|
|
||
2-р сарын 20-27-нд Өмнөд Формадиагийн Радиогийн Дээд Сургууль анхны радио наадмаа амжилттай зохион байгуулсан бол хамгийн чухал арга хэмээ нь радиогийн шилдэг нэвтрүүлгийг шалгаруулах явдал байлаа. Тулуз хотын харьяа Окситания дүүрэг болон хилийн гадна дотнох Франц хэлний бүс нутгийн радиогийн нэр дэвшүүлсэн радио нэвтрүүлгийг мэдээний, шоу нэвтрүүлэг, дуу авиа зохиох, хилийн чанадын Франц хэлний нэвтрүүлэг гэсэн дөрвөн их төрөлд хуваан сонгон шалгаруулсан байна. Үүнээс гадна, долоо хоногийн радио нэвтрүүлэгт нэрт нэвтрүүлэгчид өөр өөрсдийн намтар түүхээ хуучлах, бага хэмжээний концерт, туршилтын чанартай нэвтрүүлэг сонсох зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохион байгуулсан гэнэ.
Энэ бол Өмнөд Формадиагийн Радиогийн Дээд Сургууль радио наадам туршин зохион байгуулж байгаа анхны үйл ажиллагаа юм. Наадмын зорилтын талаар тус сургуулийн захирал Эрик Ле Сколан хэлэхдээ:
"Франц улсад радиогийн нөөц баялаг ганц Парист төвлөрдөг. Харин дэлхийн бусад оронд тийм биш. Францад радио, хэвлэл мэдээллийн тухайтад Парисаас бусад газар санаанд ордоггүй" гэжээ.
Яг иймэрхүү радиогийн нөөц баялгийг Парис хот дангаараа Монопольчилсон байдлыг эцэс болгохын тулд радио наадам зохион байгуулж, Тулуз хотын харьяа Окситания дүүрэгт радиогийн нөлөөг нэмэгдүүлэхээр Өмнөд Формадиагийн Радиогийн Дээд Сургууль шийдсэн юм байна. Мөн радио наадмаар дамжин улам олон чадварлаг боловсон хүчнүүд шинэ санаа оноо, үзэл баримтлалтай болохыг Эрик Ле Сколан хүсжээ. Тэрээр:
"Радиогийн нэвтрүүлэг эрхбиш бодитой бөгөөд баялаг агуулгатай байх, чадварлаг боловсон хүчнүүдэд нэвтрүүлэг бэлтгэх боломж, орон зайг хангах ёстой. Мөн радиогийн нэвтрүүлгийн тухай шинэ үзэл баримтлалыг ч дурдах хэрэгтэй. Өдгөө ихэнх радио нэвтрүүлгүүд нэвтрүүлэгч хөтлөгчийн дүрийг гол байранд тавихгүй байгаа. Бусад радио наадмын гол дүрд дийлэнхдээ сэтгүүлч нар байдаг. Тиймээс бид энэ удаа цоо шинэ радио наадам зохиож, нэвтрүүлэг болон хөтлөгчийг гол байранд тавьж, сайн нэвтрүүлэг, авьяаслаг нэвтрүүлэгч, хөтлөгчийг илрүүлэхийг зорьж байгаа юм. Энэ жил анх удаа туршин зохион байгуулж, амжилт гаргалаа" гэжээ.
Өмнөд Формадиагийн Радиогийн Дээд Сургуулийн радио наадам зохион байгуулах саналыг Окситания дүүргийнхэн дэмжиж ажиллажээ. Тулуз хотын Радио Телевизийн Удирдах Зөвлөл зэрэг байгууллага нэгжийн дэмжлэгээр наадмын хугацаанд өдөр бүрийн 14-16 цагийн хооронд дүүргийн 10 FM радио наадмын тэмцээнд оролцсон бүтээлийг цацсаны зэрэгцээ, дээд сургуулийн албаны веб хуудсанд ч веб радио ажиллуулж, сонсогчдоос санал хураасан байна. Дөрвөн их төрлийн хамгийн шилдэг нэвтрүүлгийн нэрсийг 27-нд болсон шагнал гардуулах ёслол дээр зарлажээ.
Радио Телевизийн нэрт нэвтрүүлэгч Сильва Ожье энэ удаад Өмнөд Формадиагийн Радиогийн Дээд Сургуулийн захирлын урилгаар наадмын зохион байгуулагчаар ажилласан байна. Түүний үзэж байгаагаар, телевиз, интернет, шинэ медиа нь уламжлалт радиод ихээхэн сорилт учруулж байгаа хэдий ч радио нь орлуулж болшгүй үнэ цэнэтэй хэвээр байгаа юм байна. Тэрээр:
"Миний бодлоор радио устана гэж үгүй. Олон хүний хувьд өглөө сэрмэгц радиогоор тэр өдрийн хамгийн анхны мэдээ мэдээлэл авдаг. Радио бол амьдралын маш сайн хань. Жишээ нь бид байнга RTL радио сонсдог. Тэдний нэвтрүүлгийн бүтэц нь маш сайн бөгөөд нэвтрүүлгүүд нь цацагдаж байгаа тэр цаг хугацаан дахь хүмүүсийн амьдралтай яв цав зохицсон байдаг. Бүр сүүлдээ хөтлөгчийн дуугаар хэдэн цаг болж байгааг ч гадарладаг. Ийм мэдрэмжийг зөвхөн л радиогоос олно доо" гэлээ.
Энэ удаагийн шилдэг нэвтрүүлэг шалгаруулах төрөл жанраас "дуу авиа зохиох" нь хамгийн сонирхолтой бөгөөд энэ төрлийн тэмцээнд оролцсон нэвтрүүлгүүд ердийн нэвтрүүлгээс ялгаатай, голдуу үгийн урлагаар нэг төрлийн санаа, ахуйг зураглан бүтээхэд чиглэсэн, байгаль орчны дуу чимээг оролцуулсан олон төрлийн авиагаар хүмүүсийн анхаарал сонирхлыг татсан нэвтрүүлэг бэлдэхийг зорьдог.
Эцсийн шалгаруулалтад "Булшны чулуу ба бэх" гэсэн гарчигтай нэвтрүүлэг тэргүүн байранд тодорсон бол тус нэвтрүүлэг олон төрлийн дуу чимээгээр дайны талбарыг бүтээсэн байна. Нэвтрүүлгийн уран бүтээлч Саймон Виала:
"Манай нэвтрүүлэг "Булшны чулуу ба бэх" гэсэн нэртэй. 1418 онд болсон дайны талбарыг харуулахыг зорьсон. Анх ахлах ангийн хэдэн сурагч энэ санааг гаргасан бол бид голдуу дайнд яваа цэрэг эрчүүд ар гэрийнхэндээ яаж мэдээ дамжуулж байсан зэргийг тусгахаар хичээсэн юм. Тэгээд дайн байлдааны олон дуу авиа оруулсан. Энэ бол цоо шинэ бүтээл бөгөөд хүмүүсийн анхаарал сонирхлыг татаж чадсанаараа эцсийн шалгаруулалтад шагнал авсан болов уу" гэв.
Энэ удаагийн тэмцээний хилийн чанадын Франц хэлний нэвтрүүлгийн төрөлд Швейцарь, Бельги, Канад зэрэг орны шилдэг нэвтрүүлгүүд идэвхтэй оролцсон бол эцсийн шалгаруулалтад Бельги улсаас ирсэн нэвтрүүлэг тэргүүн байранд тодорсон байна. Гэсэн хэдий ч радио нэвтрүүлэг мөн л бүс нутгийн хувьд хязгаарлагдмал чанартай, ирээдүйд хөгжих асар их нөөц боломжтой гэдгийг Өмнөд Формадиагийн Радиогийн Дээд Сургуулийн захирал Эрик Ле Сколан хэлж байлаа:
"Одоогийн байдлаар радио нэвтрүүлэг нь ерөнхийдөө Окситания дүүргээр хязгаарлагдаж байгаа. Дараагийн радио наадмаар Өмнөд Формадиагийн радио нэвтрүүлгийн нөлөө Францын өмнөд нутагт түгэн дэлгэрч, бүс нутгийн радионууд бидэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Мөн радио нэвтрүүлэгт урлаг, бизнесийн элемент яв цав уялдсан байхыг хүсэж байна" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |