|
|
||
Саяхан Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэтгэлийн хямралын тухай хамгийн сүүлийн үеийн тайланг гаргажээ. Тус тайланд харуулснаар, 2005-2015 оны хооронд дэлхий даяар сэтгэлийн хямралын сөрөг нөлөөнд өртсөн хүний тоо 18 хувиар нэмэгдэж, эдийн засгийн хохирол нь 1 триллион ам.долларт хүрсэн байна. Энэ тухай ХОУР-гоос Женевт суугаа сэтгүүлч Лю Сү-Юний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Сэтгэлийн хямралд ямар ч насны хүн нэрвэгддэг бөгөөд оюун санааны тарчилгаа болж, амьдрал ахуйд нь сөргөөр нөлөөлөн, бүр амиа ч хорлох боломжтой юм. Гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, эдгээж болдог. Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн 4-р сарын 7-ны "Дэлхийн эрүүл мэндийн өдөрлөг" -ийн гол сэдвийг сэтгэлийн хямралын тухай тогтоохоор шийдсэн бөгөөд "Сэтгэлийн хямралын тухай ярьцгаая" нэртэй цуврал арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Сурталчилгааны энэ арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Дэлхийн оюун санааны эрүүл мэндийн өдөрлөг"-тэй холбогдуулан ноднингийн 10-р сараас эхлэн нэг жилийн хугацаатай зохион байгуулна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх доктор Дан Чишолм Женевт болсон хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Сэтгэлийн хямрал хүний амьдралд ноцтой нөлөөлж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын саяхан гаргасан тайлан харуулж байна гэжээ. Тэрээр: "Ямар ч насны хүн сэтгэлийн хямралд нэрвэгдэх боломжтой. Бүдүүвч төсөөлснөөр, дэлхий даяар нийт 300 сая хүн сэтгэлийн хямралд өртсөн нь дэлхийн нийт хүн амын 4.4 хувийг эзэлж байна гэсэн үг л дээ." гэжээ.
Сэтгэлийн хямрал бол нэг төрлийн өвчин: Гэвч түүний шинж тэмдэг нь тийм ч илэрхий биш. Гол нь байнга гутарч, сонирхдог бүх зүйлдээ дургүй болж, бүр өдөр тутмын амьдрал ахуйгаа ч зохицуулах чадваргүй болдог. Үүнээс гадна сэтгэлийн хямралд нэрвэгдсэн хүн амархан ядрах, хоолны дуршил өөрчлөгдөх, нойр илүүдэх юм уу багасах, анхаарал төвлөрөхгүй, уур хүрч, өөрийгөө буруушаана. Өөртөө итгэх итгэлгүй болж, өөрийгөө тамлах, амиа хорлох санаа төрдөг зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ.
Доктор Дан Чишолм хэлэхдээ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тайлангаас үзвэл, сэтгэлийн хямралд нэрвэгдсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон, өндөр настай хүн залуусаас олон байгаа юм" гэжээ. Тэрээр: "Энэ өвчинд нэрвэгдсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.5 хувь илүү, насны хувьд өндөр настай хүмүүс олон байгаа." гэжээ.
Сэтгэлийн хямралд нэрвэгдэгсдээс эмэгтэйчүүд 5.1 хувь, эрэгтэйчүүд 3.6 хувийг эзэлж байгаа бөгөөд 55-74 насны өндөр настай эмэгтэйчүүд 7.5 хувь, эрэгтэйчүүд 5.5 хувийг эзэлж байна. АНУ, Австрали, Бразил, Эстони, Финланд, Грек, Португал, Орос зэрэг улсад энэ өвчинд нэрвэгдсэн хүн нийт хүн амын 5.5-аас дээш хувийг эзэлж байгаа бөгөөд Украйнд 6 хувиас илүү гарсан гэж тайланд тэмдэглэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Сэтгэлийн хямралын тухай ярьцгаая" арга хэмжээг зохиох замаар, сэтгэлийн хямралд анхаарал хандуулж, ялангуяа энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас сэргийлэхийн төлөө юм. Энэ тухай Дан Чишолм хэлэхдээ: "Олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой энэ арга хэмжээг зохион байгуулах замаар, сэтгэлийн хямралд муухай нэр зүүлгэж буй байдлыг арилгаж, энэ өвчний учир шалтгааныг олж, буруу ойлголтыг үгүйсгэхийн төлөө юм." гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус арга хэмжээгээ гол нь гурван төрлийн хүмүүст зориулсан гэжээ. Тухайлбал: хүүхэд залуус, төрөх насны эмэгтэйчүүд болон нялх биетэй эмэгтэйчүүд, 60-аас дээш насныхан юм. Сэтгэлийн хямралд муу нэр зүүлгэх зэрэг асуудал оршиж байгаа учраас сэтгэцийн өвчинд нэрвэгдсэн янз бүрийн хүмүүс тусламж хайхад бэрхшээл тулгардаг. Иймээс сэтгэлийн хямралын тухай авч хэлэлцэх шаардлагатай. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө, эмч мэргэжилтэй хүмүүс, сургууль, ажлын газар, хэвлэл мэдээллийнхэн ил тодоор авч хэлэлцэн, сэтгэлийн хямралын тухай буруу ойлголт, түүнд зүүлгэсэн муу нэрийг арилгавал улам олон хүн тусламж хайж, тусламж хүртэх боломжтой болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |