|
|
||
20160706Antraktid001.mp3 |
Одоо та бүхэнд манай гарагийн өмнөд туйл Антрактид тивийг үзэх аялал жуулчлалын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Аргентины хамгийн өмнөд цэг Ушуайя сууринг эх дэлхийн төгсгөл, соёл ирэншлийн хязгаар гэлцдэгийн учир бол энэ нутаг газар зүйн хувьд Антрактидаас хамгийн ойр байдагт оршино. Жил бүрийн 11-р сараас 3-р сар хүртэл дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зуны улиралд дэлхийн олон орны хэдэн арван мянган жуулчин Ушуайяг зорьж очин, цааш хөлөг онгоцонд сууж Антрактид руу хийх аяллаа эхлүүлдэг. Ингээд та бүхэндээ, ХОУР-гоос Аргентинд суугаа сэтгүүлч Ли Юй-гийн Ушуайя суурингаас ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Ушуайяг олон мянган хүн зорьж очдогийн ихэнх нь Америк, Канад, Европын жуулчид байдаг. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн бөмбөрцгийн эсрэг талд оршдог аялал жуулчлалын алдарт суурин Ушуайяг Хятадын жуулчид сонирхох болж, ялангуяа сүүлийн хоёр гурван жил, Антрактидад аялах Хятадын жуулчдын тоо улам бүр нэмэгдэж байгаа гэнэ. Тэр бүү хэл Хятад улс Антрактидад аялах жуулчдын дөрөв дэх том эх үүсвэр болсон гэж Аргентины аялал жуулчлалын "Fueguino de Turismo" нийгэмлэгийн ажилтан Valeria Trezza ярьж байлаа.
"Антрактидад аялах жуулчид, түүний дотор Хятадын жуулчид 2012 оноос эхлэн Ушуйая-д олноороо ирэх болсон. Антрактидад аялагчдын ихэнх нь Америк, Канад, Европын жуулчид байдаг байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын жуулчид эрс нэмэгдэж байна"
Хятадын жуулчдын хувьд зөвхөн замын зардалд гэхэд багагүй мөнгө зарцуулдаг. Нисэх онгоцоор 30 гаруй цаг аялах замдаа наад зах нь гурван удаа онгоцоо сольж, дэлхийн бөмбөрцгийг хагас тойрсны эцэст Ушуайяд газардана. Тэндээс цааш Антрактидад хөл тавих хүртэл бас хэд хоног далайгаар аялдаг байна.
Аяллын багт орсон жуулчин бүхэн Антрактидын эх газарт хөл тавих мөчийг тэсэн ядан хүлээдэг байна. Харин холбогдох байгууллага, аяллын компаниуд Антрактидын байгаль орчин сүйдэхээс сэргийлж жуулчдад хатуу анхааруулга, нарийн чанд заалт бүхий тогтоол хэрэгжүүлж, очсон жуулчдын үйл ажиллагааг удирдан зохицуулдаг гэж Valeria Trezza ярьсан юм.
"Жуулчид эх газарт буухдаа хөлөг онгоцноос тарааж өгсөн цэвэр резинэн гутлыг заавал өмсөх ёстой. Оцон шувуунд хэн боловч гар хүрч болохгүй. Гадуур зугаалахдаа тогтсон бүсээс гарахыг хатуу хориглоно. Аяллын багаасаа салж ганцаар явж хэрхэвч болохгүй. Жуулчин хүн Антрактидад хувийн ямарваа эд зүйлсээ орхихыг хориглоно. Мөн эх газраас юу ч авч явж болохгүй, ширхэг чулуу ч авахыг зөвшөөрөхүй"
Энэ тогтоол нэг талаар Антрактидын эх газарт хог хаягдал үлдэх, тухайн нутгийн экологийн орчныг сүйтгэхээс сэргийлэхийн төлөө, бас нөгөө талаар оцон шувууны хэвийн амьдралд нөлөөлөхгүйн төлөө юм. Өчүүхэн жаахан чулуу ч гэсэн оцон шувуу үүрээ барихад хэрэг болж мэднэ. Мөн Антрактидад бүтэн жилийн турш хахир хүйтэн ноёрхдог тул, өчүүхэн ширхэг чулуунд эрт галбын үеийн бактери, вирус хөлдөн хадгалсан байж мэдэх тул хэрэв жуулчид түүнийг авч явбал олон нийтийн эрүүл мэндэд төсөөлөхийн аргагүй хор уршиг тарьж, ноцтой үр дагавар үүсгэж болзошгүй байдаг гэнэ.
Жуулчид Антрактидад хийх аяллын ихэнх цагийг хөлөг онгоцон дээр өнгөрүүлдэг тул бүх аяллын турш далайн салхи, хүчтэй давлагаатай нүүр тулдаг. Саяхан Антрактидад аялаад ирсэн хатагтай Ван Ли: "Антрактидад аялахсан гэж олон жил хүсэж мөрөөдлөө. Хөлөг онгоц аймшигт салхины бүсээр туулан өнгөрөхөд цаг агаарын хүнд нөхцөлтэй учирдаг гэж сонссон байсан. Бараг бүх талын бэлтгэлтэй явсан ч далайн өвчнөөс зайлсхийж чадсангүй" гэж ярьж байлаа.
"Энэ аяллын аргалж боломгүй бэрхшээлтэй тал гэвэл, өмнөд өргөргийн 40-60 градусын хүчтэй салхины бүс байлаа. Тэр салхины бүсээр дөрвөн хоног хөндлөн гулд аялдаг. Тэр үед далайн өвчнөөс зайлсхийх ямар ч аргагүй. Би цагаан гаа авч явсан, чихнийхээ ард наавал далайн өвчнөөс сэргийлдэг талтай. Бас бальзам, гааны тос гээд санаанд орсон зүйлсээ бүгдийг нь авч явсан, даанч нэмэр болоогүй"
Зам зуур давлагаанд нүдүүлэхээс гадна Антрактид тивийн ер бусын хуурай цаг уур жуулчдад багагүй хүндрэл учруулдаг байна. Өмнөд туйл жилийн дөрвөн улиралд цасанд хучаатай байдаг тул ус чийг ихтэй байх гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч тэнд жилийн турш маш өчүүхэн хэмжээтэй хур тунадас унадаг байна. Тэндхийн агаар хуурайгаараа Сахарын цөлөөс өчүүхэн ч дутахгүй. Хүчтэй хэт ягаан туяа огторгуйгаас төдийгүй, хөлийн доорх цас мөснөөс ойж тусдаг. Энэ тухай хатагтай Ван Лигийн ярихыг үргэлжлүүлэн сонсъё.
"Тэнд очсоны дараа нэг л зүйлийг гайхлаа. Дэлхийн хамгийн хуурай уур амьсгалтай хоёр газрын нэг нь Сахарын цөл, нөгөө нь Антрактид тив юм байна. Антрактидыг ер бусын хуурай уур амьсгалтай гэдгийг очсоныхоо дараа олж мэдлээ. Иймээс, нарнаас хамгаалах тос, арьс чийгшүүлэгч авч явах нь маш чухал. Очоод ойр ойрхон ус балгаж байх хэрэгтэй"
Антрактидад хийх аяллын явцад, огцом өөрчлөлт, хэлбэлзэл ихтэй цаг уурын эрс тэс нөхцөлөөс шалтгаалж заримдаа хөлөг онгоц аяллын маршрутаа өөрчилдөг. Тогтсон маршрутаараа эх газарт хүрэх боломжгүй болбол онгоцны ахмад аяллын шугамаа өөрчилж, эх газарт хүрэхэд илүү тохиромжтой дараагийн маршрутыг хайдаг байна.
Иймээс хүмүүс Антрактид руу аялан, өмнөд туйлын нууцлаг бөгөөд гайхамшигтай эх газартай танилцахын тулд бэлтгэлээ бүх талаар, сайтар базаахаас гадна маш их сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй болдог гэнэ. "Аугаа байгалийн өмнө, хүн төрөлхтөн гэдэг үнэхээр өчүүхэн юм даа" гэж Антрактидад очоод ирсэн олон жуулчин ярьж байлаа. Бодвол, энэ аялал хүмүүст эх байгалийн оршин тогтнох жамыг хүндэтгэх, байгаль экологио хайрлаж хамгаалахын чухлыг ухааруулдаг гэлтэй.
Дэлхийн цаг та бүхэндээ манай гарагийн өмнөд туйл Антрактид тив рүү аялах аялал жуулчлалын сонин сайхнаас хүргэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |