|
|
||
Израйлийн урт хугацааны бүслэлтээс болж, Газын зурваст хүмүүс болон эд материал нэвтрэхэд хүндрэлтэй болж, эдийн засаг, нийгмийн хөгжил зогсож, хүмүүсийн амьдрах орчин хүнд ноцтой болжээ. 2014 оны эцэст Израйль болон Палестин дахь Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний Хамас бүлэглэл хоорондын дайн дууссаны дараа, олон улсын хамтын нийгэмлэгээс Газын зурваст хэдэн тэрбум ам.долларын тусламж үзүүлж, Газын зурвасын сэргээн босгох ажлыг дэмжжээ. Үүний нэг жишээ нь НҮБ-ын тусламжаар байгуулсан дүрвэгсдийн бага сургууль юм.
Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвас нурсан балгасаар дүүрч, зарим барилгын хана суманд сийчигджээ. Дүрвэгсэдийн эвдэрч сүйдсэн орон сууцыг засаж, мөн шинээр байгуулж байна. Ийм хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд байгаа хэрнээ Газын зурвасын хүн ардын 97 хувь нь бичиг үсэгтэй юм байна. НҮБ-ын тусламжаар байгуулсан дүрвэгсэдийн бага сургуулийн давчуухан хашаанд хүүхдүүд тоглож, зарим нь хичээлдээ сууж байлаа. Энэ сургуульд 1000 гаруй сурагч, 30 орчим багштай гэнэ.
НҮБ-аас Зүүн Палестины ойролцоо суугаа дүрвэгсдэд туслах газрын дарга Bo Schack хэлэхдээ: "Газын зурвасыг 10 жил бүсэлж байна. Оршин тогтнох бэрхшээлтэй орчин, байнгын хүчирхийлэл мөргөлдөөн хүүхдүүдийн бие, сэтгэлийн эрүүл мэндийг хохироож байна. Тиймээс Олон улсын хамтын нийгэмлэг чадах чинээгээрээ хичээж, хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмших нөхцөлөөр хангах хэрэгтэй гэжээ.
"Боловсрол бол хамгийн чухал. Бид энд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлж байна. Тэдний боловсрол эзэмших эрх ашгийг хэн ч зөрчиж болохгүй. Боловсрол тэдэнд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тусална. Мөн тэдний бүтээлч чадварыг хөгжүүлж, боломжийн ирээдүйг бий болгоно. Тийм ээ, Газын зурвас дахь Палестины дүрвэгсдийн хүүхдүүдэд үзүүлэх хамгийн чухал тусламж бол боловсрол юм."
Mysoon бол тус сургуулийн англи хэлний багш юм. Тэрээр: "Газын зурвасын амьдралын нөхцөл бэрхшээл ихтэй, хүүхдүүдийн хичээл сурлагад маш ноцтой бэрхшээл тулгарч байна. Сургуулийн дотуур байр эвдэрч хуучирсан. Сургуулийн хашаа маш жижиг, биеийн тамирын талбайгүй. Газын зурвасын хүүхдүүдийн боловсролын асуудалд улам олон хүн анхаарал хандуулахыг хүсэж байна" гэжээ.
"Эндээс холгүй Египетийн хил бий. Эндхийн нөхцөл байдал хүндрэлтэй. Энд олон ноцтой асуудал байгааг дэлхий даяараа мэдэж байгаа. Маш олон гэр бүлийн амьдралын нөхцөл маш муу. Хүүхдүүд сургуульд явж чаддаггүй. Тэд баяр баясгалангүй байна. Учир нь тэд маш олон зүйлийг алдсан бөгөөд хөөрч баярлах наад захын шалтгаан алга."
НҮБ-аас Зүүн Палестины ойролцоо суугаа дүрвэгсдэд туслах газрын урилгаар, Хятадаас Палестинд суугаа хэрэг эрхлэх газрын дарга Чэн Шинжүн Газын зурвас дахь бага сургууль, цэцэрлэгтэй танилцаж, Палестин хүүхдүүдтэй ярилцсан байна. Чэн Шинжүн нэгэн хүүхдийн цэцэрлэгт очоод, самбар дээр араб, хятад хоёр хэлээр "Хятад улс" хэмээн бичиж, Палестин хүүхдүүдэд танилцуулжээ.
Чэн Шинжүн: "Палестин хүүхдүүд Хятадад найрсаг ханддаг. Бас Хятад хүүхдүүдийн жаргалтай амьдралыг бахдан биширдэг. НҮБ-аас Зүүн Палестины ойролцоо суугаа дүрвэгсдэд туслах албанд Хятадын засгийн газар жил бүр зохих хэмжээний мөнгө хандивлаж, Газын зурвасын сэргээн босголтын үйл хэрэгт зарцуулдаг. Хойшид Газын зурваст боловсролын дэд бүтэц байгуулж, мөнгөн шагнал бий болгон, хүмүүсийн солилцоог нэмэгдүүлэх зэргээр дүрвэгсдэд туслах болно. Мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, төлөвлөгөө боловсруулж, Газын зурвасын хүүхдүүд сургуульд сурахад хүндрэлтэй байгаа асуудлыг зохицуулах шаардлагатай байна" гэжээ.
"Газын зурваст жил бүр 13 мянган хүүхэд шинээр сургуульд ордог. Үндсэндээ сар бүр мянган хүүхэд суралцах багтаамжтай сургууль барих шаардлагатай. Эндхийн сургууль хоёроос гурван ээлжээр хичээллэдэг. Тэгж байж бүх хүүхэд сургуульд явах боломжтой болно. Иймээс боловсролын дэд бүтэц шаардагатай байна. Дараагийн шатанд бид арга сүвэгчилж, эдийн засаг, ардын амьжиргааны салбарт асуудлыг бодитоор шийдэж, Хятадын засгийн газар, Хятадын ард түмнээс Палестины засгийн газар, ард түмэнд өгч буй дэмжлэг, анхаарал халамжийг нэмэгдүүлж, шинэ эрин үеийн Хятадын засгийн газар болон ард түмнээс тэдэнд өгч буй халуун сэтгэлийн тусламж, анхаарал халамжийг Палестины иргэдэд мэдрүүлэх болно."
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |