|
|
||
20161101japancai001.mp3 |
Япон улс түүхэн хөгжлийнхээ туршид бусад улс орноос технологи, зан заншил зэрэг өдий төдий шинэ санаа, соёлын хэлбэрийг тусган авч, тэр бүхнийг нэгтгэн өөрийн өвөрмөц соёлыг хөгжүүлсэн гэдэг. Өнөөгийн Японы аж төрөх ёсонд Азийн уламжлалт соёл, Өрнөдийн орчин үеийн соёлын нөлөө их туссан байдаг.
Цайны ёслолоороо дэлхийд алдартай Япон улсад анх цай уух нь гол төлөв ордны ноёд, буддын шашны ёс жаягийн хүрээнд үйлддэг ёс заншил байжээ. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаад ноёд, лам хуврагаас гадна дайчин баатрууд цайны амтанд орж, цай бэлтгэх, уухад зориулсан өрөөг тусгайлан бэлтгүүлдэг болсон юм. Мөн цайг үнэр, амтаар нь ямар төрлийнх болохыг нь таних уралдаан хүртэл зохиож, нийтийн хэрэглээ болох үндсийг нь тавьсан байна. Ингэснээр зөвхөн зугаа цэнгэл, эмчилгээ, шашны зан үйлд ашиглах төдийгүй цайны хэрэглээ нь олон зуун жилийн турш хөгжин, хувирсаар япончуудын үндэсний баялаг, өв соёлын нэгэн салшгүй хэсэг болсон юм.
Японд цайны ёслол болоод Японы урлаг соёлын арвин өв сан бүхий музей байдаг. Япончууд бол дэлхийд гайхагдах, дахин давтагдашгүй асар их түүх соёлтой ард түмэн юм. Тэр дундаа цайны ёслолыг урлаг болгон хөгжүүлснээрээ онцлогтой. Ер нь Азийн орнууд болох Хятад, Солонгос, Япон, Монгол зэрэг оронд цайны ёслол хөгжиж ирсэн бөгөөд уламжлал, зан заншил, соёлынх нь нэгээхэн хэсэг болсон байдаг. Ингээд бид Японы соёлын салшгүй хэсэг болсон цайны урлагтай танилцъя.
Цай гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд эрт орж ирсэн ундаа юм. Нийтийн тооллын өмнөх 2-р зуунаас эхлэн Азийн орнуудад цайг хэрэглэж эхэлсэн тухай түүхийн баримт байдаг. Цайны урлагийн үүслийн тухай ийм нэгэн домог бий. Анх нийтийн тооллын өмнөх 2000 гаруй жилийн тэртээ Хятадын хоёр дахь эзэн хаан Шэнь Нүнг ордныхоо гадаа нарлаж байтал, ууж байсан устай аяганд нь цайны навч орж, өнгийг нь хувиргаснаар цайны гайхамшгийг нээж олсон гэдэг. Түүнээс хойш он удаан жил өнгөрч Азийн олон оронд цай гэгч нь нэгэн төрлийн урлаг болон, улмаар тухайн улсын соёлын салшгүй хэсэг болтлоо хөгжиж чадсан байна.
ХӨТ: Цайны ургамал нь Ази тивийн чийглэг, дулаан бүсэд элбэг ургадаг байсан бөгөөд аажмаар Дундад Азиар дамжин Европын орнуудад хүрч, Англи, Ирландын ард түмний өдөр тутмын хэрэглээ болжээ. Анх Хятадын "ча" хэмээх үг перс хэлэнд "чай" гэсэн үг болон орж, улмаар олон хэлэнд "чай", "тий", "цай" гэх мэтээр нэрлэгдэх болжээ.
Цайнд биеийн эсэргүүцлийг сайжруулж, өвчин үүсэхээс сэргийлдэг олон төрлийн бодис агуулдаг. Цай дотроо ногоон, хар, цагаан, шар, хятад, энэтхэг зэрэг олон төрөл зүйл байх ба амт оруулсан, холимог, ургамлын зэрэг олон хэлбэрээр үйлдвэрлэгдэж байна.
Ногоон цай нь Японд маш өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд япончууд ногоон цайны мэргэжилтнүүд юм. Японы хойд нутгийн Сизуока-д хамгийн сайн чанарын ногоон цайг тариалдаг байна. Тэнд ногоон цайны ургах төгс нөхцлийг бүрдүүлж, халаалт, исэлдүүлгийн сүүлийн үеийн технологийг ашиглана. Ийм технологиор боловсруулсан 100 грамм цай 50 долларын үнэтэй. Гэвч үнийн хувьд тогтворгүй тул ихэвчлэн цайны тусгай дуудлага худалдааны үеэр зарагддаг гэнэ. Сизуока нутгийнхан зөвхөн цайгаар аж амьдралаа залгуулдаг. Энд үе үе үзэсгэлэн, наадмууд зохиогддож, Хятад, Тайланд болон бусад орноос авчирсан төрөл бүрийн сайн чанарын цайны дээжийг танилцуулдаг байна.
Японд цайны ёслолыг Way of Tea гэж нэрлэдэг. Цайны ёслол гэдэг нь япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочноо дайлах урлаг юм. Түүнд зөвхөн цай уух төдий биш, харин гэрийн эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг, цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэт олон зүйл багтдаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ихээхэн ач холбогдол өгдөг.
Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай байх ба түүнийг аяганд хийж, дээрээс нь буцалсан ус нэмж, сойз хэлбэртэй зориулалтын эдээр хутгаж, хөөсрүүлээд зочиндоо барьдаг. Зочин нь гэрийн эзэн болон хажуу дахь зочдодоо ёслон үнэтэй аягыг хүндэтгэн, нар зөв эргүүлж, даруу сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсарт нь ам хүргэн уух гэх мэтийн ёс бий.
Цайны ёслолын өрөөний голд уран бичлэг эсвэл зураг өлгөж, хажуу талд нь икэбана цэцэг, хүж үнэртэн уугиулах бойпор байрлуулсан байдаг. Цайны ёслолын хэрэгсэлд зочноо угтаж, үйлчлэх хүний санаа сэтгэлийг шингээхийг эрхэмлэнэ. Дашрамд сонирхуулахад, Японд цайны ёслолын олон урсгал байдаг гэнэ. Японд хамгийн эртний, томоохон уламжлалд тооцогддог нь "Урасэнкэ" урсгал юм. Зочдоо үүдээр орж ирмэгц хүндэтгэн угтаж, зориуд бэлдсэн сандал дээр суулгана. Энэ нь ирсэн зочиндоо хамгийн түрүүнд сүүн цагаан сэтгэлийн илрэл болгож, сүүтэй цайгаа аягалан барьдаг монгол ёс заншилтай төстэй.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |