• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ар Кавказ аялал жуулчлалаа хөгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2016-10-20 16:30:35

ОХУ-ын баруун өмнөд хил орчимд байдаг Ар Кавказын тойрог хосгүй үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын баялаг их нөөцтэй. Мянга гаруй жилийн тэртээ Ар Кавказын нутгаар эртний торгоны зам дайрч өнгөрдөг байсан тул түүхийн ховор, үнэт өв дурсгал олноороо хадгалагдан үлджээ. Тэгвэл саяхан Ар Кавказын тойргийн 7 районы захиргаа хамтран аялал жуулчлалын салбараа улам хөгжүүлэхийн тулд "Торгоны зам" авто замын аялал жуулчлалын төсөв баталсан байна.

9-р сарын 25-наас 10 сарын 1 хүртэлх 7 хоногийн хугацаанд Оросын Ар Кавказын тойргийн урилгаар Хятад, Орос хоёр орны хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын компани, иргэний агаарын тээвэр зэрэг олон салбарын албаны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнтэй "Торгоны зам"-ын авто замын аялал жуулчлалын томилолтын баг Ар Кавказын 7 районы захиргаатай танилцаж, Кавказ нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тухай санал дэвшүүлжээ. "Өдгөө Ар Кавказ Хятадын жуулчдыг хүлээн авахад бэлэн болоод байна" гэж Оросын Ар Кавказын үйл хэрэг хариуцсан газрын дарга Станислав Аристов хэлсэн юм. Тэрээр: "Бид Хятадын жуулчдыг баяртайгаар угтан авна. Бид энэ удаагийн хамтын ажиллагаагаар дамжин Хятадын жуулчдын зуршил, өндөр түвшний аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг ойлгож авлаа. Ар Кавказад морилон ирэх жуулчиддаа бид улам баялаг агуулгатай аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх болно" хэмээн ярьж байлаа.

Энэ онд "Хятадын торгоны замын аялал жуулчлалын жилийн төсөл" хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Оросын холбооны улсын Ар Кавказын тойргийн дотоод явдлын яамны зохион байгуулсан "Торгоны зам" авто замын аялал жуулчлалын төслийг Хятадын үндэсний аялал жуулчлалын албанаас Москвад суугаа хэрэг эрхлэх газар сайтар дэмжиж ажиллсан байна. Тус албаны хэрэг эрхлэх газрын дарга Жао Хунчин "Төлөөлөгчдийн баг Ар Кавказын аялал жуулчлалын баялаг нөөцийг гайхан биширлээ. Кавказ нутгийн өнгө үзэмж, халуун сэтгэлт ард түмэн, өвөрмөц онцлогтой үндэсний соёл иргэншил Хятадын жуулчдыг татах шинэ сюрприз болно гэдэгт итгэлтэй байна. Оросын холбогдох салбар Хятадын аялал жуулчлалын компани, хэвлэл мэдээлэл, иргэний агаарын тээврийн төлөөлөгчдийг Оросын Ар Кавказад урьж аялал жуулчлалын маршрутын талаар шинжилгээ хийлгэлээ. БНХАУ, ОХУ-ын торгоны замын аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх нь бидний гол зорилт мөн. Оросын жуулчид торгоны замаар Хятадад зорчих, мөн Хятадын жуулчид Оросын Ар Кавказтай танилцахыг хүсэж байна" гэжээ.

"Торгоны зам"-ын авто замын аялал жуулчлалын маршрут Дагестан улсын торгоны замын эртний Дербент хотоос гараагаа авч Ар Кавказын тойргийн 6 район, 1 хилийн бүсийг дайрч байгаа юм. Станислав Аристов "Оросын Ар Кавказ өнгө алагласан перс хивс, эсвэл шигтгэмэл мозайк мэт. Тухайлбал энэ нутаг дахь район, хилийн бүс болгон өөр өөрийн өвөрмөц өнгө аяс, онцлог шинжтэй байдаг. Ар Кавказын хамгийн гол онцлог бол олон үндэстний уламжлалтай, тус бүрнээ өвөрмөц ёс заншилтай бөгөөд хоолны гайхалтай соёлтой. Мөн энэ нутгийн өнгө үзэмж олон онцлог шинжтэй. Мөнх цаст уул ч бий, наран гийсэн тал ч бий. Бас нэг онцлог бол Ар Кавказад эртний торгоны замын түүх соёлын ул мөр бий. Бид өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эв нэгдэл, хамтын ажиллагаа, найрамдлыг бэлгэдсэн энэ түүхт замыг сэргээхээр хичээж байна" гэсэн юм.

Зөвлөлт холбоот улс задарсны дараа нутаг дэвсгэр болон үндэстний асуудал Ар Кавказын нийгмийн аюулгүй байдалд их эрсдэл дагуулсан юм. Харин сүүлийн жилүүдэд ОХУ-ын засгийн газар, орон нутгийн захиргааны хүчин чармайлтаар Ар Кавказын эдийн засаг сэргэн хөгжиж, ард түмэн амар тайван аж төрөх болжээ. Гэвч мэдээлэл, сурталчилгаа төгс бус зэрэг олон шалтгааны улмаас энэ нутгийн талаарх гадны хүмүүсийн ойлголт хязгаарлагдмал байдаг гэнэ. "Торгоны зам" авто замын аялал жуулчлалын төслөөр Ар Кавказад уригдан очсон Хятадын төлөөлөгчид Кавказ нутгийн талаар баялаг ойлголттой болсон юм. Москвагийн Номхон далайн олон улсын аялал жуулчлалын компанийн төлөөлөгч Лю Вэнь, "Торгоны зам авто замын аялал жуулчлал бол хөгжлийн боломжийг дайчлах маршрут мөн" хэмээн ярьж байлаа.

Тэрээр: "Хүмүүс Москва, Санкт-Петербургийн тухай мэддэг ч Ар Кавказын тухай хомсхон мэдээлэлтэй байдаг. Уг нь энэ нутагт эртний цайз бэхлэлт, цамхаг зэрэг эртний түүхт барилга олон бий. Мөн бид бүхний мэддэг дайны дараа сэргээн босгосон Чечений бүгд найрамдах улсын нийслэл Грозный өдгөө орчин үеийн шинэ хот болсон" гэсэн юм.

Торгоны замын нэгэн өртөө болсон Оросын Ар Кавказ цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, улам олон жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын авто зам, дэд бүтэц, иж бүрэн үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Хятадын төлөөлөгчдийн гаргасан санал санаачилгын дагуу сурталчилгаагаа сайн хийж, Ар Кавказыг Хятадын жуулчдын зорьж очих газар болгохын төлөө хичээх болно гэж Станислав ярьж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе