• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросыг зорих Хятадын жуулчид нэмэгдсээр байна

CRI       (GMT+08:00) 2017-03-14 15:15:58

Эрхэм сонсогчид оо, ОХУ-ын статистик бүртгэлээс үзвэл, 2016 онд Хятадын 1.2 сая гарай жуулчин Орост жуулчилж, жуулчдын тоо 2015 оныхоос 40 хувиар нэмэгдсэн бөгөөд Оросын аялал жуулчлалын салбарын хөгжилд ихээхэн түлхэц болжээ. Хятадын олон ахмад хүн залуудаа Зөвлөлтөд сурч байсан сайхан дурсамжтай байдаг. Харин аяллын зардал харьцангуй хямд байгаа нь Оросын өргөн уудам байгаль, харь нутгийн үзэмж, бараа бүтээгдэхүүн худалдан авах дуртай залуусын сонирхлыг илүү татдаг. Орост жуулчлах нь Хятадын жуулчдын сонгох дуртай аяллын маршрутын нэг болжээ.

Аялал жуулчлалын зах зээл эрчимжсэн нь Орос, Хятадын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг нягтруулж байна. Саяхан Москвад зохиогдсон Орос, Хятадын аялал жуулчлалын форумд 700 гаруй хүн оролцсоны ихэнх нь Оросын аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн төлөөлөл байлаа. Орос, Хятадын найрамдал, энх тайван, хөгжлийн хорооны тэргүүн Борис Титов форумд тавьсан илтгэлдээ:

"Харилцан жуулчлах нь Орос, Хятад хоёр орны харилцааг хөгжүүлэх чухал арга зам юм. Хоёр орны иргэдийн аялах зорилт улам нэмэгдэж байгааг сүүлийн хоёр жилийн аялал жуулчлалын өсөлтийн тоо бүртгэлээс харж болно. Бидний хамтын ажиллагааны боломж асар их байна."

Хятадын жуулчид их хэмжээгээр нэмэгдэж байгаа нөхцөлд Оросын аялал жуулчлалын салбар цөөнгүй зүйлд жуулчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа ч аялал жуулчлалын нөхцөл боломжоо бага багаар сайжруулсаар байна. Оросын өмнөд нутгийн амралт зугаалга, аялал жуулчлалаар алдартай Сочигоос ирсэн төлөөлөгч Хятадын хотуудтай шууд нислэгийн маршруттай болж, Хятад жуулчдад Сочигийн аялал жуулчлалын өвөрмөц өнгө үзэмжийг харуулах санаачилга гаргажээ. Уралаас ирсэн төлөөлөгч: "Нутгийнхаа эко бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд борлуулахыг хүсэж байна. Гэвч одоогоор бүтээгдэхүүнээ гаргах зам суваг алга байна" гэжээ. Москвагийн ойролцоох жуулчны зарим шинэ компаниуд Хятадын жуулчны компанид төслөө танилцуулж, ширүүн өрсөлдөн, аялал жуулчлалын зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхийг зорьж байна.

Тус форумд оролцсон зочид Орос, Хятадын аялал жуулчлалын хамтын ажиллагааг үнэлсний зэрэгцээ өөр өөрсдийн санаа бодол, санаачилгаа ярьж, хоёр талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулан, үйлчилгээний чанарыг дэвшүүлэхийг санал болгожээ. Хятадын Үндэсний аялал жуулчлалын товчооны Москва дахь хэрэг эрхлэх албаны дарга Жао Хунчин ингэж ярьж байна.

"Өдгөө Орост ирж буй жуулчдын ихэнх нь дундаас дээш насны ахмад хүмүүс юм. Хөл бөмбөгийн ДАШТ Орост зохиогдох үеэр улам олон залуус Орост аялах болно. Тэд интернетээр захиалгаа өгөх, интернетээр виз бүртгүүлэх мэтээр аялах дуртай. Оросын тал виз олгох, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, хөтөч хэлмэрчийг урьдчилан сонгох зэрэгт илүү анхаарахыг бид санал болгож байна. Үүний зэрэгцээ Орос, Хятад хоёр орны холбогдох байгууллагууд аялал жуулчлалын цагдаа, гадаад хэлний орчуулга, хөтөч бэлтгэх, буудлын дэд бүтцийн бүтээн байгуулалт, гадаад хэлээр бичсэн аяллын замын тэмдэг, үндэстэн дамнасан санхүүгийн төлбөр тооцоо, аянчдын даатгал зэрэг талын бүтээн байгуулалтаа улам нэмэгдүүлэх нь зүйтэй."

"Өдгөө Москвад хятад хэл сайн мэддэг, Орос иргэншилтэй, албан ёсны хөтөч маш цөөн байгаа. Ноднин аялал жуулчлалын оргил үед хятад хэлтэй 250 гаруй хөтөч хэрэгцээтэй болсон" гэж Жан Хунчин ярьж байлаа. Форумд оролцсон Оросын талын зочид ч дотооддоо аялал жуулчлалын боловсон хүчнийг бэлтгэх хүчин чадлаа нэмэгдүүлж, аяллын хөтөч дутагдаж байгаа асуудлыг зохицуулахыг уриалжээ. Дэлхий Хил хязгааргүй аялал жуулчлалын нийгэмлэгийн дарга Aлександ Федин ингэж ярьсан юм.

"Энэ бол зөвхөн хөтөч дутагдаж буй төдий асуудал биш. Харин Орос шинэ аж үйлдвэрлэлийн арга хэлбэр, Хятадын аялал жуулчлалын салбарын эрэлт хэрэгцээг хангаж чадаагүй байгааг харуулж байна. Орос энэ талыг илүү чухалчлан үзэх ёстой."

Утаагүй аж үйлдвэрлэлийн хувьд аялал жуулчлал хүмүүсийн байгаль дэлхийг танин мэдэх хүсэл зорилтыг хангадаг төдийгүй тухайн оронд асар их ашиг тус авчирдаг. ОХУ сүүлийн жилүүдэд төрөл бүрийн арга хэмжээ авч, Хятадын жуулчдыг татаж байна. Түүний нэг жишээ нь визийн бүртгэлийг хялбарчилсан явдал юм. Өдгөө 5-аас дээш хүнтэй аяллын баг визгүйгээр Орост 15 хоног аялж болно. Эх сурвалжид тэмдэглэснээр, ирээдүйд 3 хүний аялалд визгүй зорчих шийдвэр гаргаж болзошгүй. Хэрэв тэгвэл нэг ам бүлийн гурван хүн Орос руу явж, чөлөөтэй аялах боломж бүрдэх юм. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин шинэ хуулийн тогтоолд гарын үсэг зурж, Оросын Алс Дорнод гадаадын жуулчдад төлбөргүй цахим виз олгох тогтолцоо хэрэгжүүлж, жуулчид Оросын нутагт дээд тал нь 8 хоног аялах боломж бүрдүүлжээ. Оросын Алс Дорнодын бүс нутгийг сонирхдог жуулчдын хувьд энэ бол яахын аргагүй сайн мэдээ юм.

Орос, Хятад хоёр орны соёл, зан заншлын ялгаатай байдалд чиглүүлэн Орос улс "Найрсаг Хятад орон" аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж, Орос дахь Хятадын жуулчдад таатай нөхцөл бүрдүүлж байна. Оросын нисэх буудал, зочид буудал, жуулчны газар, аялал жуулчлалын бусад бүсэд хятад хэлний үйлчилгээ гарсан нь анзаарагдана. Энэ нь зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу Оросын талын санаачилгаар авсан арга хэмжээ юм.

Оросын Аялал жуулчлалын товчооны дэд дарга Алексей Конюшков: "Ирэх хэдэн жил Оросыг зорих Хятадын жуулчид давхардсан тоогоор 5 сая хүрч болзошгүй. Тиймээс Орос асар олон жуулчдыг хүлээн авах урьдчилсан төсөл боловсруулж, сорилтыг даван туулах хэрэгтэй" гэжээ.

Хятадаас Орост суугаа элчин сайдын яамны түр орлон гүйцэтгэгч Жан Сяо форумд тавьсан илтгэлдээ: "Энэ онд "10-р сарын хувьсгалын 100 жилийн ой" тохионо. Ирэх онд Орост хөл бөмбөгийн ДАШТ зохиогдоно. Хятад, Орос урьдчилан аялал жуулчлалын төсөл боловсруулж, жуулчдын хэрэгцээ шаардлагыг хангах ёстой" гэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе