• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зэрлэг ан амьтныг хамгаалах тухай хуулийн тогтолцоог боловсронгуй болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 15:38:13

Саяхан Бээжин хотноо 2017 онд зэрлэг ан амьтныг хамгаалах тухай хуулийн тогтолцоог улам боловсронгуй болгож, ан амьтныг хууль бусаар авлаж наймаалахад өгөх цохилтоо эрчимжүүлэхээр болсон тухай Хятадын Ойн ажил эрхэлсэн үндэсний газрын орлогч дарга Ван Вэйшэн мэдэгдлээ. Одоо та бүхэнд энэ тухай тусгай ярилцлагыг хүргэе.  

2016 онд Хятад улс зааны соёо буюу зааны соёогоор хийсэн бараа бүтээгдэхүүн импортлоход тавих хяналт удирдлагаа эрчимжүүлж, эдгээр бүтээгдэхүүний импортод тавих түр хоригийн хугацааг сунган, хяналт удирдлагад хамрах цар хүрээг улам тэлсэн байна. Мөн ойн ажил эрхэлсэн үндэсний газраас "цэвэрлэж устгах үйл ажиллагаа" зохион байгуулж, зэрлэг ан амьтныг хууль бусаар авлаж наймаалах зэрэг гэмт ажиллагаанд өгөх цохилтоо нэмэгдүүлэн, яам хороодын хэмжээний нэгдсэн хурлын механизмыг ажиллуулснаар олон амжилт гаргажээ. 2017 оны ажлын талаар Ойн ажил эрхэлсэн үндэсний газрын Хамгаалалтын газрын орлогч дарга Ван Вэйшэн "зэрлэг ан амьтныг хамгаалах хууль хэрэгжилтийн тогтолцоог улам боловсронгуй болгож, уг салбарын хууль бус худалдаа наймаанд улам хатуу чанга цохилт өгөх болно" гэжээ.  

"Энэ оны чухал ажлын хувьд эхлээд зэрлэг ан амьтныг хамгаалах тухай хуулийн тогтолцоо, дүрэм тогтоолыг улам боловсронгуй болгоно. Үүнд үндэсний хэмжээний зэрлэг ан амьтныг хамгаалах нэрсийн жагсаалтад тохируулга хийж, зэрлэг ан амьтныг наймаалах, үржүүлэх, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах, холбогдох шошго тэмдгийн хяналт удирдлага зэргээр тусгай дүрэм тогтоол боловсруулж, хууль хэрэгжилтийн үндэс суурийг бэхжүүлнэ. Мөн хууль хэрэгжилтийн талаар энэ онд зэрлэг ан амьтныг хууль бусаар агнаж наймаалахын эсрэг яам хороодын хэмжээний нэгдсэн хурлын механизм ажиллуулж, дараах гурван талын чухал ажлыг зохицуулна. Тухайлбал. Нэгд, дураараа агнаж ашиглахыг хориглохыг ажлын гол тал болгоно. Хоёрт, зааны соёо, панголин зэрэг ан амьтны бүтээгдэхүүнийг хулгайгаар наймаалах, ашгийн төлөө хууль бус ажиллагаа явуулах зэрэгт цохилт өгөхөө эрчимжүүлэх. Гуравт, ан амьтныг ашгийн төлөө үржүүлэх, үзэсгэлэн тоглолтод ашиглах гэх мэт дүрэм журамд нийцэхгүй байдлыг өөрчлөх зэрэг болно" гэв.

2017 оны 1-р сарын 1-нээс засвар өөрчлөлт оруулсан "Зэрлэг ан амьтныг хамгаалах тухай хууль" албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Гэвч зарим дагалт нөхвөр дүрэм тогтоол боловсронгуй бус байна. Энэ тухайд энэ ондоо багтаан зэрлэг ан амьтныг хамгаалах нэрсийн жагсаалтад засвар өөрчлөлт оруулахаа түргэтгэхийн зэрэгцээ, зэрлэг ан амьтныг үржүүлж ашиглах, үзэсгэлэн, тоглолт цэнгүүнд ашиглах, холбогдох шошго тэмдгийн хяналт удирдлагаа стандарттай болгоно гэж ойн ажил эрхэлсэн үндэсний газрын Хамгаалалтын газрын Зэрлэг ан амьтныг хяналт удирдлагын хэлтсийн дарга Жан Дэхүй тэмдэглэлээ.   

"Зэрлэг ан амьтныг үзүүлбэр тоглолтод ашиглах тухай олон асуудал оршиж байна. Жишээ нь барын сүүлнээс татах, барын толгойг илэх, бар тэвэрч зураг татуулах зэрэг нь чухам дүрэм журамд нийцэх үү? Эдгээр асуудалд чиглүүлж бид иж бүрэн стандарт, тогтоол батална. Үүнээс гадна, үндэсний дархан хамгаалалтад авсан зэрлэг ан амьтан, тэрчлэн хүний хүчээр үржүүлж өсгөсөн ан амьтныг наймаалж ашиглахад эрхбиш тусгай шошго тэмдэг тавьсан байх хэрэгтэйг шинэ хуульд заасан. Манай хууль хэрэгжилтийн байгууллага ан амьтны тухай олон үйл ажиллагааны аль нь хуульд нийцэх, аль хууль бус гэдгийг нэг нэгээр нь ялгаж тодорхойлох нь хүндрэлтэй. Энэ тухай үйлдвэр худалдааны газар, гааль, нийгмийг аюулаас хамгаалах газар бүгд маш хатуу хариу өгч байгаа. Тиймээс бид шошго тэмдгийн дүрмийг хэрэгжүүлэх нь хууль хэрэгжилт, холбогдох хяналт удирдлагын ажилд ашигтай юм" гэжээ.

Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн Тамгын газраас "Бизнесийн зориулалтаар зааны соёон бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулахыг цэгцэлж зогсоох тухай мэдэгдэл" нийтэлж, энэ ондоо багтаан зааны соёон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах үйл ажиллагааг үе шат хуваан хориглож зогсоохоор шийдсэн байна. Мөн энэ оны 3-р сарын эцсээс өмнө амжиж зааны соёог боловсруулдаг болон борлуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох болсноо Ойн ажил эрхэлсэн үндэсний газар мэдэгдсэн юм. Ойн ажил эрхэлсэн үндэсний газрын Хамгаалалтын газрын орлогч дарга Ван Вэйшэн ингэж ярьж байна:

"Бид нэрсийн жагсаалт боловсруулж, удахгүй олон нийтэд зарлана. Асуудалд болгоомжтой хандах үүднээс одоо холбогдох байдлыг шалган тодруулж байна. Зааныг хамгаалахын тулд холбогдох бизнесийн зориулалттай үйлдвэрлэл худалдааг зогсоохын зэрэгцээ, уг салбарт ажил эрхэлж байгаа хүмүүсийг яаж ажлаар хангаж төвхнүүлэх зэрэг асуудлыг ч нарийн бодох ёстой. Тиймээс бид зөвхөн бизнес худалдааны асуудлыг чухалчлаад байж болохгүй. Үүнд зохих хугацаа шаардагдана. Богино хугацаанд боломжийн нэрсийн жагсаалт гаргахыг хичээнэ. Олон нийтэд зарласны дараа, түүний хэрэгжилтэд цаг алдалгүй хяналт шалгалт хийх болно" гэлээ.

Харийн сүүлийн үед олон нийтийн дунд өргөнөөр яригдаж буй панголиний хэргийн тухай Ван Вэйшэн хэлэхдээ:

"Хамгийн чухал нь хуулийн дагуу хянаж удирдах явдал юм. Гарал үүсэл нь тодорхойгүй юм уу хууль бус замаар ирснийг хууль ёсны гүйлгээнд оруулж болохгүй. Мөн хууль бус үйлдэлд хуулийн дагуу хатуу цээрлэл үзүүлэх ёстой. Одоогоор хэрэгжиж байгаа үндэсний хууль дүрмийн дагуу, хууль бусаар борлуулах, худалдан авах, үндэсний дархан цаазтай ан амьтан, ан амьтнаар хийсэн бүтээгдэхүүнийг ашиглах нь бүгд эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл болохоор залхаан цээрлүүлэх маш тодорхой хууль тогтоомжтой. Бид холбогдох хууль хэрэгжилтийн байгууллагуудтай хамтран, олон дэд давхарга, олон гарааг хамарсан хууль хэрэгжилтийн ажиллагааны эрч хүчээ нэмэгдүүлнэ" гэв.

Мөн энэ онд багтаан тус салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, зэрлэг ан амьтныг хууль бусаар наймаалах ажиллагаанд хатуу цохилт өгч, олон улсын хамтын нийгэмлэгийн экологи хамгаалах үйлсэд улам их хувь нэмэр оруулахаа Ойн ажил эрхэлсэн үндэсний газар мэдэгдсэн байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе