|
|
||
3-р сарын 13-нд болсон Их Британий парламентын санал оруулалтад Төлөөлөгчдийн танхимын дийлэнх гишүүд Лордуудын танхимын дэвшүүлсэн Европын холбооноос гарах тухай төсөлд засвар оруулахаас татгалзсан санал өгчээ. Засвар оруулах төсөлд Их Британи дахь Европын холбооны иргэдийн эрхийг баталгаажуулж, ямар нөхцөлд Европын холбооноос гарахыг шийдэх эрхийг парламентэд олгох тухай засгийн газарт шаардсан байна. Үүний дараа болсон Лордуудын танхимын санал хураалтын дүнд засвар хийх төслийг цуцалсан юм. Энэ бол Их Британи Европын холбооноос гарах тухай төсөл парламентын зөвшөөрлийг авсан, албан ёсоор хүчин төгөлдөр болсон гэсэн үг юм.
Их Британи Европын холбооноос гарах ажлыг хариуцсан сайд Давид Давис мөн өдрийн Парламентын хурлын үеэр хэлсэн үгэндээ: "Лордуудын засвар оруулах саналыг няцаасан нь агуулгыг нь үгүйсгэсэн явдал биш. Харин засгийн газар Европын холбоотой хэлэлцээ хийх үед "Хязгаарлагдахгүй" байлгахын төлөө юм" гэжээ.
"Засгийн газар Европын холбоотой хэлэлцээ хийх гэж байгаа үеэр, би Европын холбооны орнуудад суугаа Их Британийн иргэдийн ашиг сонирхлыг хохироох ямарваа шийдвэр гаргах ёсгүй. Хэлэлцээний ширээнд хүлэгдэх бүр ч ёсгүй. Европын холбооноос гарах төсөлд засвар оруулах хүсэл зорилгыг би ойлгохгүй байгаа юм биш. Бидний арга хэлбэр адилгүй ч зорилго маань адил юм."
Журмын дагуу Европын холбооноос гарах төслийг хатан хаанд дэвшүүлж зөвшөөрлийг нь авна. Гэтэл 13-ны өдөр Шотландын тэргүүн сайд, хатагтай Никола Стургеон Эдинбургт итгэл тавьж, Их Британи "Лиссабоны гэрээ"-ний 50-р зүйлийн дагуу Европын холбооноос гарах үйл явцыг албан ёсоор эхлүүлэхийн өмнө би Шотландын ашиг сонирхлын төлөө Шотландын орон нутгийн парламентыг удирдан, тусгаар тогтнох эсэх тухай хоёр дахь удаа санал асуулга явуулах эрхийг засгийн газраас олгохыг хөөцөлдөнө гэжээ:
"Их Британий засгийн газартай зөвшилцөн, хуулийн эрх авах тухай саналаа би ирэх долоо хоногт Шотландын парламентэд албан ёсоор дэвшүүлнэ. Үүний дараа Шотландын парламент тусгаар тогтнох эсэх тухай асуудлаар хоёр дахь удаагийн санал асуулгыг зохион байгуулах бодит төлөвлөгөө гаргана гэдгийг өнөөдөр би нотлон мэдэгдье. "
"Европын холбооноос гарах тухай асуудлаар орон нутгийн захиргааны саналыг хүндэтгэх ёстой гэж Шотландын парламент уриалсаар ирсэн юм. Ялангуяа Европын холбооны нэгдмэл зах зээлд үлдэх өргөдлийг Шотландын парламент дэвшүүлсээр ирсэн боловч хариу өгөөгүй. Их Британи Европын холбооноос гарах нь Шотланд болон Европын холбооны харилцааг шинээр тогтооно гэсэн үг. Түүхийн энэ эгзэгтэй цаг мөчид Шотландын иргэд улс орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэхийг би хүсэж байна" гэж хатагтай Никола Стургеон хэлж байлаа. Тэрээр: "Өнгөрсөн оны 6-р сард болсон Европын холбооноос гарах эсэх тухай санал асуулгаар Шотландын сонгогчдын 62 хувь нь Их Британи Европын холбоонд үлдэхийг хүссэн юм. Шотландын ард түмний хүсэл мөрөөдөл Их Британий засгийн газрын байр суурьтай адилгүй байгаа учраас бид хоёр дахь удаагаа санал асуулга явуулах санаачилга гаргаж байна. Их Британи Европын холбооноос гарах цагийн хуваарийн дагуу Шотландын захиргаа 2018 оны намар, 2019 оны хавар тусгаар тогтнох эсэх тухай асуудлаар хоёр удаагаа санал асуулга явуулах төлөвлөгөөтэй байна" гэжээ.
Их Британы ерөнхий сайд, хатагтай Тереса Мей хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа: Улс төр бол тоглоом биш. Их Британи Европын холбооноос гарах гэж буй энэ эгзэгтэй үед тусгаар тогтнох эсэх тухай асуудлаар хоёр удаа санал асуулга явуулах нь Шотландад улам гүнзгий дотоодын зөрчил үүсгэнэ гэжээ:
"Одоогийн байдлаар Шотландын ард иргэдийн дийлэнх нь тусгаар тогтнох эсэх тухай асуудлаар хоёр дахь удаагаа санал асуулга явуулахыг хүсэхгүй байгааг гэрч баримт харуулж бий. Шотландын захиргаа манай улс орны ирээдүйгээр тоглоом хийхээс илүү Шотландын ард иргэдэд үйлчилж, захиргааны ажлаа сайн хийх нь дээр гэдгийг санал болгож байна."
Энэ сарын 9-нд Олон улсын зах зээлийн судалгаа явуулдаг Ипсос-МОРИ компани Шотландын ард иргэдийн дунд санал асуулга явуулсны үр дүнд, хагас жилийн өмнөх байдалтай харьцуулбал ярилцлага өгсөн хүмүүсээс Шотланд тусгаар тогтнохыг дэмжигчид 2 нэгжээр нэмэгдэн, 50 хувьд хүрсэн ба тусгаар тогтнохыг эсэргүүцэгчдийн тоотой адил болсон гэж Их Британы хэвлэлийнхэн мэдээлж байна.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |