулахаар зураг төсөл гаргасан юм. Тус сургуулийг сэргээн босгох ажлыг Хятад улс идэвхтэй дэмжиж, нийт 1 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ. "Хятад Энэтхэгийн найрсаг харилцааны жил"-ийн чухал төслийн хувьд, Хятадын буцалтгүй тусламжаар Наландад "Сюан Зан ламын дурсгалын тэнхим" байгуулсан байна.

Энэтхэгийн Бихар муж Наландагийн их сургуулийг сэргээх бүтээн байгуулалтын асар том төлөвлөгөө боловсруулсан ч хэрэгжих ажил өдгөө анхан шатандаа байна. 15 сурагч, 11 багштай энэ сургууль одоо экологи, хүрээлэн буй орчны судалгаа, түүх судлал гэсэн хоёрхон салбартай. Тус сургуульд Энэтхэг багш нараас гадна Америк, Сингапур, Австрали зэрэг орны эрдэмтэн багш нар лекц уншдаг байна.
Наландагийн их сургуулийн сэргээн босголтод орон нутгийн эдийн засаг, хүрээлэн буй орчин, дэд бүтцийн нөхцөл боломж зэрэг олон янзын хүндрэл бэрхшээлтэй асуудал бий. Гэвч сургуулийн бүтээн байгуулалтын төсөл цаашид хэрэгжиж, 2016 онд буддын ухаан, философи, харьцуулсан шашны ухааны салбараа нээх гэж байна. 2020 он гэхэд тус сургууль судалгааны 7 салбартай болохоор төлөвлөжээ. Наландагийн их сургууль зөвхөн магистрант, докторантын түвшинд элсэлт авах ба хожим байгаль, нийгмийн шинжлэх ухааны олон салбарын мэргэжилтэн бэлддэг ерөнхий их сургууль болох юм байна.

Дэлхийн цаг та бүхэнд эртний Энэтхэгийн алдарт Наланда хийдийн үйл ажиллагааг үргэлжүүлж буй Наландагийн их сургуулийн тухай мэдээг хүргэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе