• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн дүрвэгч Валид Алигийн гэр бүл

CRI       (GMT+08:00) 2016-10-14 16:54:10

Сирид 5 жил гаруй үргэлжилсэн дайн самууны улмаас хэдэн сая ард иргэд нь гадагш дүрвэжээ. Хөрш Ливанд улсад нь Сирийн 1.1 сая орчим дүрвэгсэд амь зууж байна. Ливаны зүүн нутаг дахь Сирийн хил орчмын Бекагийн хөндийд л гэхэд 200 мянган дүрвэгч байгаа ба бусад нь Ливаны олон хот сууринд тархан суужээ. Саяхан ХОУР-гийн сэтгүүлч Ван Күньпэн Ливаны Тире хот дахь Сирийн дүрвэгч нэгэн айлд очиж сурвалжилсан юм.

Ливанд одоо таван хүний нэг нь Сирийн дүрвэгч болоод байна. Нийслэл Бейрутын гудамжинд сэтгүүлч Ливаны хоёр иргэнтэй ярилцахад, нэг нь "Одоо Ливанд олон асуудал бий. Дүрвэгчсэд орж ирснээр нийгмийн зөрчил улам нэмэгдсэн" гэсэн бол нөгөө нь "Ливанчууд болон Сирүүд нэг гэр бүлийн төрөл төрөгсөд юм. Аюулаас хоргодохоор Сирийн ахан дүүс ирвэл хүлээн авахад бэлэн байна" гэжээ.

Ливан дахь Сирийн 1.1 сая шахам дүрвэгсэд хэдийгээр дайны аюул заналхийллээс хол байгаа ч харь нутагт амьдрана гэдэг тийм ч амар биш. Бейрутын харьцангуй өндөр хөгжилтэй, хөл хөдөлгөөн ихтэй том гудамж, далайн эргийн замаар гуйлга гуйж яваа Сири эмэгтэйчүүд хүүхдүүд олон харагдана.

Ливаны Тире хотын уулархаг бүс дэх Хятадаас Ливанд очсон энхийг сахиулах цэргийн ангиудын лагерийн ойролцоо цөөн тооны дүрвэгсэд төвлөрөн суурьшсан цэг байгааг сурвалжлагч харжээ. Тэнд ойролцоогоор 200 дүрвэгч амьдардаг байна.

Валид Али хуванцар хавтсаар босгосон саравчны өмнө зогсож байв. Тэр 3 жилийн өмнө эхнэр, 6 хүүхдээ дагуулан Сирийн Идлибээс Ливанд ирж, энэ эзэнгүй саравчинд түр амьдарч байгаа юм байна. Валид Али: "Биднийг наашаа гарч ирэх үед Сири дэх манай байшин нураагүй байсан. Гэтэл засгийн газрын арми тосгоноос гарч, хэт даврагч зэвсэгт бүлгийнхэн тэнд очсон. Бид тэднээс айж, ямар нэг аймшигт үйлдэл хийхээс нь өрсөн, гэр бүлээ дагуулан зугтаж гарч ирсэн" хэмээн ярьж байлаа.

Тэр үед тэдний тосгоныхон, хамаатан садан, найз нөхөд нь Ливан руу хамт ирж, хожим өөр өөр тийшээ амьдрал хайж явжээ. Тэдний оршин суугаа газрыг Ливаны засгийн газраас зааж өгөөгүй, харин газрын эзнийх нь зөвшөөрлөөр сууж, ар араасаа ирсэн дүрвэгсэд саравч, майхан босгож, өөрсдөө аргаа олсон хэмээн ярьж байлаа. Тэрээр: "НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газраас хүн нэг бүрт сард 27 ам доллар олгодог. Өөр хэн нэгэн, ямар нэг дэмжлэг үзүүлээгүй. Би гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө ажил хийж, мөнгө олох хэрэгтэй байна" гэсэн юм.

Сэтгүүлч ирснийг хараад хэдэн хүүхэд гүйлдэн ирэв. Тэдний өмссөн хувцас хунар хир даг болж, урагдаж салбайсан байх бөгөөд зарим нь хөл нүцгэн байлаа. Гэхдээ тэд томчуудтай адил уруу царайлаагүй, биднийг хараад сонирхон мэндэлж, шивэр авир хийн, инээлдэж байлаа. Насаар бага хэдэн хүүхэд сурвалжлагчийн барьсан камерыг их сонирхож, гартаа барьж зураг дарж үзнэ. Тэднээс арай ах хүүхдүүд дэргэд нь чимээгүйхэн зогсож байлаа.

Валид Алигийн хүүхдүүдээс 8 настай охин Фатима нь нутгийн сургуульд Ливан хүүхдүүдийн хамт сурдаг байна. Харин том хүүхдүүд нь түүнийг даган ажил хөдөлмөр хийнэ. Валид Али: "Би хэдэн охинтойгоо явж ажил хийдэг. Ойр хавиар газар тариалангийн аар саар ажил олж, өдөрт 7-10 ам.долларын хөлс авдаг" хэмээн ярьж байлаа.

Гэр орон, нутаг уснаасаа гарч харийн нутагт дүрвэн амьдарна гэдэг тун бэрх. Гэхдээ, бусад газрын дүрвэгсэдтэй харьцуулбал Али болон энд оршин суугаа хүмүүс бас азтайд тооцогдоно. Хятадын энхийг сахиулах армиас холгүй байдаг тул тэдний аюулгүй байдал баталгаатай. Хамгийн чухал нь Хятадын энхийг сахиулах армиас тэдэнд үнэ төлбөргүй ундны ус, эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг байна. Валид Али: "Үүнээс гадна бидэнд ойролцоо байгаа Хятадын энхийг сахиулах хүчнээс хүмүүнлэгийн дэмжлэг олгодог. Ундны уснаас гадна Хятадын лагериас эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг."

Валид Али Хятадын энхийг сахиулах хүчний офицер дайчдад чин сэтгэлээсээ талархал байлаа. Хятад улс Сирид тусалж буйг тэр мэднэ. Валид Али, Сирийн тухай мэдээ мэдээллийг байнга анхаарна. "Байдал түргэн намжиж, Сирийн засгийн газар улс орноо засан сэргээхийг хүсэж байна. Мэдээж хэрэг, Сирийн байдал тогтворжиж, төвхнөвөл эх орондоо очихыг, гэртээ харихыг хүсэж байна. Нутаг маань бидний хувьд юу юунаас илүү чухал. Иймээс бид дайн дуусвал бид гэртээ харих болно" гэсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе