|
|
||
Олон улсын дөрвөн том хувцас загварын долоо хоног арга хэмжээний эхэнд болдог 2017 оны өвлийн Нью-Йоркийн загварын долоо хоног шоу үзэсгэлэн дуу шуугиантай, ёслол төгөлдөр зохиогдож, дэлхий нийтийн загвар сонирхогчдын анхаарал Нью-Йоркийн тайзнаа төвлөрлөө. Энэ удаагийн загварын шоунд Хятадын цөөнгүй дизайнерын брэнд чамлахааргүй амжилт гаргасан бөгөөд Хятадын дотоодын урлагийн салбарын олон од шоу үзэсгэлэнд оролцов. Үүний зэрэгцээ Нью-Йоркийн загварын долоо хоног нь "Алтан Глобал", "Грэммийн шагнал гардуулах ёслол"-ын дараа Америкийн урлаг соёлын салбарынхан улс төрийн үзэл бодлоо илэрхийлдэг бас нэгэн чухал индэр болсон юм.
Загварын долоо хоногийн сүүлчийн өдөр Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Нью-Йорк хотын төв дэх галт тэрэгний төв вокзалд ирж Америкийн алдарт дизайнер Oscar de la Renta агсны дурсгалд зориулсан шуудангийн маркийг албан ёсоор тараах ёслолд оролцсон нь мөн өдрийн олон арга хэмжээний хамгийн онцлох үйл явдал байлаа. Шуудангийн марк тараах ёслолд Хиллари Клинтон, "Oscar de la Renta бол цагаач иргэн байсан. Michael Bloomberg-гийн хэлсэн шиг бид энэ агуу дизайнераар бахархаж, түүнд талархаж байна. Америкийн үндэсний шуудангийн дизайнеруудын бүтээсэн маркуудад Oscar de la Renta шилэгдэн орсон нь зүй ёсны хэрэг. Энэ нь биднийг Америкийн үндсэн хуулиа сайтар анхаарч унших ёстойг сануулж байна" гэсэн байна. Тухайн танхимд Хиллари Клинтоны илтгэлийг сонссон загварын салбарын зүтгэлтнүүд халуун алга ташилтаар дэмжиж байлаа. 2016 оны сүүлчээс эхлэн Америкийн үндэсний шуудан анх удаагаа ийнхүү загварын дизайнерын сэдэвт иж бүрэн марк гаргаж, Америкийн хамгийн нөлөөтэй, нэгэнт таалал төгссөн дизайнер Oscar de la Renta-г дурсгаж байна. Энэ удаагийн загварын долоо хоногт "Oscar de la Renta" брэндийн дизайнерын бүтээсэн "The Row" загварын пальто Нью-Йоркийн нэрийн хуудас гэгдэж байлаа.
2017 оны өвлийн Нью-Йоркийн загварын долоо хоногт Хятад улсын элемент цөөнгүй харагдлаа. Нийт 16 Хятад дизайнер өөрийн брэндийн шинэ загваруудаа танилцуулав.
Хятадын "Broadcast" хувцасны брэндийн дизайны ерөнхий хянагч асан Ван Тао 2014 онд "Taoray Wang" хэмээх хувийн брэндээ бүтээж, өдгөө тус брэнд Нью-Йоркийн загварын шоунд 6 дахь удаагаа шинэ загвараа гаргажээ. Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь охин Tiffany Trump найз залуу болон ээж Marla Maples-ийнхээ хамт Ван Тао-гийн загварын үзэсгэлэнгийн тэргүүн эгнээнд сууж загварын шоутой танилцжээ. Tiffany Trump хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Вао Тао-гийн дизайныг олон жил сонирхож ирсэн, хойшид ч "Taoray Wang" загварыг дэмжсээр байх болно гэжээ. Tiffany Trump "Taoray Wang" брэндийн шоу үзэсгэлэнд оролцсон явдлыг олон нийт урьдынхаас илүү анхаарсан бөгөөд Хятад, Америкийн мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан тариад байна. Тухайн нутгийн зарим хэвлэл энэ явдлыг бас "Фэйшн дипломат харилцаа" гэж мэдээлсэн байна.
Дональд Трамп сонгуульд өрсөлдөж байх хугацаанд Tiffany Trump олон удаа Ван Таогийн бүтээсэн дизайны хувцсаар гоёж том чухал үйл ажиллагаанд оролцож байжээ. Ноднин болсон ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээний үеэр Tiffany Trump Ван Таогийн 2016 оны өвлийн загварын хувцас өмсөж тухайн талбайд очиж аавыгаа дэмжсэн байна. Ерөнхийлөгчийн сонгууль болсон орой тэрбээр мөн Ван Тао-гийн 2016 оны өвлийн дээд зэрэглэлийн тусгай захиалгат загварын ёслолын хувцсаар гоёжээ. Мөн бидний хамгийн сайн санаж байгаа 1-р сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Tiffany Trump Ван Тао-гийн бүтээсэн хоёр мөр товчтой цагаан өнгийн пальто өмссөн байсан юм. Ийнхүү Ван Тао хэмээх энэ Хятад дизайнер богино хугацаанд Америкийн хувцас загварын гол гол салбарын анхаарлыг татсан бөгөөд Америкийн тэргүүн гэр бүлд хувцасны загвар гаргаж өгсөн Хятадын эх газрын анхны дизайнер болсон байна.
Энэ удаагийн загварын долоо хоног арга хэмжээний үеэр, Америкийн тэргүүн хатагтай асан Michelle Obamaд хамгийн илүү таашаагдаж байсан дизайнер Хятад удамтай У Жиганы хувийн "Jason Wu" брэнд багагүй шуугиан тарьжээ. "Jason Wu" брэнд мэндлээд 10 жил болсон тул энэ удаа голдуу тус брэндийн 10 жилийн хугацаан дахь хамгийн сонгодог, содон загваруудыг дахин толилуулсан байна. Үүнээс гадна Хятад удамтай дизайнер Ван Дарэний бүтээсэн "Alexander Wang" хэмээх брэнд 2017 оны өвлийн загварын шоуд хар өнгөөр голлосон хялбар авсаархан дизайнаа танилцуулсан нь загвар сонирхогчдын анхаарлыг хүчтэй татаж чадлаа. Хятад удамтай энэ хоёр дизайнерын брэндийн шоу Нью-Йоркийн загварын шоу үзэсгэлэнгийн таван том үзэсгэлэнгийн эгнээнд оржээ.
Үүний зэрэгцээ улс төрийг огт сонирхдоггүй байсан фэйшн салбарынхан энэ удаа улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийг зорьсон байна. 2017 оны өвлийн Нью-Йоркийн загварын долоо хоног нь Америкийн "Алтан Глобал", "Грэммийн шагнал гардуулах ёслол"-ын дараа Америкийн урлаг соёлынхон улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх бас нэгэн индэр болжээ.
Хувцас загварын долоо хоногийн үеэр зарим брэнд, зарим дизайнер бүтээлдээ ил далдаар Трампыг эсэргүүцсэн элемент нэмж оруулжээ. Хамгийн түрүүнд Дональд Трампыг эсэргүүцсэн алдарт брэнд бол "CK". Загварын шоуны нээлтэд "CK" брэндийнхэн модель ба үзэгчдэд "эв нэгдэлд хүсэл эрмэлзлээс гадна хайр бас багтана" бичээстэй торгон алчуур гардуулж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцжээ. Зарим загварын үзэсгэлэнгийн үеэр загвар өмсөгчид цамцан дээрээ "би бол цагаач", "бидэнд жинхэнэ удирдагч хэрэгтэй", "тэр тусгаарлах ханаа нураа" гэх мэтийн уриатай бичиг нааж, Дональд Трампын цагаачдын тухай бодлого, Мексикийн хилд тусгаарлах хана хэрэм байгуулах зэрэг үйлдлийг нь эсэргүүцсэн байна. Үүнээс гадна Хиллари Клинтоныг дэмжигч Katy Perry энэ удаагийн загварын арга хэмжээний үеэр Хиллари-гийн нэрээр нэрлэсэн ягаан өнгөтэй өндөр өсгийт гутлын загвараа танилцуулжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |