• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгалийн дархан цаазтай бүсээ хамгаалах чадавх нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 10:50:10
Хятад улс байгалийн дархан цаазтай 2700 гаруй бүс байгуулсан ба энэ нь нийтдээ 1.4 сая гаруй ам дөрвөлжин км буюу бүх Хятадын нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг эзэлдэг. БНХАУ-ын Байгаль орчны яамны Унаган байгалийг хамгаалах газрын дарга Чэн Лифэн: "Дараагийн шатанд орчин үеийн хяналтын технологи, тоон системийн их өгөгдлийг ашиглан, экологи, байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалах, үнэлгээ хийхэд зориулан мэдээлэл цацах системийг бүрдүүлнэ" гэжээ.

"Байгалийн дархан цаазтай бүсүүдээ хамгаалахын төлөө зүг бүрээс хянаж шалгах алсын удирдлагатай систем байгуулсан. Бид үүгээрээ үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүсүүдийг тогтмол хугацаагаар алсаас хянан шалгаж, газар дээр нь очиж судлан шинжилж, хууль дүрэм зөрчсөн асуудлыг илрүүлсэн даруйд мөрдөн шалгаж, хатуу чанга шийтгэж байгаа. Ноцтой асуудал гарч буй үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүсийн орон нутгийн захиргаа, удирдах байгууллагын хариуцсан хүнийг дуудаж, ажлаа сайжруулж, алдаагаа засахыг шаарддаг. Холбогдох салбаруудыг зохион байгуулж, үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай 300 гаруй бүсэд үнэлгээ хийсэн. Мөн байгалийн дархан цаазтай бүсийг хамгаалах шинжилгээ хийж, үндсэн үзүүлэлтийг нэгтгэх, судлах, дүгнэх ажлаа эрчимжүүлэн, байгалийн дархан цаазтай бүсүүдийг тоон системээр удирдах индэр байгуулаад байна."

Сүүлийн үед хууль зөрчиж байгалийн дархан цаазтай бүсэд хохирол учруулж буй зүй бус үйл ажиллагаа гарсаар байна. Хойшдоо бид өөрсдөө ажигч гярхай байж, гэмт хэрэг, зөрчлийг цаг тухайд нь илрүүлж, даруй шийдвэрлэн, хууль зөрчсөн ажиллагааг газар авуулахгүйн төлөө хичээж ажиллана гэж Чэн Лифэн онцолсон юм.

"Алсаас удирдах хяналт шалгалтын системийг улам боловсронгуй болгож, үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүсүүдийг жилд хоёр удаа, мужийн зэрэглэлийн бүсүүдийг жилд нэг удаа шалгана. Шалгалтаар илрүүлсэн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх болно. Одоо бид үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүсэд хүн орж гарахыг алсаас хянаж, байцаан тодруулж, шийдвэрлэх аргыг боловсруулж байгаа бөгөөд алсын хяналтыг дүрэм журмаар баталгаажуулан, байнгын ажиллагаатай болгохоор ажиллаж байна. Ялангуяа чухал үнэ цэнэтэй, олон нийтийн анхаарлын төвд байдаг дархан цаазтай бүсүүдэд байнгын хяналтын дүрэм хэрэгжүүлнэ. Хууль зөрчсөн асуудал гарсан бүсүүдэд хариуцсан хүнтэй нь ярилцах, мэдэгдэл өгөх, удирдах салбараас шийдвэрлэх ажлын хөтөлбөрт оруулах зэрэг арга хэмжээ авч, ажлаа цэгцлэх шаардлагыг чангатгаж, хариуцлага хүлээлгэх дүрмийг хатуу хэрэгжүүлнэ" гэжээ.

Байгаль орчны яамны мэдээлснээр, хожим орчин үеийн хяналтын технологи, тоон системийн их өгөгдлийг ашиглан, экологи байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалах, үнэлгээ хийхэд зориулан зүг бүрээс хянаж шалгах ерөнхий системийг бүрдүүлэх юм байна.

Үүний зэрэгцээ байгаль орчны яамнаас саяхан "Экологи хамгаалах улаан шугамыг тогтоож хатуу баримтлах тухай аргачлал"-ыг албан ёсоор нийтлэн, экологи байгаль орчны чадавх, талбай, чанарыг баталгаажуулах төр засгийн зорилтыг тодорхойлон заасан байна.

Байгалийн дархан цаазтай бүсээс гадна, амьд бодисын олон талт шинжийг хамгаалах нь байгаль орчин хамгаалах ажлын чухал агуулга юм. Өдгөө Хятадын ойн бүрхэвч 20 гаруй хувь, хээр талын ургамлын бүрхэвч 54 хувь, эх газрын төрөл бүрийн хамгаалалтад хамрагдсан талбай 170 ам дөрвөлжин километрт байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 18 хувийг эзэлж байна.

"Байгалийн дархан цаазтай нийт газар нутгийн 90 хувьд ховордсон зэрлэг амьтан, ургамлын 89 хувь нь байдаг болохоор найдвартай хамгаалагдаж байгаа гэж үзэж болно. Байгаль орчны хамгаалалт сайжирч байгаагийн улмаас хулсны баавгай, зүүн хойд нутгийн бар, түвд бөхөн зэрэг нэн ховор зэрлэг амьтны тоо толгой нэлээд сайн өсөн нэмэгдэж байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе